Олон улсын хүүхдийн спортын Х наадам маргааш эхэлнэ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам маргааш нээлтээ хийнэ.
Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 460 тамирчин сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн үндсэн есөн төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Харин үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааны төрөл багтжээ.
Тэмцээнийг “Найрамдал” төв, Спортын төв ордон, “Буянт-Ухаа” спортын ордон, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв, ширээний теннисний “Оч” клуб, Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбай болон Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын ордонд зохион байгуулах аж.
2009 онд анх Улаанбаатар хотод зохион байгуулсан эл наадам өдгөө 10 дахь удаагаа болж байна. Хамгийн сүүлд 2019 онд ОХУ-ын Чита хотод зохион байгуулсан уг наадам цар тахлын улмаас завсарласны эцэст таван жилийн дараа эргэн ирэв. Манай улс энэхүү наадмыг дөрөв дэх удаагаа хүлээн авч байгаа нь энэ юм.
Уг наадамд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, хүрэл медальт Л.Отгонбаатар, чөлөөт бөхийн Залуучуудын Олимпын аварга Б.Батцэцэг, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” наадамд оролцогч Б.Хонгорзул, боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, Б.Мишээлт зэрэг шилдэг тамирчин өсвөр насандаа оролцож байв.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл