Вашингтон Зеленскийг энэ сарын 27-ноос өмнө шинэ энхийн төлөвлөгөөнд гарын үсэг зурна гэж найдаж байна
АНУ Вашингтоны санал болгосон Украины мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх төлөвлөгөөнд Владимир Зеленский арваннэгдүгээр сарын 27-ноос өмнө гарын үсэг зурна гэж хүлээж байгаа талаар "Financial Times" сонин украин албан тушаалтнуудын мэдээлээс иш татан уламжлав.
Тус сонины материалд “Америкийн албан тушаалтнууд Зеленский ирэх долоо хоногийн пүрэв гарагт болох Талархлын өдрөөс өмнө энэ гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж байна. Ингэснээр энэ сарын сүүлээр Москвагийн талд энхийн хэлэлцээрийн талаар танилцуулж, арванхоёрдугаар сарын эхэн гэхэд үйл явцыг дуусгах боломжтой” гэж өгүүлжээ.
Сонины мэдээлснээр, түүнд заасан хугацаанд гарын үсэг зурах магадлал тун бага аж. Учир нь, Зеленскийн багийн нэгэн албан тушаалтны хэлснээр Киев төлөвлөгөөний зарим заалтыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр, Украины тал АНУ-д өгөх эсрэг саналуудаа боловсруулж байгаа ажээ.
АНУ-ын Украины асуудлыг зохицуулах төлөвлөгөө
Axios портал лхагва гарагт мэдээлэхдээ, АНУ 28 заалт бүхий шинэ энх тайвны төлөвлөгөө боловсруулахын тулд ОХУ-тай “нууц зөвлөлдөөн” хийж буй. Төлөвлөгөө нь дөрвөн ангилалд хуваагдсан байна. Үүнд: энх тайван, Украины баталгаа, Европын аюулгүй байдал, мөн талуудын АНУ-тай ирээдүйн харилцаа багтаж буй.
Өмнөх өдөр нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ баримтыг баталсан гэж мэдэгджээ. Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр, төлөвлөгөөнд дараах зүйлс багтсан байна:
-
Донбассын бүх нутгийг АНУ-ын аюулгүй байдлын баталгааны оронд ОХУ-д шилжүүлэх;
-
Запорожье ба Херсоны бүсийн ихэнх фронтын шугамыг “царцаах”;
-
Крым болон Донбассыг ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөх;
-
АНУ-ын цэргийн тусламж болон Украины Зэвсэгт хүчний тоог бууруулах;
-
Украины нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүч байрлуулахыг хориглох;
-
Киев ОХУ-ын нутаг руу гүн цохилт өгөх чадвартай зэвсэгтэй байхыг хориглох;
-
Каноникийн албан ёсны статусыг баталгаажуулж, орос хэлийг төрийн хэл болгох;
-
ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцлах.
Reuters-ийн мэдээлснээр, Вашингтон энэ төлөвлөгөөг Владимир Зеленский заавал хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн дохио өгсөн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр, Владимир Путин болон Дональд Трамп нар Аляскад уулзсан цагаас хойш мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудлаар шинэ өөрчлөлт гараагүй байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


































































Сэтгэгдэл