До.Цэнджав: Сэтгүүлчид “Та ямар сонин ном, сонин сэтгүүл уншсан бэ” гэж гишүүдээс заавал асуудаг байх ёстой

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, судлаач, шүүмжлэгч, сэтгүүлч доктор профессор До.Цэнджавтай ном уншихгүй байх ямар хор уршигтай талаар ярилцлаа.
-Орчин үед Монголын нийгэмд ном уншдаг хүн цөөхөн болжээ. Үүнийг зарим хүмүүс технологитой холбон тайлбарлаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ном уншихгүй байна гэдэг ямар ч цаг үед хөгжил дэвшлээс хоцорч буйн том илрэл байсаар ирсэн. Миний мэдэж буйгаар 1960, 1970 онуудад манай нийгэмд гайхамшигтай уншигчид олон байлаа. Тэр үеийн уншигчдыг нэг ёсондоо сэтгэгчид гэж хэлж болно. Эгэл жирийн малчин, тариаланч, жолооч, тогооч хүртэл ном уншдаг. Жолооч нар гэхэд машиндаа бүхэл бүтэн номын сантай байсан цаг үе. Ямар гайхалтай гэж санана. Шүлэг цээжлээгүй хүн гэж бараг үгүй.
Тухайн үеийн уншигчид зохиолчдоосоо илүү уншдаг, сэтгэдэг сэхээтнүүд байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл тэд өдөр бүр ном уншдаг, маргалддаг, хэлэлцдэг байсанюм. Түүнээсээ амьдралыг таньдаг, ертөнцийн юмс үзэгдлийг эргэцүүлдэг байлаа. Ном уншина гэдэг эцсийн эцэст өөрөө өөрийгөө таних үйл явц шүү дээ.
Сургуулийн сурагч, цэргийн анги, сангийн аж ахуйн бүхий л хүмүүсээс шилдэг ном уншигчийг шалгаруулж Д.Нацагдоржийнтэмдэг олгодог байлаа. Яг одоогийн нийгэмд ийм номын соён гэгээрэл үнэхээр дутагдаж байна. Одоогийн залуучуудын сэтгэхүй, бодож байгаа зүйлс, бичиж буй байдал нь тэр чигтээ сошиал орчиндоо хашигдчихсан.
–Үүнийгээ хөгжил гэж андуураад байна уу?
-Өнөөдөр хөгжөөд байна гэж бүгд ярьцгаадаг. Гэтэл хөгжил гэдэг чинь өөр зүйл байдаг юм. Оюун санааны хувьсгал. Одоо бол хэн дуртай нь чанга хашхирдаг хоосон толгойтнууд олширчээ. Үүнийг хөгжил гэж нэрлэвэл бид хөгжих нь битгий хэл уналтад орсны илрэл шүү. Сошиалд юм бичдэг хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүсийг эрүүл гэхэд үнэхээр хэцүү.
Оюун санааны хувьд шүү дээ. Ном уншиж ертөнцийг, өөрийгөө, хүн байхын мөн чанарыг таньж, даруу төлөв болохыг хэн ч эрхэмлэхгүй, ухаарахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Чи энэ ертөнцийн хувьд хэн юм бэ. Хүн болж төрснийх ядаж энэ асуултад хариулт ол. Хариултыг ганцхан номоос л олно.
–Ном уншдаггүй хүнд илэрч болох хамгийн муу үр дүн юу байдаг вэ?
-Ном, сонин, сэтгүүл бол энгийн сэхээтнийг сурган хүмүүжүүлэх Их сургуулийн дайтай том талбар юм. Өглөө бүр цаасан хэвлэл уншихын оронд нөгөө фэйсбүүкээ ухаад суудаг эрин үетэй бид нүүр тулжээ. Үүний үр дүнд бид тэнэг, мангараараа дуудуулдаг орон болсон.
Ном унших дадалд суралцаагүйн үр дүнд өөрсдийг нь доромжилж, ёжилсон бичвэрийг ч хараад ойлгох ухаантай хүн алга. Ядаж өдөр бүр 20 минут ном уншдаг дадалтай болчих хэрэгтэй.
–Эцэг эхчүүд хүүхдэдээ ном уншуулахын оронд ухаалаг утас авч өгч байгаа нь сөрөг хүчин зүйл болж байна уу?
-Гар утасны хэрэглээ бол утгаа алдсан. Би автобусны хүн л дээ. Одоо автобусаар дүүрэн ухаалаг утсандаа оюун санаагаа захируулсан хүмүүс. Ерөөсөө бүгд утасны дэлгэц ширтээстэй. Одоо гэр бүлээрээ өдөр бүр ном унших дадалд суралцах сэдвийг ярих цаг болжээ. Гэр бүлийн гишүүд хоорондоо харилцахгүй, утас ширтээстэй. Энэ чинь нэгнээ хүндлэхгүй байгаагийн жишээ.
Эцэг эхчүүд ном бол сэтгэлгээний зэвсэг гэдгийг ойлгох ёстой. Ашиглаж чаддаг хүндээ гайхалтай хүч чадал, шинэ ертөнц. Гэтэл манай орон хэрүүл, хараал, хар энергиэр дүүрчээ. Бид шинэчлэл хийх ёстой. Толгойноосоо өөрөөрхэлбэл, төрийн өндөрлөгүүдээсээ эхэлж ном уншдаг дадал хэвшилтэй болох ёстой.
Сэтгүүлчид нь гишүүдээсээ “Та ямар ном, сонин, сэтгүүл уншсан бэ” гэж асуудаг байх ёстой. Худал, үнэн нь мэдэгдэхгүй том, том их сургууль төгссөн хүмүүс.Түүний оронд шууд уншсан номыг нь асуувал арай үнэнд дөхөх байх.
Харин Боловсролын яамны сайд П.Наранбаярнэг ярилцлагадаа “Би уран зохиолын хичээл заах хэмжээний ном уншсан хүн” гэсэн байдаг. Би тэр хүнтэй нүүр учирч үзээгүй ч баяр хүргэмээр байна. Уран зохиолын хичээл заах хэмжээнд ном уншсан сайдыг амьдралдаа харсангүй ээ.
–Өнгөрсөн жил олон улсын PISA үнэлгээгээр манайхаас судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 64 хувь нь уншсан зүйлээ бүрэн ойлгодоггүй гэх үнэлгээ гарчээ.
-Эх хэл дээрээ уншаад ойлгохгүй байна аа гэдэг маш том эмгэнэл. Бүр талаас илүү хувь нь эх хэл дээрээ уншаад ойлгохгүй байхад бидэнд ирээдүй байна уу. Уншихаа боливол сэтгэхээ болино гэж үг бий. Ер нь ном уншдаггүй хүн өөрийгөө олигтой илэрхийлж, танилцуулж чаддаггүй.
Хүн нийгмийн харилцаанаас зугтах боломжгүй. Гэтэл өөрийгөө ганцхан чанартай, даацтай өгүүлбэрээр илэрхийлж чадахгүй байна гэдэг тухайн хүнийг ямар сул дорой, арчаагүй байгааг илтгэнэ. Одоо залуучуудыг хараад байхад харц, биеийн хэлэмж, ярианы өнгө, үгний сонголтууд нь ерөөсөө зүгшрээгүй.
Ном, тэр дундаа уран зохиолын ном уншдаг хүн бол маш цэгцтэй байдаг. Төгс ярина. Үгээ олж ядаад л, гацаж, ээрч муурахгүй. Номын мөртүүд шиг л өгүүлбэр өгүүлбэрээр харилцана. Ийм хүнтэй ярихад үнэхээр урамштай.
А.ДАВААДУЛАМ
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Зочин [103.209.212.170] 2025-03-21 14:18:24
зөв л юм хэлээд байна дээ
Зочин [66.181.177.77] 2025-03-21 09:55:04
Зөв