Жанжин штабын дарга нар уулзав

Их Британийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Тони Радакин, Францын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Тьерри Буркхард нар Киевт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй байлдааны ажиллагаа дууссаны дараа энх тайван тогтоох боломжийг хангах талаар ярилцжээ.
Уг уулзалтын дараа Буркхард өөрийн Х хуудсанд “Бид хамтдаа Европ тивийн аюулгүй байдлын хамгийн чухал нөхцөл болох Украинд урт удаан, найдвартай энх тайвныг баталгаажуулахыг хүсч байна. Хэлэлцээний үеэр талууд Украины Зэвсэгт хүчинд тууштай дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан бөгөөд энэ нь тэдэнд Оросын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх боломжийг олгоно.
Хэлэлцүүлгийн үеэр Украины армийн загварыг өөрчлөх урт хугацааны стратеги буюу “Европын улс орнуудын аюулгүй байдлын гол баталгаа”-г хэрхэн хангах талаар ярилцсан. Гал зогсоосны дараа Украиныг нэн даруй дэмжих Парис, Лондонгийн алхмуудыг мөн хэлэлцсэн” гэж бичжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Бурхард, Радакин нар Зеленскийтэй уулзсаны дараа Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нартай хэлэлцээ хийж, Украины газар , тэнгэр, далайд, түүнчлэн агаарын довтолгооноос хэрхэн хамгаалах талаар ярилцаж, долоо хоног бүр цэргийн удирдлагын дээд түвшинд уулзалт хийж байхаар тохиролцсон байна. Харин Их Британийн Батлан хамгаалах яам “Батлан хамгаалахын Жанжин штабын дарга адмирал Тони Радакины Киевт хийсэн айлчлалын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийжээ.
Уг мэдээлэлд “Киевт болсон уулзалтаар Украины армийн өнөөгийн чадавхыг хэрхэн бэхжүүлэх талаар ярилцаж, ирээдүйд хамгийн хүчирхэг арми болгоход чиглэсэн. Ирэх пүрэв гаригт Брюссельд Их Британи, Франц, Герман тэргүүтэй Хүсэлтнүүдийн эвслийн улсуудын Батлан хамгаалахын сайд нарын шинэ хурал болно.
Мөн маргааш нь буюу энэ сарын 11-нд Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили болон Германы Батлан хамгаалахын сайд нар Украины асуудлаарх Батлан хамгаалахын холбоо барих Рамштайны бүлгийн хурлыг даргалах болно” гэсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш АНУ энэ хурлыг даргалахгүй болсон юм. Мөн Их Британийн засгийн газар Хүсэлтнүүдийн эвсэл гэсэн нэрийг хашилтгүйгээр бичиж эхэлсэн нь энэхүү эвслийг албан ёсны байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн хэрэг юм байна.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Киевт болсон Их Британи, Францын Жанжин штабын дарга, адмирал Тони Радакин, генерал Тьерри Буркхард нартай хийсэн уулзалтын талаар “Аюулгүй байдлын түншүүдийн бүрэлдэхүүнийг хэрхэн байршуулах талаар бодит ахиц дэвшил, анхны нарийн ширийн зүйлийг ярилцсан.
Бид Украины газар, тэнгэр, далайд, мөн агаарын довтолгооноос хамгаалах болон бусад “эмзэг” зүйлсийн талаар тохиролцсон” гэж мэдээлжээ. Энэ үеэр Хүсэлтнүүдийн эвслийг эрс эсэргүүцэж буй ОХУ Владимир Зеленскийн төрсөн хот Кривой Рог руу пуужингаар цохилт өгсний улмаас 20 хүн амиа алдаж, 72 хүн шархадсан байна. Оросын энэхүү цохилтод Хар тэнгисээс хөөргөсөн пуужингууд оролцсон бөгөөд Европын Холбоо “Энэ бол Орос дипломат ёсыг гажуудуулан газар, агаар, далайд гал зогсоохгүй байхыг хүсч буйн нотолгоо юм” гэж мэдэгдэв.
Сэтгэгдэл
Зочин [124.64.22.62] 2025-04-10 00:07:01
Украйн гэж франц Английн тоглоомын талбай болжээ
Зочин [202.179.24.213] 2025-04-09 18:13:22
ФРАНЦ РУУ УРАН ГАРГАХ Ч ЛӨӨЛӨӨ БОЛОХ НЬ ДЭЭ... МАНАЙХАН ДЭЭР ДООРГҮЙ НЭГ Л ИХ БУЧИГНААД БАЙСАН . ИХ САНАСАН ГАЗАР ....
Зочин [202.9.40.136] 2025-04-08 20:26:55
Жомбого Трамп