О.Адъяа: Технологийн тэргүүлэгч компаниуд Монголд орж ирвэл хоёр хөршийн хамаарал буурна
Монгол дахь Америкийн худалдааны танхим(Ам Чам Монгол)-аас “Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт үзүүлэх нөлөө” сэдэвт хурал боллоо. Хуралд хувийн хэвшил, олон улсын компани төдийгүй хөгжлийн байгууллагын төлөөллүүд оролцов. Энэ үеэр “Ам Чам Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцлаа.
-Хиймэл оюун ухаан бизнест өгч байгаа үр өгөөжийн талаар хувийн хэвшлийнхэн ямар байр суурь илэрхийлэв?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологи бүхий “И-Монголиа-4” гэдэг хувилбар саяхан хэрэглээнд нэвтэрлээ. Ямартаа ч төрийн зүгээс ингэж хүчин чармайлт гаргаж байгааг энэ удаагийн хуралд оролцогчид маань онцолж байна. Хиймэл оюун ухааныг Монголд хөгжүүлэхэд манай хувийн хэвшлийнхэн нэлээд идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Үүний тод жишээ бол “Лэнд.мн” байгууллага байна. Сүүлийн хоёр жилд тус компанид бизнесийн томоохон өсөлт гарч, орлого нь 2-3 дахин нэмэгдэхэд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил нөлөөлсөн гэж ярилаа. Уламжлалт бизнес дээр орлого өсөхөд зардал дагаад нэмэгддэг.
Харин “Лэнд.мн” компанийн хувьд орлого хоёр дахин өсөхөд цэвэр ашиг мөн 4-5 дахин өссөн үзүүлэлттэй байжээ. Өөр нэг сайн жишээ гэвэл тээвэр ложистикийн хүрээнд блокчэйн технологи ашигладаг “Обортек” компани байгаа.
Мөн Оюу толгой болон томоохон уул уурхайн компаниуд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг далд уурхайд ашиглаад эхэлчихсэн байх жишээтэй. Ер нь хиймэл оюун ухаан бүхий л салбарт аажмаар нэвтэрч, бизнесийн ашиг орлогод нь эерэгээр нөлөөлж байна.
-Мэдээллийн эрин зуунд хувь хүний болон компанийн нууцтай холбоотой асуудлыг аюулгүй байдал талаасаа яаж хамгаалж ажиллах ёстой вэ?
-Мэдээж дата цугларахын хэрээр тэнд маш их мэдээлэл төвлөрнө. Тэгэхээр хувь хүний нууцлалын хамгаалалт хамгийн чухал асуудал. “Мета” компанийн төлөөлөгч сошиал медиа платформ олон улсын чиг хандлагаар яаж хамгаалагдах ёстой талаар ярилаа. Дэлхий дахинаа технологийн гайхамшигт долоо болох “Alphabet”, “Amazon”, “Apple”, “Meta”, “Microsoft”, “Nvidia”, “Tesla” компаниуд хиймэл оюун ухаанд асар их хөрөнгө хаяж байна. Тэд технологийн хөгжлийг аваад явж байгааг бүгд мэднэ. Хэдийгээр бид өөрсдийнхөө чадах хэмжээндээ хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг боловсруулаад явж байгаа ч гэсэн дээрх гайхамшигт долоон компанитай хамтран ажиллах боломжууд байна гэж “Мета”-гийн төлөөллүүд хэлж байна лээ. Гэхдээ Монгол Улс жижигхэн зах зээлтэй орон болохоор том компаниуд оффисоо байгуулаад ажиллах хэмжээний эрэлт хэрэгцээ гарахгүй болов уу. Харин Монгол шинэ соргог зүйл хүлээж авахад бэлэн учраас туршилтын талбар байх боломжтой гэж хараад байгаа юм байна. Энэ утгаараа технологийн том компаниуд Монголд орж ирэх боломжтой гэж “Мета”-гийнхан хэлж байсан.
-Сонгуулийг угтаж сошиалаар асар их хуурамч мэдээлэл цацагддаг шүү дээ. Сонгогчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар хуурамч мэдээллийг яаж ялгаж таних вэ?
-Бид өдөр тутамдаа хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашиглаж байгаа. Үүн дээр оюуны өмчийн асуудал мэдээж яригдана. Жишээлбэл, миний бичиж байгаа зүйл миний санаа юу, эсвэл хаанаас ямар эх үүсвэртэй юм бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Цаашлаад тухайн мэдээлэлд ёс зүйн асуудал тавигдаж байгаа. Удахгүй болох УИХ-ын сонгуулиас ямар эрсдэл харж байгаа вэ гэхээр хиймэл оюун ухаанд суурилсан хуурамч мэдээлэл, контентууд тархах аюултай. “Мета” компанийн зүгээс сонгуулийн үеэр бусад орнуудад тулгарсан асуудлуудыг хэрхэн яаж шийдсэн талаар манай СЕХ-той хамтран ажиллаж, зөвлөмж өгсөн. Хамгийн гол нь хувь хүн өөрөө мэдээллүүдэд шүүлтүүртэй хандаад явах ёстой.
-Хиймэл оюун ухаан хэрэглээнд нэвтэрснээр зарим мэргэжил үнэ цэнэгүй болно, тэр хэрээр маш олон тооны ажлын байр үгүй болно гэдэг шүү дээ. Энэ тал дээр олон улсын чиг хандлага ямар байна вэ?
-Сүүлийн үед хиймэл оюун ухаан олон ажлын байрыг булаана гэж ярих болсон нь үнэн. Тухайлбал, худалдагч, угтагч, хүлээн авагч, банк, санхүүгийн ажилтан, зохиолч, орчуулагч гээд бичдэг хүмүүс, медиа, маркетинг, шууданч зэрэг ажлын байр байхгүй болно гэдэг. Өнөө маргаашдаа тийм байдал бий болчихгүй. Тэгвэл олон улсад эсрэгээрээ хиймэл оюун ухаанд биш, хүнд суурилсан хүн төвтэй хандлагаар хөгжил рүүгээ явна гэж харж байгаа юм билээ.
Хүн угаасаа өөрийнхөө ажлыг илүү үр бүтээлтэй болгоход хиймэл оюун ухааныг ашиглана. Тэрнээс хиймэл оюун ухаан хүнийг орлох хэмжээнд гарахгүй болов уу гэж харж байгаа юм билээ. Олон улсад ч, Монголд ч цахим шилжилт эрчимтэй явагдаж байна. Ялангуяа манай Засгийн газар маш идэвхтэй ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн маань цахим шилжилтийг өөдрөгөөр төсөөлж байна.
-Монгол Улс дээрх технологийн гайхамшигт долоон компанитай хамтран ажиллах боломжтой гэж та хэллээ. Тэднийг Монголд оруулж ирэхэд юу хэрэгтэй вэ. Ямар байдлаар ашиглах боломжтой вэ?
-Үүн дээр нэлээд хичээл зүтгэл гарч байгаагийн илрэл бол Засгийн газрын санаачилгаар “Google” компани Монголд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Бас сансрын интернэт “Starlink” Монголд үйлчилгээгээ явуулж эхэлсэн. “Жи Мобайл” компани албан ёсны төлөөлөгч нь болсон байх жишээтэй. Бас “Google pay” манайд ороод ирлээ. Цаашдаа “Amazon”-ийг оруулж ирэх сонирхолтой. Одоо “Microsoft”-ийнхонтой ярилцаж байгаа. Шууд Монголд оффисоо байгуулдаггүй юм аа гэхэд ямар ч байсан хамтын ажиллагаа түншлэл бий болох хэрэгтэй.
Манай улс өнөөдөр хоёр хөршөөс асар хамааралтай байгаа. Ирээдүйд бүр ч хамааралтай болж мэднэ. Яагаад гэвэл экспорт нэг зүг рүү маш их хэмжээгээр явж байна. Хойд хөршөөс эрчим хүчний хамааралтай байна. Энэ хамаарлыг багасгах хүрээнд дэлхийн томоохон технологийн компаниудыг Монголд оруулж ирэх хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн компаниуд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах болно. Ингэснээр хоёр хөршөөс хэт хамааралтай байгаа хүчний харьцааг тэнцвэржүүлж өгөх болов уу гэж бодож байгаа.
-Ингэхэд мэдээллийн технологийн хөгжилд манай улс хаахна явдаг юм бол. Энэ тал дээр танай танхимын зүгээс судалгаа хийдэг үү?
-“Ам Чам Монгол” байгууллага маань Цахим эдийн засаг болон мэдээлэл харилцаа холбооны хороотой. Бид цахим эдийн засаг болон мэдээлэл технологийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтарч ажилладаг. Манай танхим Ази, Номхон далайн онуудын “Ам Чам”-ын бүлэгт байдаг юм. Тэр хүрээнд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй бүс нутгийн хөтөлбөр хэрэгждэг. “Ам Чам Монгол”, Камбож, Вьетнам, Лаос, Тайланд, Мьянмар гэсэн орнууд хамтраад бүс нутгийн хэмжээний формуудад оролцдог. Энэ хурлаар цахим шилжилтийн хүрээнд тухайн орнуудад ямар ахиц дэвшил гарч байна, хэрхэн сорилт тулгарч байна, ялангуяа хиймэл оюун ухааны хүрээнд ямар ажлууд явж байгаа талаар хэлэлцдэг. Сая дөрөвдүгээр сард эхний форум болсон. Дараагийнх нь ирэх зургадугаар сард болно. Өнгөрсөн жилийн форумаар цахим шилжилтэд манай улс нэлээд ахиц дэвшилтэй явж байгаа орноор нэрлэгдсэн. “И-Монголиа” төрийн үйлчилгээг цахимжуулснаар авлигын асуудлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна. Нөгөө талаасаа манай банкны үйлчилгээнүүд нэлээд ахисан түвшинтэй байгаа. Гар утас өөрөө банк болсон байх жишээтэй. Эдгээр үзүүлэлтээрээ Монгол Улс бүс нутгийн хэмжээнд нэлээд олон оронтой харьцуулахад ахисан түвшинтэй байгаа юм.
-Манай улсад гадаадын хөрөнгө оруулагчид идэвхжих хандлага байна уу. Ураны төсөл хөдлөх янз байна уу?
-Хөрөнгө оруулалтын орчин ерөнхийдөө амаргүй хэвээр байна. Өмнө жил Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноос хойш өнөөдөр Монголд томоохон хөрөнгө оруулалт үндсэндээ орж ирээгүй байна. Бүтэн жил шахуу ярьсан ураны төсөл 2023 оны сүүлчээр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах юм шиг байсан боловч дахиад л хүлээлтийн байдалд орлоо.
-Хөрөнгө оруулагчид сонгуулийн үр дүнг хүлээгээд байна уу?
-Ер нь хүлээсэн, харзнасан байдалтай байна. “Юутай ч та нар сонгуулиа хийчих. Шинэ Засгийн газар нь бүрдээд хөрөнгө оруулалтын орчны талаар бодлогын ямар байр суурь илэрхийлэх нь үү, хэрхэн дэмжих нь үү, харъя” гэж байна. Амаараа ярих нэг өөр. Бодитоор яаж хэрэгжихийг нь хүсээд байгаа юм. Өнөөгийн Засгийн газрын хувьд авлигатай тэмцэх гээд хэрэндээ л хичээж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 20-50” гээд хөгжлийн бодлогуудаа тодорхой болгочихлоо. Энэхүү ахиц дэвшил гарсан бодлогыг дараагийн бүрдэх шинэ Засгийн газар залгамжлан хадгалаад явж чадах нь уу. Эсвэл үгүйсгэх нь үү гэсэн хүлээлт бас хөрөнгө оруулагчдад байх шиг байна. Бид сонгуулийн дараа наймдугаар сар гаргаад засаг, төр цэгцэрсний дараа шинэ Засгийн газартай уулзъя гэж бодож байгаа. Манай танхимын зүгээс хүсч буй гол зүйл нь “Хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого үнэхээр явуулж чадах уу. Бодитой үйлээрээ яаж явах юм. Удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хуулиа батлах юм уу” гэдэг асуудлыг тавина. Монгол Улс өнөөдөр Америк болон бусад гуравдагч хөрш орнуудаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Хоёр хөршөөс болж Монголд хэн хөрөнгө оруулах вэ? [66.181.185.146] 2024-05-27 01:17:36
Америк Тайванаас болж Хятадтай дайтах гээд байхад Монголд америкийн хөрөнгө оруулалт орж ирэх үү? Энэ зөрчил ойрын 30-40 жил үргэлжилнэ, иймд АНУ Монголруу хошуугаа ч зухуйлахгүй. Францууд харин уранаа эндээс авч чадах нь уу?
Сэхээтнүүд төөрөгдөөд байна уу? 30 он дөхсөн бололтоы. [66.181.185.146] 2024-05-27 01:10:11
Сэхээтний төөрөгдөл гэж 1930-д оны үед Монголд гарч байсан. Яг тэр одоо гарч байна уу? КомпютерынГАНЦ Ч үйлдвэргүй, тус үйлдвэрт ажиллах МЭРГЭЖЛИЙН ажилчингүй, үйлдвэрлэсэн компютераа БОРЛУУЛАХ дэд бүтэцгүй байж ҮХСЭН ЭЛЭНЦИЙН чинь АйТи-ийн тэргүүлэх компани Монголд оруулж ирэх вэ? Сайндаа л БНХАУ-ын захын компани орж ирнэ.
Зочин [172.58.164.235] 2024-05-26 21:34:18
Gazar nutagaa avaad nuuh gui say say jil 2 hurshteiguu ebtei amidraa irseniig uurchluh gej barihgui 2 hursh huchirheg dund ehee ol 3 dah hursh eliirehe bolio baihgui
Зочин [66.181.182.140] 2024-05-25 20:29:03
Монгол улсын хувь тавиланд 2 зам буй. Нэгдүгээр ядуу жижиг улс байвал ямартай ч дэлхий дээр байсаар байна. Хоёрдугаарт өөрийнхөө хүчээр технологитой болбол том улс болох зам нээгдэнэ. Гадаадын технологи монголд нэвтрэхгүй, тэд биднийг зүгээр л хэрэглэгч болгоно.
зочин [202.9.46.221] 2024-05-25 19:02:46
дотоодын бизнэс эрхлэгчид хүртэл үил ажилгаагаа хэрхэхээ сонгүүль хараад зогсонго байдалтай байна өмнөх 8 жил шиг байвал юун юм хийх шоронд орохгүй бол зол
Зочин [202.9.46.19] 2024-05-25 16:17:17
Монголд ирээд хэрэггүй. Луйварчин монголчуудад бүх эд зүйлсээ луйвардуулна.
Зочин [103.41.93.132] 2024-05-25 13:30:08
Одоо хөгшин залуугүй амар хялбар аргаар амьдрахыг боддог болсон бн. Монголд хөрөнгө оруулах нь маш тэнэг хэрэг. Худлаа амлаад л ирэхээр нь татвар төрийн албууд нь үндсэрхэг үзэлтнүүдтэйгээ нийлээд шууд дээрэмдэхээр хүлээж байгаа.
Зочин [118.79.91.114] 2024-05-25 13:01:36
Technolgiin terguulegch company Mongoliig tooj orj irehuu tedend yamar ch ashiggui, yu gej Mongold orj ireh ve mergejilten, sain ajillah huch bhgui, huuliin taatai orchin bhgui uyed hen ch tooj orj irehgui
Зочин [202.9.46.19] 2024-05-25 16:34:49
Угаасаа монголд тоож ирэхгүй. Монголд ирээд ч хэрэггүй.