Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал
Сүүлийн үед олон улсын байдал хурцадмал төлөвт шилжиж цөмийн сөргөлдөөнд хүргэх магадлал ихсэж байгаа тухай, тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх тухай, цөмийн зэвсгийг сансарт байршуулах тухай гэх мэт янз бүрийн үзэл бодол мэдээлэл олон нийтэд тархаж байна. Хүн төрлөхтөн цөмийн дайны эсрэг дархлаатай болох бартаат зам, үйл явц үргэлжилсээр л…
1. Цөмийн дайны аюул заналхийлэл
Дэлхий дахиныг цөмийн дайны аюул заналхийллээс сэргийлэн зайлуулах зорилгоор ямар үйл ажиллагаа хүчин чармайлт голлон хэрэгжиж ирсэн талаар маш энгийн ба товч байдлаар танилцуулъя.
•Олон улсын хууль эрх зүйн бүрэн чадамжтай “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ” (ЦЗҮДГ) 1970 оноос хэрэгжиж ирсэн хугацаагүй гэрээ, өнөөдрийн байдлаар дэлхийн 191 улс нэгдэн орсон, цөмийн зэвсгийн тархалтаас урьдчилан сэргийлэх, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн зэвсгээс ангижрах хураах цаашдын зорилгод хүрэхэд чиглэсэн дэлхийн хүчин чармайлтын гол хэсэг бөгөөд гэрээнд оролцогсод цөмийн зэвсэгтэй болохгүй байх үүрэг хүлээдэг бол цөмийн зэвсэгтэй гэсэн албан ёсны статустай 5 улс цөмийн зэвсгээ улс төрийн замаар хорогдуулах үүрэг хүлэээдэг, гэрээний биелэлтийг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) шалган хянах, дүгнэх үүрэг мандатын дагуу хүлээдэг.
Гэрээний биелэлтийн ноцтой зөрчлийг албадан арилгахын тулд олон улсын хорио шаардлага тавихаас эхлэн шаардлагатай бол цэргийн хүч хэрэглэх хүртэл арга хэмжээ НҮБ -ын шийдвэрээр хэрэгждэг. ЦЗҮДГ бол дэлхийг цөмийн зэвсгийн эмх замбараагүй байдалд орох явдлыг бодитойгоор хазаарлан барьж байгаа гол хүчин.
ЦЗҮДГ-г нураах сонирхолтой, нурангуут нь цөмийн зэвсэг үйлдвэлэхэээр урдичилан бэлтгэлээ базаасан улсууд ч байгаа. Өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсэгтэй улсын тоо энэ гэрээнд нэгдээгүй Энэтхэг, Пакистан, Израйл улсуудаар мөн гэрээнээс гарсан гэж өөрийгөө тооцдог Хойд Солонгос улсаар нэмэгдсэн.
•“Цөмийн зэвсгийг хориглох гэрээ” (ЦЗХГ) 2021 онд хүчин төгөлдөр болсон өнөөдрийн байдлаар дэлхийн 93 улс гарын үсэг зурж 70 улс баталгаажуулсан, цөмийн зэвсгийг бүрэн хориглох зорилготой гэрээ. Хууль эрх үүргийн хүрээ нь зөвхөн гэрээнд нэгдэн орсон улсуудаар хязгаарлагдах ба уг гэрээнд цөмийн зэвсэгтэй улс гүрнүүд, цөмийн зэвсэгтэй болохыг сонирхогч улсууд, мөн түүнчлэн цөмийн зэвсэг бүтээхэд шаардагдах чадамж нь бүрдэл болсон улсууд нэгдэж ороогүй байгааг нь онцлон анхаарах хэрэгтэй.
•“Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ” одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа боловч өнөөдрийн байдлаар дэлхийн 186 улс гарын үсэг зурж 174 улс баталгаажуулсан, нэр заасан 44 улс заавал нэгдэх нөхцөлтэйгөөр энэ гэрээ хүчин төгөлдөр болох ёстойгоос 36 улс баталгаажуулсан ба Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос гарын үсэг зураагүй байгаа, цөмийн зэвсгийг бүрэн хориглох зорилготой гэрээ юм.
•Үүний чацуу энэ чиглэлээр байгуулагдсан улс хоорондын хоёр ба олон талт зарим гэрээнүүд, “Цөмийн зэвсэггүй бүс нутаг” гэх мэт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн идэвх санаачлаг үүрэг хариуцлага нь цөмийн дайны аюул заналхийллийг зайлуулах үйлст чухал хувь нэмрээ оруулж байна.
Монгол Улс эдгээр гэрээнүүдэд нэгдэн орсон ба хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэйгөөр сахин биелүүлж ирсэн.
2. Америкийн Нэгдсэн Улс ба Оросын Холбооны Улсын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал
АНУ ба ОХУ - ын цөмийн зэвсэглэлийн өнөөгийн хэмжээний тухай ерөнхий гол үзүүлэлтүүд, ойлголтыг “Атомч Эрдэмтдийн Мэдээллийн Эмхэтгэл”-д хэвлэгдсэн мэдээллийн нээлттэй эх сурвалжийг (https://www.tandfonline.com/doi/full/10.1080/00963402.2022.2156686),(https://www.tandfonline.com/doi/full/10.1080/00963402.2024.2314437) үндэслэн эмхлэн хураангуйлснаа та бүхэнд харьцуулан эргэцүүлж үзэх зорилгоор хүргэе.
А. Цөмийн цэнэгт хошуу
а)АНУ: 2023 оны эхэн үеийн байдлаар баллистик пуужин буюу нисэх онгоц хэрэглэн хүргэх боломжтой 3708 орчим цөмийн цэнэгт хошуутай байв. Эдгээрийн 400 орчмыг нь тив алгасах баллистик пуужингуудад, 970 орчмыг нь шумбагч усан онгоцнуудад, 300 орчмыг нь стратегийн бөмбөгдөгч онгоцнуудад байршуулж байлдааны бэлэн байдалтай байлгаж байсан ба 100 орчим тактикийн бөмбөгийг нь Европ дахь нисэх баазууддаа байршуулсан байсан.
Ихэнх 1938 орчмыг нь шаардлагатай үед нь байршуулж хэрэглэхэд бэлэнээр нөөцөлж хадгалдаг. Хэрэглээнээс гаргасан гэж тооцдог боловч ажиллагаатай хэвээрээ, задалж идэвхгүй болгох ажиллагаа нь хүлээгдэж байгаа 1536 орчим цөмийн цэнэгт хошуу үүн дээр нэмэгдэж нийт цөмийн цэнэгт хошууны тоог 5244 болгож байгаа юм.
АНУ-ын засгийн газар ийм тоо баримтаа нууцын зэрэглэлээс гаргаж 2010 оноос хойш олон нийтэд ил тодоор зарладаг болсон,Трампын засгийн газрын нийтэд зарлаагүй 2019-2020 онуудын тоог 2021 онд Байданы засгийн газар нөхөн зарлаж байсан түүхтэй. АНУ- гийн цөмийн зэвсэг 11 муж улсынх нь 24 газар зүйн байршилд, Европын 5 улсад байрладаг гэж үздэг.
б)ОХУ: 2024 оны эхэн үеийн байдлаар холын зайн стратегийн болон ойрын зайн тактик зориулалтын нийт 4380 орчим цөмийн цэнэгт хошуутай байв. Эдгээрийн 870 орчмыг нь баллистик пуужингуудад, 640 орчмыг нь шумбагч усан онгоцнуудад, 200 орчмыг нь стратегийн бөмбөгдөгч онгоцнуудад байршуулж байлдааны бэлэн байдалтай байлгаж байсан. Үүнээс гадна 1112 орчим стратегийн, 1558 орчим тактикийн зориулалтын цэнэгт хошууг шаардлагатай үед нь байршуулж хэрэглэхэд бэлнээр нөөцөлж хадгалдаг. Хэрэглээнээс гаргасан гэж тооцдог боловч ажиллагаатай хэвээрээ, задлаж идэвхигүй болгох ажиллагаа нь хүлээгдэж байгаа 1200 орчим цөмийн цэнэгт хошуу үүн дээр нэмэгдэж нийт цөмийн цэнэгт хошууны тоог 5580 болгож байгаа юм. АНУ, ОХУ хоорондын “Шинэ СТАРТ” гэрээний дагуу ОХУ 2022 оны 9 сард энэ талаарх тоо баримтаа хамгийн сүүлчийн удаа мэдээлсэн. Одоогоор ийм төрлийн тоо баримтыг мэдээллийн олон төрлийн ил эх үүсвэрүүдэд шинжилгээ хийх замаар судлаачид гарган авч байна. ОХУ- ын цөмийн зэвсэг улсынх нь нутаг дэвсгэрийн 40 газар зүйн байршилд тогтмолоор байрладаг гэж үздэг.
Б.Стратегийн зэвсгийг хоргодуулах шинэ гэрээ
2011 онд хүчин төгөлдөр болсон АНУ, ОХУ хоорондын “Шинэ СТАРТ” гэрээний дагуу цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөхөөр бэлэн байдалд оруулсан холын зайн пуужин ба бөмбөгдөгчийн тооны дээд хязгаар 700, бэлэн байдалд оруулсан холын зайн цөмийн цэнэгт хошууны тооны дээд хязгаар 1550, бэлэн байдалд оруулсан ба оруулаагүй нийт зөөвөрлөгчийн тооны дээд хязгаар 800 байхаар тохирсон байдаг. Гэрээ шаардлагатай үед нь байршуулж хэрэглэхэд бэлнээр нөөцөлж хадгалдаг цөмийн цэнэгт хошууны тоо хэмжээнд бол хязгаар тавьдаггүй. Гэрээний хэрэгжилтийг хянах хүрээнд байцаагч нараа харилцан солилцож нийт 328 шалгалт газар дээр нь явуулж 25000 гаруй удаа мэдэгдэл өгөлцсөн авалцсан байдаг. Шалгалтын ажиллагаа 2020 оноос хойш зогссон байдаг. Гэрээг бол хуулийн зүйн талаасаа 2026 хүртэл хүчинтэй хэвээрээ байна гэж үздэг. АНУ, ОХУ хооронд байгуулагдсан “Дунд тусгалын цөмийн зэвсгийн тухай” гэрээг 2019 онд эхлээд АНУ дараа нь ОХУ орхин гарсан. ОХУ “Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ”-г 2020 онд баталгаажуулж 2023 онд орхин гарсан бол АНУ энэ гэрээнд гарын үсэг зурсан боловч баталгаажуулаагүй байгаа.
а)АНУ: 2011 оноос хойш нийт стратегийн зөөвөрлөгчдийн тоог 324-өөр, бэлэн байдалд оруулсан зөөвөрлөгчдийн тоог 223-аар, бэлэн байдалд оруулсан холын зайн цөмийн цэнэгт хошууны тоог 380 -аар хорогдуулсан гэж мэдэгддэг. 2022 оны 9 сард мэдэгдэхдээ бэлэн байдалд оруулсан 1420 цөмийн цэнэгт хошууг стратегийн 659 зөөвөрлөгчид байршуулсан байгаа гэжээ. Энэ нь гэрээнд заасан хязгаараас 41 зөөвөрлөгчид ба 130 цөмийн цэнэгт хошуугаар доогуур байгаа бэлэн байдалд оруулсан зөөвөрлөгчдийнхөө тоогоороо ОХУ -аас 119 -өөр илүү байгаа юм.
б) ОХУ: Уг гэрээнд оролцохоо “зогсоох” шийдвэрээ ОХУ-ын ерөнхийлөгч 2023 оны 2 сарын 21-нд зарласан ба энэ нь гэрээг орхин гарч байгаа хэрэг биш бөгөөд цөмийн цэнэгт хошууныхаа тоог гэрээнд заасан хязгаараас дээш гаргахгүй байх эрмэлзэлтэй гэсэн мэдэгдэл хийсэн. Уг гэрээний дагуу ОХУ хамгийн сүүлчийн удаа 2022 оны 9 сард мэдээлэхдээ бэлэн байдалд оруулсан 1549 цөмийн цэнэгт хошууг стратегийн 540 зөөвөрлөгчид байршуулсан байгаа гэжээ.
В. Цөмийн зэвсэг хэрэглэх стратеги
а)АНУ: 2022 оны бага зэрэг шинэчлэгдсэн “Цөмийн төлөв байдлын тойм”-д АНУ-ын цэргийн стратегид цөмийн зэвсгээсээ гурван үндсэн үүрэг гүйцэтгэхийг шаарддаг:
а)АНУ болон түүний холбоотнуудын эсрэг цөмийн стратегийн халдлагаас сэргийлэх;
в)Холбоотнуудынхаа цөмийн халдлагаас урьдчилан сэргийлэх хэрэгцээг нь хангах;
(3)Цөмийн халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ амжилтгүй болсон тохиолдолд АНУ “зорилго”-доо хүрэх.
б)ОХУ: Цөмийн цохилт эхлүүлж болох тодорхой нөхцөлүүдийг тодорхойлсон албан ёсны бодлогоо 2020 онд дараах байдлаар шинэчилсэн:
- ОХУ болон эсвэл түүний холбоотнуудын нутаг дэвсгэрт цохилт өгөхөөр баллистик пуужин харвасан тухай найдвартай мэдээлэл ирэх;
- ОХУ болон эсвэл түүний холбоотнуудын эсрэг дайснууд цөмийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг ашиглах;
- ОХУ-ын засгийн газрын болон цэргийн чухал объектуудын эсрэг дайсны дайралт, цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авахыг тасалдуулахуйц сөрөг нөлөө үзүүлэх;
- Ердийн зэвсэг ашиглан ОХУ-ын эсрэг түрэмгийлэл үйлдэж төрийн оршин тогтнолд аюул учруулах.
Дашрамд нь сонирхуулахад, Хойд Солонгосын 2022 оны Цөмийн хуульд цөмийн цохилт хэрэглэж болох 5 тохиолдолыг заасан байдаг ба түүний нэг нь хэрэв Хойд Солонгосын удирдлага (Ким Жон Ун) гаднын халдлагад өртөж удирдаж чадвараа алдах тохиолдол гарвал цөмийн цохилтыг нэн даруй, хэлэлцэхгүйгээр автомат шийдээр эхлүүлэх болно гэсэн утга агуулдаг юм. Хүн төрөлхтнийг олон дахин устган сөнөөхөд хүрэлцэхүйц хэмжээний цөмийн зэвсэг АНУ, ОХУ хоёр хуримтлуулаад байна.
Олон Улсын Атомын Энергийн Агентлагт Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал
Сэтгэгдэл
Зочин [193.35.18.77] 2024-05-08 14:21:49
1980-аад оны сүүлээр ОХУ-АНУ үй олноор хөнөөх стратегийн давшилтийн зэвсэгийг хорогдуулах СТАРТ-1, СТАРТ-2 гэрээг байгуулж байсан хэдий ч 2000 оны үед ОХУ эсэргүүцсээр байтал АНУ дангаараа энэ гэрээнээс гарсан. АНУ бол дайнч улс.
Цөм [66.181.184.122] 2024-05-06 22:56:22
харилцан нэг нэг буудалцах цаг нь болсон