Сурагчдын үдийн хоолонд 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ
Шинэ хичээлийн жилийн бэлтгэлийн хүрээнд сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахад нийслэлд 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын түрээсийн гэрээг дуусгавар болгох санхүүжилтийг шийдвэрлэсэн нь энэ аж. Өнгөрсөн 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг 740 сургууль бие даан, 107 сургууль түрээсийн гэрээ хийж ажилласан байна.
Харин энэ жил түрээсийн гал тогоотой байсан 107 сургуулийг өөрийн гал тогоотой болгох юм. Түрээсийн гал тогоотой сургуулиудын 64 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс гадна улсын хэмжээнд 223 сургууль хоолзүйчтэй бол олон улсын төслөөр 35 мэргэжлийн хоолзүйчийг бэлтгэж байгаа аж.
Энэ хичээлийн жилд БШУЯ-наас хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай зохион байгуулах юм байна. Тухайлбал, нийслэлийн 10 сургуулийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг загвар болгох аж. Мөн зорилтот 45 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангана.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ
Сэтгэгдэл