Газрын тосны үнэ өслөө
/Reuters/. ОПЕК+ бүлгийн гишүүн орнууд газрын тосны олборлолтоо сайн дураар бууруулах шийдвэрээ хоёрдугаар улирлыг дуустал сунгахаар тохиролцсоны дараа даваа гарагт газрын тосны үнэ өслөө.
Тодруулбал, Brent маркийн газрын тосны үнэ нэг торх нь 28 цент буюу 0.3 хувиар өсөж, 83.83 ам.доллар болсон бол АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 80.17 ам.долларт хүрч, 0.3 хувиар /20 цент/ өсжээ.
Орос улсын хувьд ОПЕК+-ийн зарим гишүүн орнуудтай хамтран нефтийн олборлолт, экспортоо хоёрдугаар улиралд өдөрт 471 мянган торхоор нэмж бууруулна гэж Шадар сайд Александр Новак ням гарагт мэдэгджээ.
“Ойрхи Дорнодод хурцадмал байдал үргэлжилж байгаа нь сэтгэл түгшээж байгаа энэ үед ОПЕК+ эвслийн олборлолтоо танах шийвэр нь нийлүүлэлтийг үргэлжлүүлэн бууруулна” гэж ANZ группийн шинжээчид дүгнэжээ.
Израил-ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөний улмаас геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, Улаан тэнгист хутичууд хөлөг онгоцууд руу халдсаар байгаа нь 2024 онд нефтийн үнийг өсгөж, эдийн засгийн өсөлттэй холбоотой болгоомжлолыг улам нэмэгдүүлж байгаа юм.
Их Британийн “Rubymar” хөлөг онгоц живсний дараа Адены булангаар дамжин өнгөрч буй Британийн хөлөг онгоцуудыг үргэлжлүүлэн онилно гэдгээ Ираны дэмжлэгтэй Йемений хутичууд ням гарагт мэдэгджээ.
Мөн ням гарагт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис зургаан долоо хоног гал зогсоох тохиролцоонд нэн даруй хүрэхийг Палестины ХАМАС бүлэглэлээс шаардаж, Газын зурваст үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахыг Израилд уриалсан байна.
Вашингтоны зүгээс гал зогсоох хэлэлцээр байгуулахад ойртож байна хэмээн мэдэгдэж, долоо хоногийн дараа буюу Рамадан сар эхлэхтэй зэрэгцэн түр эвлэрэл тогтоохыг эрмэлзэж байна. Бямба гарагт АНУ-ын нэгэн төлөөлөгч хэлэхдээ, Израил холбогдох гэрээний талаар тохиролцсон гэжээ.
Сэтгэгдэл