Хуульч П.Эрхэмбаяр: Хуулийг иргэдэд ойлгомжтой сурталчлан таниулдаггүйгээс шоронжсон систем рүү явж байна

Aдмин / Хууль

Хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Нийгэмд их сонин кейсүүд яригддаг боллоо. Айлын нохой өшиглөөд 14 хоног баривчлуулчихлаа гэх иргэн байна. Энгийн зүйлийг мэдэхгүйгээс үйлдээд эрх зүйн байдал нь дорддог. Торгуулдаг, эрхээ хасуулдаг, баривчлуулдаг явдал маш олон байдаг юм байна. Нэг талдаа нийгэм шоронжоод байна уу даа гэж хардаж болохоор. Иргэний эрхэнд халдах эрсдэлтэй хуулийг сурталчлан таниулах ажил дутмаг гэж харж болох уу?

-1992 оны Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүний жам ёсны эрх болон бусад эрхийг тусгасан. Нэгбүрчлэн хэлье гэвэл урт дараалал үүснэ. Гол нь хүн өөрийнхөө эрхийг эдлэхдээ бусдын эрхийг зөрчихгүй байхаар л хязгаарлагдана гэсэн үг. Манайхан заримдаа “Би гэр дотроо шөнийн 03:00 цагт хөгжим чангаар тавиад орилох нь миний эрх” гээд, нөгөө хананы цаана байгаа хүний эрхийг зөрчиж байгаагаа ойлгодоггүй. Иргэд тодорхой нийгмийн харилцаанд орж байгаа бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг мэдэх, түүнийг биелүүлэх журамт үүрэгтэй.

Таны хэлснээр нөгөө талд хуулийг сурталчлан таниулах гэдэг зүйлийг хэн хийх вэ гэдэг нэг асуудал бий. Хууль тогтоомжийн тухай хуулийн 46 дугаар зүйлд хуулийг олон нийтэд сурталчлахтай холбоотой заалт бий. Хуулийг УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван субьект баталдаг. УИХ-ын санаачилсан хууль батлагдвал дээрх зүйлд зааснаар УИХ-ын хуулийг тухайн Байнгын хороо, УИХ-ын Тамгын газартай нийлж сурталчлан таниулдаг. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал Ерөнхийлөгчийн Тамгын газар таниулдаг. Засгийн газартай холбоотой бол төрийн захиргааны байгууллага, бүх ИТХ, Засаг дарга хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг.

Эндээс харахаар манайд хуулийг таниулах нэгдсэн систем гэж байдаггүй. Түүнийг хариуцсан байгууллага алга. УИХ-ын баталсан хуулийг Хууль зүй дотоод хэргийн яам мэдэхгүй. “УИХ-ын гишүүн санаачилсан юм байна, бид тайлбарлаж мэдэхгүй байна” гээд суух юм уу. Нөгөө талаар хууль таниулна гэдэг гадагшаа чиглэсэн төсөв баталж таарна. УИХ дээр нэг төсөв, ЕТГ дээр өөр нэг төсөв, Засгийн газар дээр өөр төсөв байна. Төсвөө дагаад сурталчлах ажлууд өөр өөр болж таарах нь. Мөн ялгаагүй түүнд очих, хүрэлцэх нөхцөл байдал өөр өөр байдлаар бууна. Яахав, Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу хуулийг иргэдэд сурталчлан таниулах чиглэлээр төсөвлөөд хийдэг юм шиг байна.

-Хууль тогтоомжийн тухай хуулийг та хөндлөө. Хуулийн төсөлд санал авна гээд сайт дээр байршуулаад орхичихдог. Эрх ашиг нь хөндөгдсөн, эсвэл мэргэжлийн хүмүүс биш л бол энгийн иргэн түүнийг орж хараад ойлгох боломжгүй. Уг нь нэг төрлийн хуулийн таниулга биз дээ?

-Хуулийн төслийг олон нийтийн сүлжээнд байршуулчихдаг. Түүнийг орж харна уу, орж хараагүйгээс болж эрх зүйн үр дагаварт унаж хариуцлага хүлээнэ үү, хамаагүй. Ингэж л хөнгөн хуумгай байдлаар ханддаг. Жишээ нь, БНСУ-д хуулийг комик байдлаар, маш ойлгомжтой байдлаар иргэддээ сурталчилдаг. Нэг байгууллага дангаараа хариуцаж, энэ ажлыг таниулдаг.

Манай улсад одоогийн байдлаар 880 хууль мөрдөгдөж байна. Үүний 330 орчим нь иргэдийн нийгмийн харилцааг зохицуулж байдаг. Уг нь хуулийн талаар ойлголт, тайлбарлан таниулах ажил, тодорхой тогтолцоо, системтэй, нэг байгууллага хийдэг, тэр нь тодорхой төсөвтэй болоод ирэхэд зөрчлийн байцаагч нар, цагдаагийн албан хаагчид, хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг субьектүүдээс илүү иргэд өөрсдөө хэрэгжүүлээд эхлэх юм. Гудамжинд шүлсээ хаяж болохгүй, шөнийн 03:00 цагт чанга дуу чимээ гаргахад торгуулна гэдгийг иргэд мэддэг болно. Эргээд хууль сахиулах байгууллагад ч дэмтэй. Хоёрт, хуулийг таниулж чадахгүй байгаа хэрнээ нэг айлын үнэтэй нохой өшиглөсөн иргэнээ Зөрчлийн хуулиар шоронд явуулчихдаг. Эсвэл эхнэр, нөхөр рүүгээ сүрдүүлсэн мессэж бичээд 30 хоногийн баривчилгаанд явчихдаг. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж албан хаагчид мөнгө өгөөд авлигын асуудлаар баривчлуулдаг. Ийм шоронжсон систем рүү орж байна шүү дээ.

Хууль гэдэг зүйл шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай батлагдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүний сайхан, муухай ааштай боссон хөлөн дээр сэтгэл хөдлөлөөр бичдэг үг өгүүлбэр биш. Сүүлийн үед нийгэмд гараад байгаа цочроосон гэмт хэргүүдийг ажиглахад манайх хорино, хамгийн өндөр ялыг өгнө гээд байх тусам тэр хүн эхний нэг хоёр жилдээ шоронд залхана, хүмүүжинэ, ойлгоно, ухаарна. Харин гурваас дээш жил болоод ирэхээр суралцаад эхэлдэг. Намайг хүн хүлээж авахгүй, би гараад амьдарч чадахгүй, тиймээс дахиж гэмт хэрэг хийхдээ суралцаад байдаг.

-Нийгэм шоронжиж байгаа нь маш ноцтой үзэгдэл. Хууль шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдахгүй байгаатай холбоотой байж болох уу?

-Хэдхэн жилийн өмнө малчдын чуулганыг Төрийн ордонд хийсэн. Маш олон малчид ирж оролцсон. Тэнд сэтгэл хөдлөлөөрөө босоод “Малын хулгайчийг заавал хорь” гэцгээсэн. Тэгээд нэг ишиг хулгайлсан ч малын хулгай учраас хоёр жилийн ял авахаар хуульчилчихсан.

Хууль эрх зүй, салбарын асуудал шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаатай явахгүй бол нэг ишиг хулгайлаад хоёр жил суугаад гараад ирэхэд нийгэм хүлээж авахгүй. “Манай Должин гуайн хүүхэд хоёр жил суучихсан гэнэ лээ. Шорон санаатай болсон гэнэ” гэдэг. Үүнийг дагаад хүний нэр төр алдар хүнд дагаж унаж байдаг. Зөрчлийн тухай хууль бий. 2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 3780 байна. Ганцхан сарын дотор гарсан гэмт хэрэг гээд бод доо.

Нэгэнт төрийн байгууллагаас сурталчан таниулах ажлыг хийж чадахгүй, тэр нь иргэдэд хүрэхгүй байгаа бол иргэд миний гаргаж байгаа үйлдэл хэн нэгний эрхийг зөрчиж байна уу гэдгээр хязгаарлаад нийгмийн харилцаанд ороход тодорхой эрсдэлүүдээс өөрийгөөс болон гэр бүлээ хамгаалах боломжтой.

-Нийгмийн асуудал ихтэй, түгжрээ, агаарын бохирдолтой, стресс бухимдал өндөр түвшинд байгаа энэ үед ийм ёс суртахуунлаг үйлдэл гаргах боломжтой юу. Та жишээ нь иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж байхад анхааруулах ямар асуудлууд гардаг вэ?

-Наад захын жишээ гэхэд иргэд зээл авах, орон сууц захиалгын гэрээ зэрэг иргэний эрх зүйтэй холбоотой гэрээг уншаад танилцаж гарын үсэг зурдаггүй. Энэ ч гэсэн иргэдийг эрх зүйн мэдлэг боловсрол, түүнийг сайжруулахтай холбоотой асуудал юм шүү дээ. Өөрийнх нь эрх ашгийг зөрчигдөхөөс сэргийлж байгаа зүйл.

-Эрүүгийн хэрэг дээр гэхэд гомдол гаргах эрхтэй, өмгөөлөгч авах эрхтэй байдаг. Гэтэл энэ эрхээ мэддэггүй иргэд ч олон байдаг шүү дээ. Үүнийг ашиглаад л иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, улам шоронжуулж байдаг юм биш үү?

-Манай салбарт агуулга болон процесс яг тэнцүү явах шаардлагатай. Нэг талдаа иргэдийг буруутгаад байж болохгүй. Агуулга гээд хуулийг чангатгаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн иргэний нэр төр, алдар хүндэд нь халдсан үйлдэл өөр хэн нэгэн гаргачихлаа. Түүнийг скрийншот хийгээд хэвлээд цаасан дээр өргөдөл гомдол бичээд энэ их түгжээн дунд цагдаагийн байгууллагад хүргэнэ. Нөгөөх нь шалгаж байна гээд нэг сар болоод буцааж өөрийг нь дуудаж мэдүүлэг аваад нөгөөхийг нь хайж байна гээд хоёр сар орчим болоход хүн залхана. Гэтэл энэ процессыг ЦЕГ-аас өөрийнх нь фэйсбүүктэй холбоод тэр даруй нь гурван минутын дотор хариуг нь өгөөд, хариуцагчаар уучлалт гуйлгаж болно. Ийм байдлаар цагдаа дээр байгаа ачааллыг багасгахтай холбоотой процессын ажлуудыг хийхгүй бол иргэд маш их чирэгдэж байдаг. Тиймээс хаячихдаг. Хаяж байна гэдэг уг нь тэр харилцаанд орсон хүн хариуцлага хүлээх ёстой байтал тэр хүнийг хохироосон хүн дараагийн хүний нэр төр алдар хүнд рүү халдаж байдаг.

Сүүлийн үед эхнэр нөхрийнхөө утсыг шалгадаг, хэнтэй чаталсан мессэжийг нь дэлгэдэг, эсвэл хэн нэгний зөвшөөрөлгүйгээр зураг хөргийг олон нийтийн сүлжээнд тавьдаг зөрчлүүд олон болсон. Эдгээр бүгд эрүүгийн хариуцлагатай. Ял авсан ч хүмүүс байна. Энэ талаар хууль тогтоогч нар, цагдаагийн байгууллага, хууль санаачлагч нарын хууль сурталчлан таниулах субьектүүд үүнтэй холбоотой ажлаа хийгээгүй байх жишээтэй.

Нэг ийм жишээнээс эхлээд цаашаа өчнөөн олон хэрэг, татвараа нуун дарагдуулах, урлагийнхан, бөхчүүдийн бай шагналтай холбоотой асуудлууд дараа нь өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл болчихсон явсаар байдаг. Нохой өшиглөсөн иргэн өмгөөлөгч авч ороогүйгээс болоод 14 хоног баривчилгаанд орчихдог. Эсвэл нөхөртэйгөө муудаад, хүндрүүлсэн утгатай мессэж бичсэнээс болж 30 хоногийн баривчилгаанд яваад гэр бүл салж байна.

-Иргэний нийгмийн харилцааг зохицуулсан 330 хууль байдаг гэлээ. Хуулийг сурталчлахын тулд юу хийх ёстой вэ?

-Иргэдэд маш ойлгомжтойгоор сурталчлан таниулах ёстой. Сошиал хөгжчихсөн энэ үед сайтан дээр линк холбож тавьчихаад энэ хуулийг хараарай гэж хаячихаж болохгүй.

Ч.Чимид багш Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш тухайн үеийн УИХ-ын гишүүдээс эхлээд хэдэн ч парламент дамжуулж, “Хуулиа сурталчлан таниулах ажлаа хэзээ хийх гээд байгаа юм бэ” гэж олон удаа шаардаж байсан түүх байдаг. “Үндсэн хууль ийм юм, таны эрх энэ юм, төрийн захиргааны байгууллага энэ юм. Иргэд энэ нийгэмд яаж амьдрах ёстой, ямар өмч хөрөнгө эзэмшиж болох вэ, яаж үзэл бодлоо илэрхийлэх вэ” гээд суурь танилцуулга мэдээллийг эртнээс авсан бол хүссэн хүсээгүй Үндсэн хууль руу гар дүрэхэд хөндлөнгөөс хяналтаа тавьж чадах байлаа. Цаашлаад түүнийг дагалдан гарч байгаа хуулиуд батлагдлаа гэхэд “Энэ чинь Үндсэн хууль зөрчсөн хууль байна” гэж хуульчаар дамжуулж Цэц рүү гомдол гаргах зэргээр өргөн хяналтууд байх ёстой.

Угтаа Хууль зүй, дотоод хэргийн яам үүнийгээ багцалдаг, тодорхой төсөвтэй, олон нийт юун дээр төвлөрөөд юунд илүү анхаарч байна вэ гэдгийг хардаг, мэдэрдэг. Судалгаа шинжилгээ гаргаад тийшээ ямар байдлаар хуулиа сурталчлах вэ гээд ойлгомжтой ажиллах ёстой. Одоо бол хуульчид, өмгөөлөгчид л сайн дураараа хууль сурталчилж байна шүү дээ.

Б.ЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:55

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:55

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Жирийн иргэд хууль сурдаггүй. Үүнийг хуульчид л сайн мэдэх ёстой. [66.181.160.42] 2024-02-28 12:25:03

Хууль 880-д хүрчихсэн, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт байнга орж байдаг, хуульчид нь өөрсдөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа бүрэн мэддэггүй. Ийм байхад ЖИРИЙН нэг иргэн хууль судлаад сууж байх уу? ЯГШДЭЭ! Орчин үеийн нийгмүүдийг хар, жишээ нь Солонгос, Япон, АНУ, Австрали. Тэнд ЖИРИЙН иргэд нь хууль судлаад сууж байдаг уу? ЯГШДЭЭ! Үүнийг мэргэжлийн хуульчид нь л хийдэг. Харин ЖИРИЙН иргэд нь сүмд явж Бурханы ном үзэж сурдаг, энэ нь нийтэд хуулиас илүү өлзийтэй байдаг


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.