Франсуа Лемансель: Монгол гэрийн тооноор үзэгдэх шөнийн тэнгэрийг өөр хаана ч харахгүй

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсаар унадаг дугуйтай аялсан Францын иргэн Франсуа Лемансельтэй ярилцлаа.


-Унадаг дугуйтай хэзээнээс аялах болсон бэ. Яагаад аялах болов?

-Унадаг дугуйгаар аялаад дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд би Европ, Африк, Австрали, Өмнөд Ази, Хятадаар унадаг дугуйтай аялсан, одоогоор Монголд байна. Би аялах, шинэ зүйлсийг нээх дуртай. Францчууд болон надаас тэс өөр амьдралын хэв маягаар амьдардаг хүмүүсээс маш их зүйлс сурч байна, тиймээс маш сонирхолтой байлаа. Мөн аялах нь англи хэл, газар зүй, түүх гэх мэт олон зүйлс сурах шалгарсан арга шүү.

-Монголд ирээд анхны сэтгэгдэл ямар байв?

-Монгол Улсын хил дээрх Замын-Үүд боомтод анх ирэх үед тэнэг хуультай нүүр тулсан. Учир нь унадаг дугуйтай хил давах нь хууль бус байсан. Тиймээс би 50 орчим минут автобусаар зорчих зардал гаргах шаардлагатай болсон. Бас миний хамгийн анхны харсан монгол хүн согтуу байсан. Тиймээс монгол хүмүүс тийм ч эелдэг, нөхөрсөг санагдаагүй. Тэгэхээр Монголд ирсэн анхны өдөр тийм ч сайхан байгаагүй. Гэхдээ ямарваа улс орон, ард иргэдийн тухай хурдан дүгнэлт гаргалгүй аялдаг. Дараа нь, намайг таатай хүлээж авах, сайхан сэтгэлтэй олон зуун хүмүүстэй уулзсан. Үүний дараа би монголчууд ичимхий, мөн найз нөхөд болоход бага зэрэг чармайлт хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хоёр сарын дараа би монголчуудыг байгаагаар нь хүлээн авч, хайрлаж эхэлсэн. Монголчууд хэзээ ч дүр эсгэж нөхөрлөдөггүй.

-Таны бодлоор Өмнөд Монгол, Монгол Улс хоёрын ялгаа юу байсан бэ?

-Би Хятадад байхдаа ууланд авирсан юм. Дараа нь Монголыг илүү өндөрлөг газарт оршдог гэдгийг говийн нутгаас мэдэрсэн. Соёлын хувьд ялгаа нь хил даваад л шууд мэдрэгдсэн. Өмнөд Монголын хүмүүс илүү хөгжилтэй бас бүгд монголоор ярьж байсан. Өөр ялгаа нь тэнд гэр сууцнууд байхгүй, хятад загвартай том барилгууд, хашаанууд голчлон байсан. Бас, бүхнээс хачин нь би Өмнөд монголд хэд хэдэн удаа бичиг баримтаа шалгуулсан, надад ийм зүйл урьд өмнө тохиолдож байгаагүй.

-Монголоор аялах үед тохиолдсон хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

-Хамгийн хэцүү зүйл нь миний хувьд зөв замаа олох байсан. Учир нь би хурдны зам дагаж явах дургүй, аль болох туслах замуудаар, тосгод дайрсан замаар явах дуртай. Хэд хэдэн удаа би цасанд унадаг дугуйгаа түрж алхсан. Тухайн үедээ би очих ёстой газраа хүрэх эсэхдээ эргэлзэж байсан шүү. Жишээлбэл, Шинэ-Идэрээс Жаргалант хүрэх замд нийт 22 км газар хоёр өдөр унадаг дугуйгаа түрж алхсан. Мөн өөр нэг хэцүү үе нь Улиастайгаас Алтай хүрэх замаа олох маш хэцүү байсан. Учир нь газрын зураг дээр зам байсан ч цаснаас болж надад харагдаагүй. Би хэд хэдэн хүмүүсээс зам асуусан боловч хэл ойлголцохгүйгээс болж буруу замаараа явсан. Гэхдээ Цагаанчулуутад амьдардаг гэр бүлийн ачаар бүх зүйл бүтэмжтэй болсон. Тэдний ачаар дахиж буруу замаар яваагүй.

-Хөдөөний хүмүүс танд яаж хандаж байсан бэ?

-Монголчууд бол үнэхээр зочломтгой ар түмэн юм байна. Би үүнийг хөдөө нутгийн хүмүүсээс хамгийн их мэдэрсэн. Би огт тусламж гуйлгүй ихэвчлэн майхандаа хонодог боловч намайг тэд үргэлж гэрт нь хонохыг зөвшөөрч байлаа. Намайг хамгийн их гайхшируулсан зүйл бол монгол хүүхдүүдийн хүмүүжил байсан. Тэд намайг асуугаагүй байхад надтай чихэр, бялуугаа хуваалцсан. Францад бол ийм хүүхдүүддийг хэзээ ч харахгүй. Тиймээс энэхүү хүмүүжлийг би ирээдүйд өөрийн хүүхдүүдэд сургахыг хичээх болно. Энэхүү гурван сарын хугацаанд зуу зуун хүмүүс надад тусалсан. Бүгдийнх нь нэрийг дурдвал дуусахгүй байх. Над руу хараад “hello” гэж хэлсэн хүн бүхэнд баярлалаа. Хэрвээ тэд ямар нэг азаар энэхүү ярилцлагыг уншвал гүн талархал илэрхийлмээр байна. Франц улсад ирвэл намайг хүлээн авсан шиг би ч мөн сайхан хүлээн авах болно. Тэд надад монгол соёл, ахуйг таниулсан шиг би ч мөн Франц соёл, ахуйгаа дуртайяа танилцуулах болно.

-Нутгийн иргэд өөр яаж тусалсан бэ?

-Нутгийн иргэд надад үргэлж, олон талаар тусалж дэмжсэн. Жишээлбэл, тэд намайг гэртээ нэг хоног, заримдаа бүр хэд хэд ч хонуулсан. Надад замдаа хэрэглэх хүнс хүртэл бэлдэж өгсөн хүмүүс бий. Тэд надад ямар нэг аргаар байнга тусалж байсан. Миний бүх л амьдрал тэдэнд баярласан талархсаныхаа хариуг барихад хүрэлцэхгүй.

-Ямар төрлийн унадаг дугуй унаж байна?

-Би одоо хэрэглэж байгаа унадаг дугуйгаа дөрвөн жил хэрэглэсэн байна. Уг дугуй Монголын өвлийн хатуу, ширүүн нөхцөлд зориулагдаагүй энгийн дугуй. Гэхдээ унадаг дугуй маань хэд хэдэн онцлох тоноглолтой. Унадаг дугуйны маань дугуйнууд өвлийн улиралд зориулагдсан тусгай хэвтэй. Хүйтнээс хамгаалах тусгай бариул хийж өгсөн. Мөн 2.5 литр халуун ус хадгалах тавиуртай. Өвлийн улиралд дугуйтай аялах тийм ч хэцүү байсангүй, зарим үед би бүр халууцаж байлаа. Хамгийн хэцүү нь даарч, хөрөлгүй гадаа хоноглох, хоол цай хийх байсан. Мэдээж сайн тоноглол, багаж хэрэгсэл бэлдсэн. Мөрөн суманд -42 хэмийн хүйтэнд хоноглосон, гэвч би дааралгүйгээр 12 цаг унтсан юм. Бүх зүйлсийг нарийн тайлбарлах төвөгтэй юм. Тиймээс бүх зүйлсийг бодож, төлөвлөж, алдаа гаргахгүй хийх хэрэгтэй. Байгалийг хэзээ ч басаж болохгүй!

-Их сайн гэрэл зураг дарах юм. Нууц нь юу вэ?

-Монголд аялах хугацаандаа хүйтний улмаас тийм их зураг дарж чадаагүй. Би кайноны R6 гэдэг камер хэрэглэдэг. Камертаа сэтгэл хангалуун байдаг учир нь өвлийн хүйтэнд ч ажиллалаа. Би өөрөө мэргэжлийн гэрэл зурагчнаар сурч байсан.

-Монголын тухай бусдад юу гэж хэлэх вэ?

-Хэлэх олон зүйлс байна. Гэхдээ би Монголыг онцгой, өвөрмөц соёлтой, гайхалтай газрын тогтоцтой гэдгийг онцлож хэлэх байна. Эдгээр энгийн үгс Монголыг бүрэн илэрхийлж чадахгүй юм.

-Хамгийн таатай мөч хэзээ байсан бэ?

-Хамгийн таатай мөч бол монгол гэр дотор орох байсан. Монгол гэрийн тооноор үзэгдэх шөнийн тэнгэрийг өөр хаана ч харахгүй, маш үзэсгэлэнтэй харагддаг. Яг л гадаад ертөнцөөс тасарчихсан мэт мэдрэмж төрдөг. Гаднаасаа цав цагаан хэрнээ дотоод засал нь сэтгэл хөдөлгөм, гайхалтай.

-Дугуй чинь өвөл хөлдөхгүй байсан уу?

-Унадаг дугуйтай холбоотой ямар ч асуудал гараагүй. Ганц асуудал нь миний цүнхний зарим хэсэг хуванцар байсан. Тиймээс хүйтэнд хуванцар хэсгүүд нь хагарч байсан, бусдаар бол ямар ч асуудал байгаагүй. Монголд ирэхээсээ өмнө ямар асуудалтай нүүр тулахаа мэдэж байсан болохоор айдасгүй байлаа. Би -50 хэмд хөлддөггүй дугуйны гинж, араа авсан. Бас миний мишок -40 хэмд тэсвэртэй, нүцгэн унтаж ч болно. Хэрвээ хувцастайгаа унтвал -50 хэмийн хүйтэнд асуудалгүй нам унтана. Мэдээж чийгний гудас, халуун гудас, бээлий зэрэг зүйлс хэрэглэсэн. Хамгийн ядаргаатай зүйл нь бээлийтэй гараараа юмаа барих байсан юм уу даа.

-Дараа зун ирэх үү?

-Дуртайяа дараа зун ирнэ ээ. Өвөл, зунаас үүдэх ялгааг хармаар байгаа. Монгол Францаас хол байдаг болохоор би одоо буцаж явж мөнгө олох хэрэгтэй байна. Хэрвээ аялал жуулчлалын газрууд санал тавих бол нээлттэй шүү.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:51

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:51

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.