Жишиг болгон тогтоох “соёл” буюу ногдол ашиг
Сар шинийн босгон дээр “1072”-ынхоо ашгийг Монгол Улсын 3.5 сая иргэн хүртсэн. Браво л гэе. Тэгвэл 1991 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр үүсгэн байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж ногдол ашиг тараадаг жишиг, хөрөнгийн зах зээлийн өгөөжийг нэмэгдүүлэхээр ажилласаар л байгаа. Харин дэлхийд энэ салбарын хөгжлийг дагаж хөрөнгө оруулалтын “эрүүл” орчин бүрдэж багааг Монгол Улсад нутагшуулах шаардлага тулгарсныг мэргэжилтнүүд онцолж буй.
Өнгөрсөн онд хөрөнгийн бирж дээр 174 компанийн хувьцаа бүртгэлтэй байгаагаас 144 компани арилжаа хийжээ. Үүнээс арилжааны идэвх сул боловч жилийн дотор 300 хувиас илүү өссөн хувьцаа бий. Тодруулбал, Өндөрхаан компанийн хувьцааг Ард санхүүгийн нэгдэл худалдаж авснаар хувьцааны үнэ нь 826.9 хувиар өсөн 24.1 мянган төгрөг хүрч байж. Гэхдээ салбарын мэргэжилтнүүд хувьцааны үнийн өсөлтөд хууртаж болохгүйг сануулсаар байгаа.
НОГДОЛ АШИГ ТАРААХ “СОЁЛ”
33 жилийн түүхэнд хувьцаат компаниуд “сөөм”-өөр хэмжигдэх өөрчлөлтийг нутагшуулж ирсэн. Ингэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд биржийн лангуу бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан, оролцогчдоо чадавхижуулахад анхаарч ирснээр чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2022 оны тайлангаас харвал хөрөнгийн бирж 2.4 сая үнэт цаасны данс эзэмшигч, 460 гаруй мянган хувьцаа эзэмшигчидтэй, 6.5 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болсныг тэмдэглэжээ. Тус тайланд 2021 онд 5.97 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсан хөрөнгийн бирж 2022 онд 6.89 их наядад хүрсэн гэжээ. Түүүнчлэн өдрийн дундаж арилжаа 2.4 тэрбум төгрөг байсан нь 2021 оныхоос буурсан үзүүлэлт аж. Харин тайлант хугацаанд бүртгэлтэй компанийн тоо 183 болсон байна.
Нөгөөтэйгүүр өнгөрөгч 2022 онд Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс ч 37.6 нэгж болсон нь өмнөх онтой харьцуулахад 6.8 нэгжээр буурсан үзүүлэлттэй байгаа нь мэргэжилтнүүдийн хувьд “муу” жил хэмээн дүгнэхэд хүргэсэн байна.
Ямартай ч сайн, муу хослон хөгжсөөр хувьцаат компаниуд ногдол ашиг тараах соёлд суралцан, нэвтрүүлж байгаа нь олзуурхууштай. Тодруулбал, өчигдрийн байдлаар Гутал хувьцаат компани өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах болсноо зарлажээ. Тус компани 2.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ тараах бөгөөд нэгж хувьцаанд 1400 төгрөг ногдож буй. Мөн эл өдрийн мэдээллээс харахад “Тандэм Инвэст ББСБ" хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас 3.3 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ нэгж хувьцаанд 2.2 төгрөгийг хуваарилах юм байна.
ХАНШИЙН ӨСӨЛТ БА БОДЛОГЫН ХҮҮ
Өнгөрсөн оныг салбарын мэргэжилтнүүд нь төсөөлөхдөө хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайжрах хүлээлттэй байсан ч хувьцааны ханш төдийлөн өсөхгүй байгаа нь анхаарал хандуулах “сэдэв” мөн гэдгийг онцолж байв. “Ти Ди Би Секьюритис”-ийн Үнэт цаасны зуучлалын хэлтсийн захирал Б. Азжаргал Тогтмол өгөөж бүхий хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн буюу бонд, ХБҮЦ хөрөнгө оруулалтын гол бүтээгдэхүүн байх төлөвтэй байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хүлээлтийг бууруулах хүчин зүйл нь мөнгөний бодлогын хүүгийн түвшин гэдгийг эх сурвалж хэлж байв. Учир нь хувьцааны ханшийн өсөлтөд голлох нөлөө үзүүлэх хэрэгсэл нь бодлогын хүү гэлцдэг. Хэдийгээр мөнгөний бодлого инфляцыг хязгаарлах “түлхүүр” боловч үнэт цаасны үнийн өсөлтийг сааруулах шалтгаан болдог аж. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын эрүүл орчин энэ салбарт байдгийг хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Монгол Улсын хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа. Гэхдээ зах зээлийнх нь зарчмаар хөгжүүлэхэд хүмүүсийн хандлага, оролцоо чухал. Үүний тулд энэ салбарын талаарх мэдлэг, мэдээллийг мэргэжлийн багууллагаас цаг алдахгүй авах шаардлагатай. Бас ч гэж ногдол ашиг авах тухай ойлголт “нутагшиж” байна. Эргэлтэд ордоггүй хувьцаанаас ашиг хүртэж болдог атлаа эргэлдсээр байгаа хувьцаа ашиг тараах нь зүйн хэрэг биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл