Монгол-Японы арьсан урлаачдын хамтарсан үзэсгэлэн гарна
Монгол-Японы арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 15-нд “Монгол арт” галерейд нээлтээ хийнэ.
Таван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн хоёр орны хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулснаараа онцлогтой. Хоёр орны соёлын харилцааг арьсан урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлах, туршлага солилцох зорилготой эл үзэсгэлэнд 43 уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг дэлгэх аж. Монголоос 33 уран бүтээлчийн 72 бүтээл, Японоос 10 бүтээлчийн 30 уран бүтээл олны мэлмийг баясгах юм байна.
Үзэсгэлэнд ханын зураг, хөөмөл, уламжлалт арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, арьсан баримал, хүүхэлдэй, холимог техник зэрэг олон аргаар урласан бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгоно.
Ташрамд дурдахад, Японы арьсан урлагийн нийгэмлэгээс дөрөв дэх жилдээ зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнг Токио хотод зохион байгуулахад манай улсаас “Хүрэл буга” нийгэмлэгийнхэн оролцохдоо арьсан зургаар Н.Мөнхтуул тэргүүн, арьсан баримлаар Э.Бямбабаяр дэд, чимэглэх урлагийн төрөлд Г.Баттөр гутгаар байр эзэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл