Судлаач Ганаа: УИХ-ын чуулганыг илтгэлээс нь шинжихүй
УИХ-ын хаврын чуулган нээгдэв. Чуулганы нээлт Монголын улс төр, түүний дотор УИХ-ын хийх ажлын чиглэлийг үндсэнд нь тодорхойлох бөлгөө. Чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар уламжлал ёсоороо программын шинжтэй ланжгар үг хэлэв. Энэ үгийг манайхан уншина гэж ёстой гонжгор. Харин үйлтэйгээрээ би л ганцаараа шахам унших бөлгөө. Энэ удаад Г.Заншатар даргын үгэнд орсон гол гол дүгнэлтийг шинжилж үзье. Даргын хэлснийг тод хараар, дор нь өөрийн тайлбарыг хавсаргав…
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн, эхлүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж дуусгах нь энэ чуулганы зорилт байх болно.
Тайлбар: Өнгөрсөн 4 жилд хэрэгжүүлсэн, эхлүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэл байхгүй. Яахав ганц нэг ажил бий, гэвч энэ нь яав ч “цогц шинэчлэл” гэсэн ангилалд орохгүй. Түүнээс гадна УИХ-ын сонгууль болоход ердөө 3 сар үлдээд байхад шинэчлэлээ гүнзгийрүүлж дуусгах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл шинэчлэл эхлээгүй болохоор дуусах, дуусгах тухай яриа байж болохгүй.
Энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, Парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.
Тайлбар: Энэ удаагийн парламент шиг “новшийн” УИХ парламентат ёсны 30 гаруй жилийн түүхэнд байгаагүй. Үүний нотолгоо нь гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон, шүүхээр шийтгүүлсэн УИХ-ын гишүүдийн тоо болно. Эрхэм даргаас “Манай парламент одоо яг хэдэн гишүүнтэй вэ ?” гэж асуувал хариулж чадахгүй нь мэдээж. УИХ-ын дарга байтугай, судлаач би УИХ-ны гишүүдийн яс тоог мэдэхгүй шахам байна. Ийм хөгийн парламент “ачааны хүндийг үүрч”, “гажуудлыг засч”, “нийгмийн суурь шинэчлэлтийн (?!) бат бэх суурийг (?!) тавьж” заяа нь чадахгүй.
“Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог юм.
Тайлбар: Бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ эсвэл гэмт хэрэгт шийтгүүлсэн, эсвэл гэмт хэрэгт холбогдсон новшийн парламентыг “шинэчлэлийн” гэж нэрлэх нь оюун санааны гэмт хэрэг. Г.Занданшатараас өөр хүн “цэгцрэх хөдөлгөөн” гэж ярьж байхыг би л лав мэдэхгүй. Хэрэв би “мэдэхгүй байгаа” бол “цэгцрэх хөдөлгөөн” эхлээгүй, бас байхгүй гэсэн хэрэг. Дув дуугай, амаа тас хамхисан парламентыг “нэгдмэл эрмэлзэлтэй” гэж ойлгож болохгүй.
Гэхдээ бодож төсөөлснөөс асуудал өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөрт хүргэлээ.
Тайлбар: Энэ бол үнэн. Эрх баригчдын “бодож төлөвлөснөөс өөрөөр эргэсэн” олон асуудал асуудал буй. Жи: ЖДҮ, БЗС, Хөгжлийн банк, ногоон автобус, нүүрсний хулгай г.м. Энэ бүхэн үндсэндээ төр, засгийн гэмт хэрэг бөгөөд дотоод зөрчлийн улмаас “бодож төлөвлөснөөс” чинь “өөрөөр эргэсэн”.
Тогтолцооны шинэчлэл хийхэд чиглэсэн эрмэлзэл сүүлийн 4-5 жилд эрчилсэн давалгаа болж өрнөж байна.
Тайлбар: Манай эрх баригчид “тогтолцооны шинэчлэл” гэж орилсноос өөр юу ч хийгээгүй. Үнэнийг хэлэхэд эрх баригчдын дунд тогтолцоо хийгээд түүний онол- практикийг мэддэг хүн ганц ч байхгүй. Юу ч хийгээгүй байж,”эрчилсэн давалгаа” гэж нэрлэх нь сэрүүн зүүдэлсэн хэрэг. Миний мэдэхээр ард түмний дунд нэг л эрчилсэн давалгаа байгаа. Тэр нь одоогийн хулгайч, дээрэмчин, авилгач төр засаг, намуудыг үзэн ядах үзэл юм.
Цэгцрэхийн төлөөх ард олны энэ эрчилсэн хөдөлгөөнийг Улсын Их Хурал мэдэрч, шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан гэж үзэж байна.
Тайлбар: Цэгцрэхийн төлөө ард олны хөдөлгөөн огт байхгүй, харин авилгач нам төрийг халж солих хөдөлгөөн байгаа. Энэ УИХ “шинэчлэлийг түүчээлэгч”, “шүгэл үлээгч” яагаад ч биш. Үүнийг нэмж нотлох ямар ч шаардлага байхгүй.
Өнгөрсөн 30 жилд манайд цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход төдийлэн анхаарсангүй…”Хагархай цонх”-оор жавар салхи, тоос буртаг орж ирсээр, улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүргэжээ.
Тайлбар: Тун ч бүдүүлэг зүйрлэл. “Улс төрийн систем” гэсэн байшин бүхлээрээ нурж байхад “цонх хагарсан” болгож байгаа нь эрх баригчид улс төр-нийгмийн бодит байдлыг огт мэдэхгүй байгааг харуулна. “Системийн шинэчлэл” эхэлсэн гэж дөнгөж сая ярьчихаад “цонх шиллэхдээ” хүрч байгаа бол эрх баригчид юу ч ойлгоогүй байгаагын баталгаа.
Гишүүдийнхээ тоог олшруулсан нь парламентат ёсоо улам бэхжүүлэх, ард түмний хүсэл эрмэлзэл, засаглах эрх, нийгмийн бүлэг, кластерийн төлөөлөл парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, “мөнгөний сонгууль”-иас татгалзахад чиглэсэн юм.
Тайлбар: Парламентын гишүүдийн тоо олон болгоё гэсэн иргэн бараг буюу ганц ч байхгүй. Төрд орж идэж уух хүсэлтнүүд олон болсноос үүдэн УИХ-ын гишүүдийн тоог олон болгосон. Өөр ямар ч шалтгаан байхгүй. МАН “мөнгөний сонгуулиас” татгалзвал нар баруунаас гарна.
Үүний үр дүнд хяналт босоогоос хэвтээ тэнхлэгт шилжиж, ард олон, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмтэй хамтарсан хүчтэй, шударга хяналтын тогтолцоо бүрдэж байна.
Тайлбар: Тэмцэгч, шүгэл үлээгч, сэтгүүлчдээ айлган сүрдүүлж, баривчилж, шоронд хийж байгааг чинь мэдэхээс биш, “иргэний нийгэмтэй хамтарч” байгааг чинь мэдэхгүй л юм байна. Ийм нөхцөлд “шударга хяналтын тогтолцоо” байх ямар ч үндэслэл байхгүй.
Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож, ард түмний мэдэх эрхийг хангасан.
Тайлбар: “Нүүрсний сонсголын” ажлын хэсэг гэмт хэргийн асар их баримтаас “үзэмжийн сонголт” хийж, тун цөөхнийг үзүүлж “нүүр тахалсан”. Нөгөө талаар сонсгол хийж олон түмний уур хилэнгийн “хийг” гаргаж, түр аргацаасан. Энэ жүжиг нь амжилттай болсон тул ахиад хэд хэдэн сонсгол хийхээр болов. Ард түмнээс чанд нууцалж байгаад хулгай, дээрэм нь баригдмагц арга буюу “сонсгол” хийснээ “ард түмний мэдэх эрхийг” хангасан гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Ард түмний “мэдэх эрх” хаалттай хэвээр байгаа.
Монгол хүн монгол газартаа, Монголынхоо баялагт эзэн нь байх ёстой гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг энэ парламент тууштай мөрдсөн.
Тайлбар: Газраа 100 жилээр зарах хуулийг хэн санаачилсан юм ?! Хэрэв ард түмэн эсэргүүцээгүй бол УИХ энэ новшийн хуулиа батлах л байсан. Ард түмний гавъяаг УИХ өөр дээрээ авахаа ичих хэрэгтэй…
Энэ удаагийн цас, зуд Монголын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий саланги бутархай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгааг батлан харууллаа.
Тайлбар: Манай төрийн “мэргэн удирдлагаар” манай мал аж ахуй “амиа аргацаах төдий, саланги бутархай” болсныг хүлээн зөвшөөрсөн нь сайн хэрэг. Манай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал гэчихжээ. Юм болгонд “тогтолцооны шинэчлэл” гэж тэнэгтэхээ боль.
Манайд тогтолцооны шинэчлэл хэрэгтэй цорын ганц зүйл бол улс төрийн тогтолцоогоо эрс өөрчлөх явдал мөн.
Улс төрийн дүгнэлтийн тухай
Улс төрийн аливаа нам нийгэм-улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд улс төрийн үнэлгээ дүгнэлт хийдэг жамтай. Улс төрийн дүгнэлт хийхэд хэд хэдэн хувилбар үүсдэг: Нэг. Огт дүгнэлт хийхгүй байх. Хоёр. Худал, буруу, дутуу дулимаг дүгнэлт хийх, Гурав. Хагас нь зөв, хагас нь буруу дүгнэлт хийх, Дөрөв. Шинжлэх ухаанд үндэслэсэн зөв, үнэн, бодит дүгнэлт хийх. Сүүлийн жилүүдэд манай эрх баригчид дүгнэлтийн эхний 3 хэлбэрийг чадамгай хэрэглэж, харин зөв, үнэн, бодит дүгнэлтээс цаг ямагт зугтаж ирсэн. Үүний тод жишээ нь Г.Заншатарын чуулганы нээлт дээр хэлсэн үг юм. Гадаадын нэг эрдэмтэн надаас Монголын улс төрийн чиг баримжааг сонирхоод болдоггүй. Би жаахан түвэгшөөгөөд: “Намын Их, Бага Хурлууд, бас УИХ-ын индэр дээрээс хэлсэн үгүүдийг судлаад үзэхгүй юу даа” гэж хариулав. Гэтэл мань эр: “Бид эхлээд танай дарга нарын хэлсэн үгийг сайтар судалдаг байсан. Сүүлдээ танай дарга нарын үг ямар ч баримжаагүй болсон. Иймд танай дарга нарын үгийг баримжаалж дүгнэлт хийвэл би ажлаасаа халагдана” гэж билээ.
Эндээс Монголын дарга нарын үгийг гадаадад ч, дотоодод ч “нохой тоож шиншихгүй” болсон гэх дүгнэлтийг бүрэн итгэлтэйгээр хийж болно… Манай дарга нар гаргасан зарчмын олон алдаанаасаа ямар ч сургамж авсангүй гэж дүгнэж болно…
Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Yalguun [66.181.190.175] 2024-05-12 19:47:57
99997605 S avna
Зочин [202.21.109.27] 2024-04-23 11:02:43
ШАЛ ХУДЛАА МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАЯЛАГТ ХЭН ЭЗЭН СУУЖ БАЙГААГ ХАРААД ҮНЭНЭЭР НЬ БИЧИЖ ЧАДАХГҮЙ ИЙМ ХҮНИЙГ СУДЛААЧ ГЭВЭЛ ЁСТОЙ СОЛИОРОЛ
Зочин [194.250.88.50] 2024-04-14 20:22:18
muu byaldag GANAAA chi hyz,nohoin geleg ee......
зочин [202.70.37.20] 2024-04-05 11:57:39
зөв: үнэн дүгнэлт байна
нараа [59.153.112.159] 2024-03-29 12:13:10
ёстой новшийн хулгайч дээрэмчмд худалчдаар дүүрсэн уих бушуу тараад шангаа аваад жангаа гударцгаа
Зочин [66.181.160.82] 2024-03-24 18:36:54
Ёстой үнэн. Поп үг хэлж хайран цаг цаас мөнгө үрж сууна.
Зочин [103.212.162.113] 2024-03-23 06:18:24
УИХ дарга маань нөгөө дээд шүүхийн шүүгчдыг дайлж цайлсан хэрэг юу боллоо.
Зочин [66.181.161.183] 2024-03-22 20:56:37
Ганаа гуай заримдаа голоор нь авдаг.
Зочин [202.21.107.99] 2024-03-22 18:37:26
Гарцаагүй зөв дүгнэж.. шэйрлээд бгаарай иргэдээ
Баяралалаа [112.72.8.38] 2024-03-22 12:59:58
Бузар Хулгайч бүлэглэл Ард Түмнийг Тэнэг гэсээр л байна....Үнэндээ хараал идсэн он жилүүд байлаа МАН Төрд гарч ирснээр...
иргэн [202.21.114.46] 2024-03-26 16:30:57
Үнэн шүү. Тантай санал нэг байна. Гэвч тэр он жилүүд нь үргэлжилэхээр болчихлоо доо.
зочин [66.181.182.53] 2024-03-22 10:24:50
Занданшатар төдийгүй бүх намууд дүгнэлт хийхээр сөрж анхаарууштай санал хэлж дээ