Алтны үнэ 5600 ам.доллароос давжээ
Чикагогийн CME таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх унц алтны үнэ 5 626.8 ам.долларт хүрчээ. Энэ долоо хоногийн эхээр алтны үнэ анх удаа 5000 ам.долларын босгыг давж, долоо хоногийн хугацаанд 10 гаруй хувиар өсжээ. Харин 2026 он гарснаас хойш 27 гаруй хувиар өссөн бол өнгөрсөн оны туршид 64 хувиар нэмэгдсэн байна.
Алтны үнийн өсөлт нь хөрөнгө оруулагчид "аюулгүй актив" руу хөрөнгөө шилжүүлж байгаатай холбоотой гэж шинжээчид дүгнэж байна. АНУ-ын засгийн газрын өрийн хэмжээ өссөн нь дэлхийн зах зээлд эргэлзээ үүсгэсэн, түүнчлэн худалдаа, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал зэргээс шалтгаалан алтны үнэ өсжээ.
Төв банкууд нөөцөө төрөлжүүлэхийн тулд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа нь мөн нөлөөлсөн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өөрчлөлгүй хэвээр үлдээсэн нь алт зэрэг эрсдэл багатай активуудын үнийг өсгөсөн байна. Мөн ам.долларын ханш суларснаар гадаадын худалдан авагчдын хувьд алт хямд үнэтэй болжээ. Мөнгөний үнэ мөн өссөөр байгаа бөгөөд нэг унц нь 120 ам.долларт дөхөж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мөнгөний үнэ анх удаа 100 ам.доллар давсан билээ.
Д.Жаргал
































































Сэтгэгдэл