Японы Ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сард Монголд айлчлах төлөвтэй байна
Японы “Киодо мэдээ” цахим хуудсанд ийм гарчигтай мэдээг өнгөрсөн сард нийтэлжээ.
БНАСАУ 1970-1980 оны хооронд олон япон иргэнийг хулгайлсан асуудлаар хоёр тал олон жилийн турш яриа хэлэлцээ хийсэн ч зогсонги байдалд оржээ. Японы Ерөнхий сайд энэ хэлэлцээг дахин идэвхжүүлж, иргэдээ эх оронд нь эргүүлэн авчрахаар хичээж байгаа юм.
Хэрэв ирэх сард энэ айлчлалыг хийвэл Японы Ерөнхий сайдын 2016 оноос хойш Төв Азид хийсэн анхны айлчлал болно
Япон, БНАСАУ нь дипломат харилцаагүй тул Монгол эдгээр улсуудын дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Наймдугаар сарын эхээр төлөвлөж буй айлчлалын үеэр Ерөнхий сайд Кишида Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзан, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээрх асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх хүсэлт тавих аж. Хойд Солонгосчуудад хулгайлагдсан иргэдийн ах дүү нар өндөр настай болсон тул иргэдээ нэн даруй эргүүлэн авах хүсэлтээ японы талаас олон удаа тавьсан ч ахиц гараагүй.
2012 онд Япон, БНАСАУ-ын албан тушаалтнууд Монголд уулзсан. Мөн нийслэлд болдог, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлын үеэр талууд тусгайлан уулздаг байна.
Айлчлалын үеэр Монгол-Японы худалдаа, Японоос Монголд хийх хөрөнгө оруулалтыг хөндөхөөр төлөвлөжээ. Хоёр улс 2016 онд Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Казахстан гэх мэт Төв Азийн таван оронд айлчлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Киодо мэдээ
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.226] 2024-07-04 14:25:02
Метрогоо хурдан бариул. Хожим Америкчууд манай улсад бөмбөгдөлт хийх бол яах уу?