Эрх баригч ба сөрөг хүчин байх уу, эсвэл хамтрах уу?
Монголчууд гурав хоногийн өмнө, 2024 оны зургаадугаар сарын 28-нд саналаа өгч, 126 гишүүнтэй УИХ-аа сонголоо. Ер нь бол энэ жилийн сонгууль өмнөхүүдээс огт өөр болов. Сонгуулийн шинэ тогтолцоо хэрэглэсэн нь, бас гишүүдийн тоо нэмэгдсэн нь улс төрийн намууд, улстөрчдийн идэвхийг сэргээчихсэн үү, лав сүүлийн долоо, найман сонгуульд ийм олуулаа өрсөлдөж байсангүй. Дээрээс нь сонгогчид санал хураалтад ирц сайтай оролцлоо.
Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх уур амьсгал, дүр зургаас улс төрийн намуудын нэр хүнд сайнгүй байгаа нь тов тодорхой анзаарагдаж байв. Учир нь МАН тасралтгүй найман жил засаглачихсан. Сөрөг хүчин АН нь тарж бутраад нийлэхээ больчихсон. Жижиг намууд нь үзэл баримтлалын гэхээсээ эрх ашгийн нэгдэл дээр салж нийлээд, эсвэл эвсэж хамтардаг. Үүнийгээ олон нийтээс нуудаггүй. Ийм байдалтай сонгуульд орсон. “...Жаран чавганц уралдахад” гэдэгчлэн ямар ч байсан сонгуулийн дүн гарлаа. Харин саналын хулгай, луйврын талаар санаснаас чимээ имээ багатай өнгөрч байх шиг байна.
Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуулийн онцлог, сонгуулийн сурталчилгааны оноо алдаа, үр дүн сургамж юу байсан, цаашид анхаарах зүйл юу байсныг “Зууны мэдээ” сонины улс төрийн тойм онцлон тоймлон уншигчдадаа хүргэж байна.
МАН ялсан уу, ялагдсан уу
Эрх баригч МАН энэ сонгуулиар 126 суудлын 68-ыг нь авлаа. Ингэж бусад нам, эвслээс олон санал авсан ч илт давуу илүүрхэж, санал авч чадсангүй. Гэхдээ энэ нь эрх баригч нам гэдэг статусыг алдагдуулахгүй тоо гэдгийг тэмдэглэх ёстой.
Юуны өмнө МАН яагаад үүнээс илүү суудал авсангүй вэ гэдэгт хариулах ёстой. Энэ шалтгааныг нэгдүгээрт, найман жил тасралтгүй засаг барьсан учраас сонгогчид тэднээс шинэ зүйл хүлээхгүй, залхалтын байдалд орсонтой холбоотой. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны тактик талаасаа сонгуулийн уриа, зорилго нь явцын дунд өөрчлөгдсөн. МАН-ын сонгуулийн уриа “...Ард түмний ялалт” гэж эхэлсэн бол сонгуулийн сурталчилгааны дунд үеэс хойш “...Ард түмний сонголт” гэсээр дууссан. “...Сурталчилгааны богинохон хугацаанд сонгуулийн уриагаа сольж өөрчлөх нь сонгогчдыг төөрөгдүүлсэн алдаа болсон” гэж нэр бүхий судлаачид үзэж байна.
Түүнээс гадна МАН жагсаалтаа шинэ залуу судлаачид гадаадад голдуу сургууль төгссөн хүмүүсээр бүрдүүлсэн. Жагсаалтад орсон хүмүүсийн СV-нээс харахад гадаадад сургууль төгссөн судлаач, багш голдуу хүмүүс байв. Жагсаалтын эхэнд бичигдсэн эдгээр судлаач багш нар голдуу хүмүүс МАН руу санал татаж чадсан уу. Үгүй л болов уу. Тун эргэлзээтэй болж өнгөрөв. Өөрөөр хэлбэл, гадаадад сургууль төгссөн, гадаадад ажилладаг хүмүүсийг олноор оруулж ирсэн жагсаалтаараа сонгогчдыг тэр дундаа залуу сонгогчдыг татаж чадсангүй. Хэрвээ чадсан бол МАН-ын рейтинг сонгуулийн өмнөхөөсөө өсөх ёстой. Гэтэл өссөнгүй, уруудаж гарсан. Жагсаалтад улс төрийн туршлагатай нас насны хүмүүсийн төлөөллийг оруулж ирээгүй. Эрдэмтэн судлаачийнхаа хувьд, багшийн хувьд шилдэг хүмүүс нь улстөрч гэж харагдаж нөлөөлж энэ удаа лав чадсангүй. Магадгүй ирэх дөрвөн жилд жагсаалтаар орж ирсэн хүмүүсээс улстөрчид тодорч гарч ирэх биз ээ. Ямартай ч залуучуудыг татах нүүр царай болж гарч ирж чадсангүй.
Харин МАН-ын даргын нэр хүндэд тулгуурласан PR сурталчилгааны ажил явагдсан. Намдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд хугацаа хэрэгтэй байгааг харуулсан.
Мөн мэтгэлцээн МАН-д муугаар нөлөөлсөн. Эрх баригчид бол төр, төр бол тушаадаг захирдаг гэсэн ойлголттой МАН-ын нэр дэвшигчид мэтгэлцээнд илт тааруу байсан. Авлига гэх мэт луйвар булхайтай тэмцэж байгаа ч үр дүнд хүрээгүй, тэмцэж байгаа гэдгийг олон нийтэд хүргэж чадаагүй. Насаар хөгшин ба залуу гэж, бас гадаадад сургууль төгссөн нь сайн бусад нь муу гэж, хотын хөдөөгийнхөн гэх мэтээр нэг л тийм ялгаварлан гадуурхаж харьцаж байгаа мэт хандлага сонгогчдод анзаарагдаад дургүйцлийг нь хүргээд байсныг олон сонгогч тэр дундаа дунд насныхан хэлж байсан.
Бас МАН-ын сурталчилгаа ХҮН намд хэрэг болов. Яаж гэхээр “...Гадаадад төгссөн боловсролтой нь илүү” гэдэг нь МАН-д биш ХҮН намын сурталчилгаа болсон. Явж явж “...МАН ялсан уу, ялагдсан уу” гэдэг асуулт ч тавигдаж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана
Ер нь бол улс төрийн нам бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн албан ёсны нэгдэл юм. Улс төрийн нам нь тухайн улсын сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх ажлыг зохицуулдаг байгууллага юм.
Тэр утгаараа эрх баригч МАН энэ удаагийн сонгуульд дээрх үндсэн шугамнаасаа гажиж тоглосон. Үнэндээ сонгуулийн сурталчилгааны дундуур уриагаа өөрчилнө гэдэг ялах итгэлгүй, хүсэлгүй байгаагийн том нотолгоо ч гэж хэлж болмоор. Нөгөөтэйгүүр, анх энэ сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар жил хагасын өмнө Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ихээхэн сонин зүйлийг МҮОНТВ-ээр ярьсан байдаг. Тэрээр “...“Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэхэд нэг хэсэг нь “...Огт өөрчлөөд хэрэггүй. Үүнийг Үндсэн хууль биш салбарын хуулиар зохицуулах ёстой” гэдэг байр суурьтай байдаг. Би Ерөнхий сайдын хувьд аль нэг талд нь орсон юм байхгүй. Аль аль тал нь өөрийн итгэл үнэмшилтэй байгаа учраас би эрх баригч намын даргын хувьд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь зүйтэй гэдэг байр сууринаас хандаж байгаа юм. Бас эрх барьж байгаа намын даргын хувьд хэлэхэд “...Та нар л ялаад байдаг” гээд байдаг гэдэг. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, ялаад байгаа тогтолцооноосоо одоо болих ёстой гэж байгаа юм.
Парламентад байх ёстой төлөөллийг өсгөх ёстой. “...Шинэчилсэн найруулга хийж болно. Гэхдээ нэг нам давамгайлсан байж болохгүй” гэдэг. Ингээд байгаад байдаг, тэгээд тэгдэг гээд хоорондоо бас байр сууриараа нэгдэж өгдөггүй, дотроо их мэтгэлцээн өрнөөд байдаг. Ер нь бол бид салаа замын уулзвар дээр байна. Шинэчилсэн найруулга эсвэл нэмэлт өөрчлөлт хийх, бүр огт өөрчлөхгүй байх боломжтой. Аль ч тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. “...Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний байр суурь юу байна вэ” гэж тодруулбал би “...Холимог тогтолцоо зөв” гэж хэлнэ. Холимог гэдэг маань эхнийх нь тойргоос парламентын гишүүдийг сонгоно. Энэ бол тойргоо төлөөлнө. Үндэсний хэмжээнд парламентын гишүүд сонгогдоно. Тэр нь үндэсний хэмжээний бодлогоо тодорхойлно. Маш энгийнээр бол ийм. Ингээд 50:50 болчихоор 50 хувь нь тойрогжих үзэгдэл, 50 хувь нь тэр үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. Нэг нам дангаараа одоо үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихдог. Парламентад МАН, АН-аас гадна 4-5 одоо намтай болно гэсэн үг. Тэгэхээр үүнийг “...Нэг хаалгаар хөөгөөд гаргачихсан чинь тооноор ороод ирлээ” гэж харж болохгүй. Бид явж ирсэн 30 жилдээ одоо л зөв дүгнэлт хийх ёстой. Дахин хэлэхэд энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг.
Гэхдээ энэ нь нийгэмд зөв бол, хэт мөнгөний сонгууль багасаад улс төрийн намууд төлөвших бол, Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн нам дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Өөрчлөхгүй явбал бас бэлэн байна. Саяын Зөвлөлдөх санал асуулга бол томсгосон фокус группийн хэлэлцүүлэг л гэсэн үг. Тэндээс саяын гурван зүйлийг л асууж байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга байж болох уу, үгүй юу. Хоёрдугаарт, нэмэлт өөрчлөлт байж болох уу, үгүй юу. Гуравдугаарт, огт хөндөхгүйгээр салбарын хуулиудаараа зохицуулаад явж болох уу, үгүй юу гэдэг ийм гурван зүйлийн юмыг асууна. Дахиад хэлэхэд улс төрийн намууд одоо өөрсдөө шийдэх гэж байгаа юм. Би бол “...Сонгууль дөхөж байна. Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдье” гэж байгаа юм. Дараа нь гомдолгүй. “...Харин та хэд маань эвлэж нэгдээд, хоорондоо бага маргалдаад байр сууриа илэрхийлээч ээ. Хоорондоо илэрхийлэхээс илүүтэйгээр олон нийтэд тогтолцоо энэ бүх зүйлээ тайлбарлаач ээ” гэж байгаа юм” гэж байсан. Эндээс бүх зүйл тодорхой харагдана.
АН бол “мөрөөдлийн сөрөг хүчин”
Уг нь энэ удаагийн сонгуулийн өмнөх нийгмийн уур амьсгал, сонгогчдын сэтгэл зүйгээр бол АН анх удаа том ялалт авч болох боломж бүрдээд байв. Гэвч тэд өнгөрсөн дөрвөн жилд дотооддоо учраа олж чадалгүй сонгуульдаа оров. Харин ч байж байгаагаас нь илүү олон саналыг сонгогчид тэдэнд өгчих шиг боллоо. Улс орнуудын эрх баригчдын хувьд нам дотроо учраа олж чаддаггүй. Дарга нь намдаа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй ийм сөрөг хүчинтэй байна гэдэг ёстой жинхэнээсээ “мөрөөдлийн сөрөг хүчин” юм. Тэгэхээр нөгөө талаас, ийм сөрөг хүчинтэй байж сонгуульд оролцоод ийм дүн үзүүлнэ гэдэг эрх баригчдын хувьд өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой гэдгийг бас хэлэх хэрэгтэй.
АН-ын дотоод зовлон дуусах болоогүй. Сонгуульд ялалт байгуулаагүй намын даргатайгаа хэрхэн хариуцлага тооцох шалтгаанаар намын даргын суудлын төлөөх тэмцэл нь дахин үргэлжилнэ.
ИЗНН яагаад орж ирэв?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хэдэн сарын турш С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай ярьсан. Энэ нь ИЗНН-ыг дөрвөн хувийн босго давж гарч ирэхэд үнэгүй сурталчилгаа болов. С.Зориг агсны дүү С.Оюун гарч ирж ярьсан. “...ИЗНН бол С.Оюун, С.Оюун бол ИЗНН” гэдэг ойлголт С.Зориг амь насаа алдаж түүний нэртэй нам байгуулагдсанаас хойшх өнгөрсөн хугацааны турш бүрэлдэж бий болсон. Тиймээс С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүнтэй холбоотой олон асуудлыг сөхөж ярих тусам энэ нь ИЗЗН-ын хувьд улс төрийн тавцанд эргэж гарч ирж, “амьдрах” суурь болж өгөв. ИЗНН-ын дарга Б.Батбаатар ч үүнийг овжин мэдэрсэн. Тэрээр фэйсбүүкт идэвхтэй М.Нарантуяаг оруулж ирэх зэргээр маш сайн ашиглаж чадав.
Цагдаагийн ажлыг "сурталчилгаа" болгосон Үндэсний эвслийнхэн
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр болон зарим нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой асуудал болон тус эвслийн байрыг цагдаа нэгжсэн гэх мэт нь эргээд уг эвслийн үнэгүй сурталчилгаа болж өгөв. Энэ эвсэлд АН-аас гараад МЛАН-ыг авч очсон Д.Пүрэвдаваа ч цагдаа нарын үйлдлийг өөртөө ашигтайгаар эргүүлэхэд голлож ажиллана лээ. Тэр угаасаа ийм зүйлд гаргууд нэгэн. Үндэсний эвслийнхэн ийн ажилласны дүнд монголчууд дээрэлхүүлж байгаа талыг өмөөрөх сэтгэлгээтэй дээр нь тоглож үүнийг эвсэл сурталчилгааны гол пойнт болгож ашиглав. Үр дүнгээ ч өгөв.
МАН дангаараа юу, хамтрах уу?
“МАН нэгэнт парламентын суудлын яг тэн хагасыг авсан учраас хамтарсан засаг байгуулагдах нь. Харин хэдэн намтай яаж байгуулагдах вэ. Хамгийн эхнийх нь АН-тай хамтрах хувилбар. Сонгууль болохоос ч өмнө бараг засагт ороод авах албан тушаалуудаа жагсааж байсан гэх” мэдээлэл сонгуулийн дүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээнд сэвэгдсэн. ХҮН намынхан авах албан тушаалаа жагсаагаад гаргасан гэдэг мэдээлэл аль хэдийнэ түгээд байна.
Гэхдээ МАН олонх суудал авсан. Ардчилал нь эрх баригч ба сөрөг хүчин гэж байж ард түмэн төрийг хянах боломж бүрддэг. Тиймээс МАН Засгийн газраа байгуулаад АН гэдэг хүчтэй сөрөг хүчний хяналт дор явах нь жинхэнэ ардчилсан зарчим.
Гэтэл 2008 онд үнэмлэхүй ялалт байгуулчихаад сөрөг хүчинтэйгээ хамтарч стандарт бус засаг байгуулж байсан улстөрчид өнөөдөр нийгмийн сүлжээнд хамтрахын давуу тал, гайхамшгийг сурталчилж байна. Бас өнгөрсөн найман жилийг “алдсан” АН-ын удирдлагууд засагт хамтрахын төлөө бүхнийг хийх нь тодорхой болоод байх шиг байна. АН ирэх сонгуулийн ялалтаа бодвол өнөөдөр засагт орох гэж зүтгэх хэрэггүй гэж улс төр судлаачид хэлж байна. Бас Монголын улс төрд хүчтэй сөрөг хүчин байвал төрийг хянах, шударга ёсыг тогтооход үлэмж хувь нэмрээ оруулна.
Парламентад хамгийн олон суудалтай МАН-аас урилга хүлээхгүй байгаа хүн бол Үндэсний эвсэл. Харин ИЗЗН-ыг урих уу, үгүй юу гэдэг тэртээ тэргүй хэдхэн хоногийн дараа тодорхой болно.
Сөрөг хүчний намуудтайгаа эвсээд Засгийн газраа байгуулаад явах нь олон суудал авсан намын тухайд амархан гарц гаргалгаа. Шүүмжлэх, сөрөх зүйл байхгүй, хамтраад учраа олоод явах нь эрх барьж буй намын хувьд амар. Гэхдээ 2008 онд стандарт бус засгийн газар байгуулагдсанаар улс төрийн МАНАН бүрдэж, баялгийн тэгш бус хуваарилалт, цадигаа алдсан гэдгийг мартаж болохгүй.
Төр хяналттай байж, авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтооно. Ингэж байж өнгөрсөн 30 жилийн алдааг засна гэдгийг мартаж болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.195] 2024-07-02 22:01:37
МАН дангаараа ЗГ байгуулах эрхээс яагаад татгалзаад байгаа нь тодорхой шүүдээ, өнгөрсөн 8 жилд юу ч хийгээгүй харин ч илүү олон суудлыг төрийн албаар хүчээр авлаа, цаашдаа их юм хийхгүй тийм учраас хань татаж бас унахдаа үхэр буугаа хамт тавьж 28 онд АН ыг ялж магадгүй гэдэг мессежийг сая авлаа шүү дээ? Ер нь иргэд сонгогчид Ардчилалд дуртай гагцхүү хэрэгжүүлэгч нам нь дотроо зөрчил учраа олохгүй байгаад хамаг учир бна, тэд сахилга баттай зөв зох байгуулалтанд орж чадвал ялалт ойрхон байгааг энэ намар орон нутгийн сонгуулиас харж байна.
Уншигч [213.55.233.14] 2024-07-03 04:24:21
12 жил дангаараа цусалсан ялд унаснаас хамтарч цуслаад хамтарч хөнтрөөд самардаад сөнөөж дуусгавал нам нэртэй Манан мафийн Алуурчид хулгайчдад ашигтай
Зочин [202.9.41.29] 2024-07-02 12:33:09
Хамтарвал МАНАН болж л хувирна. Бодоод байх ву байна аа. АН өлөнтөж ЗГт гүйж орох вий ккк. Тэгвэл тусдаа нам гэж яриаалтяах вээ
Сөрөг хчин бол сөрөг хүчнээрээ л байх хэрэгтэй. [66.181.190.183] 2024-07-02 11:30:18
Ямар дайн дажин болчтхсон БИШ, ямар засаг барих мэргэжилтэн МАН-д дутачихсан БИШ, ямар засгийн газар байгуулахад МАН олонх болж чадахгүй байгаа БИШ, Засгийн газарт МоАН-ыг уриад байхдаа яадаг юм бэ? Энэ чинь парламентын засаглалын шинж БИШ ш дээ. МоАН сонгууль зарлахад л МАН-ын атаат өрсөлдөгч байсан, сонгуулийн дараа ч Засгийн газрын оппозиц буюу сөрөг хүчнээрээ л үлдэх ёстой. Тэгэхгүй бол АРДЧИЛСАН сонгуулийн системийн утга алга болно.Сонгогчдыг ямар ХУУРЧ саналын 2 дахь байрыг саяны сонгуулиар олж авсан бишдээ?
зочин [122.201.19.99] 2024-07-02 10:57:59
МАНгаруудтай хамтарч ердөөсөө болохгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн PR хийнэ шүү Мангарууд
Сэтгээүлч [66.181.183.44] 2024-07-02 09:04:33
Ингээд хэрэлдээд юм хийдэггүй улс даа.хойд солонгос шиг байвал таарна
Зочин [103.168.34.120] 2024-07-01 20:20:58
Хамгийн үнэн юу вэ гэвэл. Монголчууд 8 жилд хүрсэн олотыг дүгнэх биш удахаар уйддаг хууч нь хөдөлсөн байх.. Басөөрчлөлт ороогүй бол луйварчид 7 сарын 1 болгож хай болно.Ард түмний төлөө ажил хийх болохоор хамтрахгүй гэнэ.Тэр Лодойсамбуу ард түмний амьдралыг сайжруулахын төлөө юу хийнэ гэж эам нь амласныг уншсан болов уу
Иргэн [103.57.94.203] 2024-07-01 13:26:50
МАН ялагдсан шүү ??????!!!!!!! яагаад гэвэл Өндөр Настний насний мөнгө эрт өгсөн - утасны ноймор мэдээд ир гэж ярсан - Дэмжигч ахмадууд насны мөнгө охсон гээд л солиороод байсан шүү Но той булхиатай дээрэм болсон.!!!!!!Огцоруулж Эргүүлж татах хэрэгтэйшдээ !!!!!!!!!
Зочин [103.57.94.222] 2024-07-02 05:49:27
Холоо очиж хуц
МАН-ын өөрийнх нь шийдэх асуудал. [66.181.160.110] 2024-07-01 10:47:54
Бусдаасаа олон суудал авсан МАН л ӨӨРӨӨ бусадтай эвсэх эсэх, эвсвэл аль намьай эвсэхээ ӨӨРӨӨ Л шийднэ. Бодвол МАН ойрын үед л үүнийгээ хэлэлцэх байлгүйдээ.
Зочин [202.126.90.240] 2024-07-01 09:59:31
Сонгууль явагдаад дууссан. Одоо ажилдаа орж хэн нь юу хийж яахаа ярилцаж шуурхай ажилдаа орох цаг. Арван хэдэн жил хөлдүүс болсон том төслүүд бий. Хэн эхэлж дуусгасан нь дараагийн ээлжинд 100% ялна. АН -ынхаан ажилдаа...
Зочин [122.201.31.124] 2024-07-01 14:18:53
Тийм шүү!