Оросын парламент Байгал нуурын сав газрын модыг огтлох зөвшөөрлийг 10 жилээр сунгах хууль баталжээ

Aдмин / Гадаад мэдээ

Байгал нуурын сав газарт мод огтлох зөвшөөрлийг 10 жилээр сунгах хуулийн төслийг ОХУ-ын Төрийн Дум өнгөрсөн сарын сүүлээр баталжээ.

Энэ нь БАМ (Байгал-Амарын Төмөр Зам) болон Транс-Сибирийн Төмөр Замыг өргөтгөх зорилготой гаргасан хууль болохыг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

2020 онд ОХУ-ын ерөнхийлөгч Путин бүс нутгийн авто замыг өргөтгөх зорилгоор Байгал нуурын сав газрын модыг огтлох зөвшөөрлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байхаар баталж байжээ.

Харин сая энэ хугацааг 2033 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл 10 жилээр сунгасан байна.

Хятадын зах зээлд хүрэх шинэ төмөр замын чиглэлүүдийг байгуулах зорилгоор ийнхүү сунгасан юм байна.

Шинэ хуульд Байгал нуурын экосистемд харьяалагддаг тодорхой ой тайгын бүсүүдийг нарийвчлан зааж өгчээ. Тухайлбал Эрхүү мужийн 901 гектар, Буриадын 6,000 гектар газар нутаг үүнд багтсан байна.

Ингэхдээ зөвхөн гал түймэрт шатсан ойн хэсгээс мод огтлох нөхцөлийг заажээ.

Гэвч мод огтлох зөвшөөрөл авахын тулд компаниуд зориуд ойд гал түймэр тавьдаг болж магадгүй гэж байгаль хамгаалагчид болгоомжилж байна.

Хуулийн эхний хэлэлцүүлэг өнгөрсөн онд болоход олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

Тухайлбал 2023 оны долдугаар сард байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн хуулийн төслийг буцаан татахыг шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж байв.

Хуулийн төслийг санаачилсан Нэгдсэн Орос намаас сонгогдсон Думын гишүүн Александр Якубовский тухайн үед эсэргүүцэгчдийн ард гадаадын ашиг сонирхол байгаа эсэхийг шалгах санал гаргаж байжээ.

Тэр өөрөө Greenpeace байгаль хамгаалах байгууллагын үйл ажиллагааг ОХУ-д хориглох ажлыг санаачилж байсан юм.

Байгал нуурын сав газрын ой модыг огтлох нь тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрийг алдагдуулах аюултай гэж судлаачид үздэг.

Тухайлбал моддын сүүдрээс ил гарсан ойн хөрс борооны усанд угаагдаж, Байгал нуурын усанд урсаж орсноор нуурын усны найрлагыг өөрчлөх эрсдэлтэй гэж үздэг юм байна.

Байгал нуур бол Евразийн хамгийн том цэвэр усны нөөц юм.

Эх сурвалж: The Moscow Times, IKON.MN


Сэтгэгдэл

Санаа [66.181.186.200] 2024-08-14 23:18:55

ОХУ усан цахилгаан станцыг Байгаль нуурт цутгах гол дээр барьсан эсэхийг сайтар харгалзах. ОХУ одоо мод бэлтгэхээ болиё гэх нь бас нэг зүйл хэлж л байна. Үнэндээ байгал хамгалахыг илүү чухалд тавих учиртай байх. Хоосон хийрхэл бол Монголыг ганцаардуулна.

Зочин [202.9.46.162] 2024-08-14 15:40:53

тэгвэл Эгийн голын усан цахилгаан станц барихад аюултай гээд байдаг нь ямар учиртай юм бол?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.