Хятад, Америкийн хамтын ажиллагааны асуудлаар чухал тохиролцоонд хүрсэн гэв

Д.Тулга / Улстөр

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /Xinhua/. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллений Хятадад хийсэн айлчлалын үеэр ул суурьтай зөвлөлдөн хэлэлцсэний эцэст Хятад, Америкийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны асуудлаар талууд чухал тохиролцоонд хүрчээ.

Энэ тухай БНХАУ-ын Сангийн дэд сайд Ляо Мин даваа гарагт мэдэгдэв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс эдийн засаг, санхүүгийн бодлогын салбар дахь хэлхээ холбоо, зохицуулалтыг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих нь хоёр орны төдийгүй дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөн цар тахлын дараа эдийн засгийг сэргээн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.

"Хятад улс энэ талаар үргэлж нээлттэй, эерэг байр суурийг баримталсаар ирсэн" гэдгийг Ляо Мин тэмдэглэн хэллээ. Талууд хоёр орны болон дэлхийн эдийн засгийг тэнцвэртэй хөгжүүлэх асуудлаар санал бодлоо ул суурьтай солилцохоор тохиролцож, эдийн засгийн солилцоо, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн хөгжиж буй орнуудын өрийн асуудал, олон улсын санхүүгийн байгууллагуудын стратегийн шинэчлэл зэрэг асуудлаар "Хорийн бүлэг" болон бусад олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэлхээ холбоогоо үргэлжлүүлж, дэлхий дахины өмнө учирсан сорилтыг хамтдаа даван туулахын тулд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцжээ. Санхүүгийн салбарын тухайд, санхүүгийн тогтвортой байдал, тогтвортой санхүүжилт, мөнгө угаах ба терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зэрэг асуудлаар тогтмол мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг тасралтгүй явуулахаар тохиролцсон байна. Дараагийн шатанд Америкийн талтай хамтран эдийн засаг, санхүүгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэн тохиролцсон дээрх асуудлуудыг бодит ажил болгоход Хятадын тал бэлэн байна гэж Ляо Мин мэдэгдлээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.