С.Эрдэнэбат: Инфляцийн түвшнээ давсан цалингийн нэмэгдлийг хийх хэрэгтэй

Улсын Их хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбаттай ярилцлаа.
-Багш нар өнөөдөр (өчигдөр) жагсаж байна. Та сая Төрийн ордноос гарч, төлөөлөлтэй нь уулзаад ирлээ. Жагсаж байгаа багш нар ямар, ямар шаардлага тавьж байна вэ?
-Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас болон, мөн МҮЭ, орон нутгийн үйлдвэрчний эвлэлүүд оролцож байгаа энэ жагсаалд нэлээд хэдэн шаардлага байна. Үүн дотор гол гурван шаардлага гэж байна лээ. Нэгдүгээрт, боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх.
Хоёрдугаарт, санхүүжилтийг нэмэгдүүлж, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох дээр анхаарах. Энэ бол олон зүйлээс шалтгаална. Багшид компьютер, хүүхдэд хүрэлцээтэй ширээ сандал, чанартай хоол хүнс гээд ярих юм бол их зүйл бий. Гуравдугаарт, боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын онцлогийг анхаарч, орон тооны цомхотголд хамруулахгүй байх гэсэн байна. Сургууль, цэцэрлэг, боловсролын салбарт зөвхөн багш нар ажилладаггүй. Өөр олон хүн байгаа. Тэдгээрийг орон тооны цомхотголд хамруулахгүй байхыг шаардаж байгаа юм байна.
Мөн багш нарын орон сууцны асуудлыг шийдэх санал тавьсан. Эдгээр асуудал дээр би олон санаачилгыг Засгийн газарт тавьсан. Саяхан Ерөнхий сайдтай уулзаж, цалин хөлсийг 3.5 сая төгрөгт хүргэхэд төсвийг дайчлах, яг хэзээ, ямар хэмжээгээр нэмэх вэ гэдгээ нарийн тохирох хэрэгтэйг хэлсэн. Тэгэхгүй бол зөвхөн хэлэлцээр гэхээр бодит үр дүнд хүрдэггүй тал байдаг.
-Яг ирэх оны төсөв хэлэлцэж байгаа үе таарч байна шүү дээ?
– Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа учраас ирэх долоо хоногт энэ асуудлыг Өргөдлийн, Нийгмийн бодлогын, Төсвийн байнгын хороонуудаар авч хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Миний харж буйгаар эхлээд багшийн үндсэн цалинг улсын үндсэн цалингийн дундаж хэмжээнд хүргэх хэрэгтэй.
Одоо чинь улсын дундаж 2.4 орчим сая төгрөг байхад багш нарынх 1.4 сая байгаа. Дараагийн ээлжинд ер нь гар дээрээ авч байгаа цалинг 3.5 сая төгрөг болгож байж ядаж зээлээ төлөх хэмжээнд очихоор байна. Мөн боловсролын салбарт гарч байгаа чанарын асуудлуудыг багш нарынх нь оролцоотой шийдэх хэрэгтэй.
Ер нь улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг энэ салбарт зарцуулж байж бодит үр дүн гардаг. Манайх бол хүүхэд, залуучуудын орон мөртлөө ДНБ-ий 14.5 орчим хувьтай байна. Намайг МҮЭ-ийн ерөнхийлөгчийн ажлыг авч байхад багш нарын үндсэн цалин бүр 700 мянган төгрөг байсан. Тэгэхээр жил бүр тодорхой хувиар нэмж, бусад нэмэгдлүүдийг нь нэмээд өгөх хэрэгтэй. Ингэж байж гартаа авдаг цалин нь нэмэгдэнэ.
– Одоо оруулаад ирчихсэн байгаа ирэх оны төсөв чинь 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай юм билээ. Тэгвэл улсынхаа дундаж цалинд хүргэх боломж байгаа юм уу. Ирэх оны төсвийг та юу гэж үзэж байна вэ?
– Төсвийн боломжийг харахаар зөрүү их байна. Тухайлбал, ирэх жил төрин албан хаагчдын цалинг огт нэмэхгүй гэж төсөвт орж ирсэн. Тиймээс миний хувьд инфляцийн түвшнээ давсан цалингийн нэмэгдлийг хийх хэрэгтэй. Тэгж байж худалдан авах чадвараа хадгална. Тэгэхгүй болохоор энэ жил хийсэн зургаан хувийн нэмэгдэл чинь инфляцидаа идэгдчихсэн.
Мөн татварын хөнгөлөлтийн арга хэмжээг ч урьдчилсан байдлаар авах хэрэгтэй. Үүний цаана мөн олон бодлогын асуудал бий. Орон нутгийн нэмэгдэл энэ тэр өгдөг болсноор хөдөө очих багш нэмэгдэж байгаа ч нөгөө 4000 багш дутагдсан хэвээрээ л байгаа шүү дээ.
