Перу улс онц байдал зарлажээ

Перу улсын Ерөнхийлөгч Дина Болуарте зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн эсрэг тэмцэхийн тулд нийслэл Лима хотод 30 хоногийн хугацаанд онц байдал зарлах зарлиг тушаалд гарын үсэг зурлаа. Онц байдал 10 орчим сая оршин суугчтай нийслэл хотод өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.
Перугийн алдартай дуучин Паул Флорес өнгөрсөн ням гарагт гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан. Гэмт хэрэгтнүүд дуучин Флоресын сууж явсан автобусыг дээрэмдэж, барьцаалахыг оролдсон байна. Энэ үеэр дуучин гэмт хэрэгтнүүдийн бууны суманд өртөж нас баржээ. Уг хэрэг гарахын өмнөхөн гэмт этгээдүүд Лима хотод зоогийн газарт бөмбөг дэлбэлж, 11 хүн гэмтэж шархадсан байна. Удаа дараалан гарсан гэмт хэргүүдийг олон нийт эсэргүүцэж, бухимдлаа илэрхийлжээ. Олон нийтийн уур бухимдлыг намжаахын тулд Ерөнхийлөгч Болуартегийн Засгийн газар ийнхүү нийслэлд онц байдал зарлахаар шийдвэрлэсэн байна.
Онц байдлын хүрээнд Перугийн арми, зэвсэгт хүчний цэргүүд болон цагдаа нарыг нийслэлийн гудамж талбайд тараан байршууллаа. Цэрэг, цагдаа нарт сэжиг бүхий этгээдүүдийг баривчлан саатуулах эрх мэдлийг олгосон байна. Перу улсад ойрын саруудад гэмт бүлэглэлүүдийн халдан түрэмгийлэх үйлдэл эрс нэмэгдсэн. Тэр дундаа тээврийн хэрэгсэл, бизнесийн байгууллагууд зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад аллага, дээрмийн гэмт хэргүүдийг үйлдэх болсон байна. Энэ оны эхний гурван сарын хугацаанд 459 хүн гэмт этгээдүүдийн гарт амиа алджээ. Зөвхөн нэгдүгээр сард 2,000 орчим дээрмийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Ерөнхийлөгч Болуартегийн Засгийн газар гэмт бүлэглэлүүдтэй тэмцэхийн тулд өнгөрсөн жилийн ес болон арванхоёрдугаар саруудад онц байдал зарлаж, хүн амины гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазын ял оноохоо мэдэгдсэн юм. Сөрөг хүчний улс төрчид гэмт хэрэг газар авсан нь одоогийн Дотоод хэргийн сайд Хуан Хосе Сантиванезын дорой байдлаас үүдэлтэй гэж буруутгасан. Тиймээс Дотоод хэргийн сайдыг огцруулах санал гаргаад байна.
Сэтгэгдэл