Тимоти Уолз үг хэлсний дараа Харрис, Трамп хоёр тэнцсэн дүн гарчээ.

Aдмин / Гадаад мэдээ

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өөрийн хамтрагчаар сонгосон, дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд буй Миннесота мужийн амбан захирагч Тимоти Уолз анх удаа сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр гарч ирэн олон нийтэд хандан үг хэлэв. Ерөөс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нь эсрэг талын ерөнхийлөгчид нэр дэвшигч рүү дайрах “зуудаг нохой”-ны үүрэг гүйцэтгэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг байсан билээ. Гэтэл Дональд Трамп өөрөө “зуудаг нохой”-ны үүрэг гүйцэтгэх болсон юм. Харин энэ үүргийг Тимоти Уолз чадварлагаар буцаан авчирч буй нь тодорхой болов.

Уолз Пенсильвани мужийн Филадельфи хотод сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр хэлсэн үгэндээ Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Дональд Трампыг хатуу шүүмжилж, түүнийг манай улсад эмх замбараагүй байдал, хуваагдал бий болгож байна гэж мэдэгджээ. Тэрээр мөн “Трамп өөртөө үйлчлэхэд хэтэрхий их цаг зарцуулан завгүй байдаг тул үндэстэнд үйлчлэх гэж яг юу гэсэн үг болохыг огт мэддэггүй. Тэр ааваасаа бэлэн хөрөнгө өвлөж авсан учир шударгаар хөдөлмөрлөж сайн сайхан амьдрах гэж юу болохыг огт ойлгодоггүй. Тэр цэрэгт алба хааж байгаагүй учир батлан хамгаалах гэж юу байдаг талаар ямар ч мэдлэггүй байдаг. Иймээс Трамп Цагаан ордны тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа манай улсыг эдийн засаг, гадаад бодлого гээд бүх талаар сүйрэлд хүргэсэн. Тэр Америкийн хөдөө нутгийг сүйтгэж, ард түмнийг хоёр хувааж талцуулсан” гэж хэлжээ. Ардчилсан намын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нэмж, “Бүгд найрамдах намаас ерөнхийлөгч болсон Дональд Трампын үед АНУ-д хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдсэн бөгөөд үүнд Трампын өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэг ч нэмэр болсон” гэж хэлсэн нь олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна.

Тимоти Уолз мөн Ардчилсан намын сонгуулийн кампанит ажил нь Дональд Трампын эсрэг тэмцэл биш гэдгийг онцолж “Бидний энэхүү сонгуулийн кампанит ажил бол АНУ-ын иргэдийн ирээдүйн төлөөх тэмцэл” гээд “Харрис болон түүний хамтрагчид үндэсний эрх чөлөө, иргэд, бүрэн хамгаалагдсан тэдний ирээдүйн төлөө тэмцэж байна” гэж үгээ дуусгажээ.

Америкийн Миннесота мужийн захирагч Тимоти Уолз 1964 оны дөрөвдүгээр сарын 6-нд Небраска мужийн Вест Пойнт гэх жижиг хотод төрсөн. Тэрээр 1989 онд Небраска мужийн Чадрон коллежийг нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөний дараа 2001 онд Миннесота мужийн их сургуулийг төгсөж, шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Бас Миннесота дахь Гэгээн Мэригийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна. Уолз 1982 оноос АНУ-ын армийн үндэсний гвардид нэгдэн, 1989-1990 онд АНУ-ын Харвардын их сургуулийн анхны америк багш нарын бүрэлдэхүүнд багтаж, Хятадын ахлах сургуульд багшилжээ. Хятадаас буцаж ирээд Небраскагийн ахлах сургуульд дахин багшилсан байна. 1996 онд тэрээр ирээдүйн эхнэр Гвенийн хамт Миннесота мужийн төвд суурьшжээ. Дараагийн 10 жилийн хугацаанд Тимоти Уолз ахлах сургуульд багш, хөлбөмбөгийн дасгалжуулагч хийж байв. Уолз АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд 2006 онд анх ялалт байгуулжээ. Дараа нь дахин таван удаа сонгогдсон байна. Тэрээр хөдөө аж ахуй, зэвсэгт хүчин, ахмад дайчдын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр ажиллажээ. Харин 2018 онд тэрээр Миннесота мужийн 41 дэх амбан захирагчаар сонгогдож, 2022 онд дахин сонгогдсон. Энэ хугацаанд сурагчдыг сургуульд нь үнэ төлбөргүй хооллох, иргэний нөхөн үржихүйн эрх чөлөөг хамгаалах, сонгох эрхийг бэхжүүлэх, Миннесота мужийг 2040 он гэхэд 100 хувь цэвэр “ногоон” цахилгаанд шилжүүлэх үндэс суурийг тавих, дундаж давхаргын татварыг бууруулах, муж улсдаа ажилчдын цалинтай амралтыг өргөжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлжээ.

Тимоти Уолз 2022 онд “Орос Украинд дайн явуулж байна” гэж удаа дараа Путиныг шүүмжилж 2022 оны гуравдугаар сард засгийн газрын байгууллагууд Оросын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах захиргааны тогтоолд гарын үсэг зурж, цаашид гэрээ байгуулахаас татгалзахыг шаардан үүнээс нэг сарын дараа Оросын засгийн газрын хөрөнгө оруулалтыг зогсоох тухай хуульд гарын үсэг зурав. Мөн тэрээр тус муж болон Украины Чернигов мужийн хооронд түншлэлийн харилцаа тогтоож, 2023 онд Зеленскийтэй цахимаар ярилцахад оролцож, “Украиныг эргэж буцахгүй дэмжих болно” гэж мэдэгдэж байв.

Миннесота муж нь сонгуулийн төлөөлөгчдийн 10-хан саналтай байдаг учир сонгуульд нэг их нөлөө үзүүлэхгүй. Гэвч Ардчилсан нам Тимоти Уолзыг өөрийн мужаасаа гадна бусад мужийн хөдөө орон нутгийн сонгогчдыг татаж чадна гэж үзэн дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд байгаа юм. Тэрээр Америкийн “MSNBC” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Бүгд найрамдахчуудаас сонгогдсон Трамп, Вэнс хоёрыг “хачирхалтай хос” гэж нэрлэсэн нь олны анхааралд орж, түүний энэ шинэ нэршил интернэтэд тун хурдан тарж, Харрисын сурталчилгааны багийнхан үүнийг олон нийтэд зориулсан хэвлэлийн мэдээ, мэдээлэлд өргөнөөр ашиглах болжээ. Хамгийн гол нь энэ нэршилийнхээ ачаар Тимоти Уолз маш хурдан хугацаанд олон нийтэд танил болж, сонгогчид намтрыг нь сонирхож эхэлсэн байна. Тиймээс Пенсильванийн Хуулийн Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Кэри Коглианез “Тимоти Уолз бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрисын хамгийн аюулгүй, ухаалаг хамтрагч мөн бөгөөд тэрээр цэргийн болон хөдөөгийн амьдралыг сайн мэдэх учир Ардчилсан намд ирэх сонгогчдын саналыг нэмэгдүүлж чадна” гэж хэлсэн биз ээ. Мөн Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Тимоти Уолзыг сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр анх удаа үг хэлсний дараа Америкийн судалгааны компаниуд бүх нийтийн буюу бүх мужийг хамарсан 18 санал асуулга явуулахад 17-д нь Камала Харрис ялж, нэгд нь Харрис, Трамп хоёр тэнцсэн дүн гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

xmodyvxshc [185.220.101.7] 2024-11-06 07:51:44

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

jdawqxrjpm [185.220.101.7] 2024-11-06 07:51:43

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.