Баянхонгор аймгийн Богд суманд 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд, Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд, Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.
Газар хөдлөлтийн голомт нь Алтайн салбар уулс, баруун хойноос зүүн урагш тогтсон Их Богдын нурууны газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт багтдаг. Энэ бүсэд 1957 оны 12 дугаар сарын 4-нд 8-9 магнитутын 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Тодруулбал, Монголд болсон томоохон газар хөдлөлтийн хамгийн томд тооцогдох тус газар хөдлөлт 1957 оны 12 дугаар сарын 4-ний 11 цаг 38 минутад Баянхонгор аймгийн Богд сум, Их богд ууланд бүртгэгджээ. Одоо хүртэл газар хөдлөлтийн хагарал нь хэвээрээ байдаг бөгөөд тус ууланд газар хөдлөлтөөс үүссэн нуур ч байдаг. Энэ газар хөдлөлтөөс их, бага Богдын нурууд ба Бахар уулын ар, өвөр бэл, ёроолыг дагаж зүүн өмнөөс баруун хойш үргэлжилсэн ан цавууд үүсэж тогтсон байдаг бөгөөд уртаараа 130 км орчим газрыг хамарсан байдаг.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл