"Монгол Улсын төсвийн зардал давж, инфляцын дарамт нэмэгдэж, төсөв болон урсгал дансны алдагдал тэлж болзошгүй"
Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм тайланг танилцуулав. Тус тайланд уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байгааг дурджээ.
Эдийн засгийн идэвхжил 2024 оны эхний хагас жилд тогтвортой байж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. Уур амьсгалын эрс тэс нөхцөлөөс үүдэж, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хумигдсан хэдий ч уул уурхай болон тээврийн үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой байж эдийн засгийн идэвхжилийг ийнхүү тэтгэжээ.
Дотоод эрэлт эдийн засгийн өсөлтийг мөн нэмэгдүүлсэн ч үүнтэй холбогдох импортын зардал эрчимжиж, уул уурхайн экспортын орлогоос давснаар төлбөрийн тэнцэлд дарамт учруулж буйг дурдав.
Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр буюу 2026-2027 онуудад дунджаар зургаан хувь байхаар таамагласан бабйна. Оюу толгойн алт, зэсийн олборлолт 2025 онд огцом тэлсний дараа уул уурхайн салбарын үйлдвэрлэл тогтворжих бол худалдаа, бусад үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбарууд эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих төлөвтэй байна.
Эдийн засгийн энэхүү хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэл байна гэж дүгнэжээ. Тухайлбал:
-Төсвийн зардал хүлээгдэж байснаас давсан тохиолдолд инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төсөв болон урсгал дансны алдагдлыг тэлж болзошгүй.
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрч нэмэгдэж, улмаар Монгол Улсад, нэн ялангуяа ядуу, эмзэг бүлгийн өрхүүдийн хувьд эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болгож болзошгүй.
-Дэлхий дахинд эдийн засгийн өсөлт хүлээлтээс удааширсан тохиолдолд гадаад эрэлт суларч, экспортын гол нэрийн барааны үнэ хүлээлтээс буурах эрсдэлтэй.
-Геополитикийн нөхцөл байдал улам хурцадсан тохиолдолд түлш, шатахууны үнэ өсөж, улмаар импортын гаралтай инфляц болон үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх, цаашлаад импортын төлбөрийг эрчимжүүлэх эрсдэл байгааг тайланд дурджээ.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли "Монгол Улсад уул уурхайн экспортын огцом өсөлт макро эдийн засаг, улсын төсөвт сүүлийн хоёр жил дараалан эерэг нөлөөлөл бий болгосоор байна.
Энэхүү эерэг дүнг цаашид бататгахын тулд макро эдийн засгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх шаардлага бий.
Монгол Улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа нь гаднын хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөмтгий болгож байна. Иймд эдийн засгаа төрөлжүүлэх, сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг авч хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Onfor nastan [103.212.117.45] 2024-12-02 08:51:11
Ulsiin tosoboo hiih chadbar alga uu chaddag hvndee hii geed ajjlaa og Ard tvmenee tatbaraar daramtalj amidrah argagvi tosoboo zas Ard olon yaj amidrah be Toriin tergvvn ee
зочин [202.9.46.37] 2024-12-01 08:55:59
банк нэртэи дээрэмчид ёстои хувиин хэвшлииг үнэн алж баина энииг харах ухаан төрд алга залус ёстои урам нь хугарч баина даа
Heartland [202.126.90.210] 2024-12-01 06:18:31
Яг үнэн 218 231 минь. Ийм үед яахыг хэлэх хүн дэлхийд байхгүйтэй адил, харин Монголд тоотой 50-60 хавьцаа гэмээр байгаа. Яагаад гэвэл одоо даяаршмал Эдээр засаглах тогтолцоо байгаа учир эдийн эрх гээч ххүний эрхийг баавардан дарангуйлж байгаа, эд баялаг эзэгнэгч цөөнх 5% маань эд баялагаа улам аривжуулах, хайрлан хамгаалахын төлөө дэлхийгээр нь цөмийн дайны ирмэгт авчирлаа....Оюунаар засаглах тогтолцоонд шилжих үйлсыг Монголчууд яаралтай эхлэхгүй бол хүн төрөлхтөн соёл иргэншил сөнөх нь ээ... 218 231 ээ.....!!!!!!!!!
Зочин [139.5.218.231] 2024-11-30 16:27:55
Иргэд үнэхээр амьдрах арга алгаа яаж амьдрах вэ??? ЕРӨНХИЙ САЙД АА, САНГИЙН САЙДАА, МОНГОЛ БАНКНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ! БИД ЯАЖ АМЬДРАХ ВЭ ЦАЛИН БАГА, ТАТВАР ӨНДӨР УЛАМ НЭМЭГДСЭЭР ТЭНГЭРТ ГАРЧЭЭ ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ БИД ЯАВАЛ ДЭЭР ВЭ ЗҮГЭЭР Л БООГООД ҮХСЭН НЬ ДЭЭР БОЛОЛТОЙ ТИЙМ ҮҮ? ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ДАРГА НАРАА УИХ-ЫН ГИШҮҮН НЭРТЭЙ МАНУУХАЙ НУУД АА? ЯАХЫГ ИРГЭДЭД ХЭЛЭЭД ӨГ