-Манай улсад нэг сонин зүй тогтол шиг зүйл байх юм. Нэг хэсэг нь цалин, тэтгэврээ нэмүүлж , орлогоо өсгөмөөр байна гэж шаарддаг. Тэгээд Засгийн газар, төр засгаас нь уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөж , улсын төсвөө нэмэгдүүлье гэхээр нэг хэсэг нь хортой, ухуулахгүй гээд эсэргүүцдэг. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Тийм, үнэн. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр Монгол Улсад мөнгө хэрэгтэй байна. Уул уурхайг ард түмэнд хүртээмжтэй байдлаар ашиглах хэрэгтэй. Огт битгий ашигла гэж хэлэхгүй. Харин яагаад өнөөдөр зарим нь эсэргүүцээд байна гэхээр орд газрын ашиглалтын өрмийг нь цөөхөн хүн хамаад, хусмыг нь нийт ард түмэнд хувааж өгөөд байсантай л холбоотой.
Одоо харин Засгийн газар нь санаачилга гаргаад Баялгийн сандаа авъя. Ард түмэндээ хуваая гэж байгаа нь сайн. Нүүрс гайгүй байхад миний бие МҮЭ-д байх үедээ нэг их наяд төгрөгөөр цалинг нэмүүлж байсан. Ганцхан компанийн хулгайг жаахан байхгүй болгоход л тийм их мөнгө гараад ирсэн. Ийм боломжуудыг ашиглаад эхлэх юм бол асуудлыг шийдэж болно. Цалингаас гадна иргэдийнхээ орлогыг ийм, ийм ордуудыг ашиглаж нэмэгдүүлнэ гэсэн бодлого байх хэрэгтэй. Хувьцаа, тендер, ажлын байр бий болгох гээд олон хэлбэрээр явуулж болно.
-УИХ-аас Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаар Хянан шалгах түр хороо байгуулаад ажиллаж байгаа. Зээлийн хүүг нь ердөө гурван хувиар буулгахад л ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх мөнгө гараад ирнэ гэж ажлын хэсгийн гишүүн нь хэлсэн байна лээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Оюу толгой дээр бидний мэдэхгүй зовлон мэддэгүүд нь хийгээгүйн зовлон хоёр л байдаг гэж боддог. Монгол Улсад үр өгөөж нь тодорхой хэмжээгээр ирж байгаа. Гэхдээ зөндөө боломж байсан юм болов уу гэж өнөөдөр дүгнэхэд хүрч байна. Тухайлбал, тэр Онтрогийн гэрээ гээд байна. Тухайн үед дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээлийг аваад ногдол ашиг маань улам л хойшлоод байдаг. Бид чинь өөртөө ногдох 34 хувийнхаа зээлийг 11 хувийн хүүтэйгээ авсан.
Ам.долларын ийм хэмжээний хүү гэдэг бол үнэхээр өндөр тоо. Оюу толгой нь энэ мөнгөө цаанаасаа 4-5 хувийн хүүтэйгээр авсан гэсэн судалгаа байдаг. Ийм боломжуудаа дайчлах юм бол өн өөд рийн энэ зовлонгийн далайнууд арилна.
Харамсалтай нь8 нэг гэрээ хийхээр эрх мэдэлд ойрхон хүмүүс нь үр ашгаа хүртээд, жирийн иргэдэд наалдсан зүйл мэдэгдэхгүй болохоор л уурлаад байгаа юм. Тиймээс л ухуулахгүй, газартаа байж байг гэдэг хоёр туйлд хуваагдчихаад байна. Энэ хоёр туйлаа ойртуулах ёстой. Нэг талдаа үнэхээр хашраасан байна. Энэ итгэлийг олж авна гэдэг хэцүү. Гэвч харьцангуй сэргэж байна уу л гэж хардаг.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.112] 2025-09-26 09:14:24
Засгийн газар Бараа бүтээгдэхүүний үнийн үндэслэлгүй нэмэгдлийг зогсоох, хязгаарлах арга хэмжээ авахгүй бол цалин, тжтгэвэрийг хичнээн нэмээд ч ашиггүй. Яагаад засгийн газар энэ тал дээр ажилладаггүйг гайхаад байдаг. Хэдийгээр зах зээлийн зарчим гэж байгаа ч ингэж өдөр болгон үнэ нэмэгддэг зарчим гэж хаана ч байхгүй. Манай эдийн засаг буруу яваад байгаа нь энүүхнээр харагддаг. Одоо энэ бүгдийг зөв гольдролд нь оруулах хэрэгтэй.