Axios: Трампад АНУ-ын цэргийн дээд командлагч Ирантай удаан үргэлжлэх дайн дэгдэх аюулын талаар анхааруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Зэвсэгт хүчний Нэгдсэн штабын дарга, генерал Дэн Кейн Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах нь Вашингтоны хувьд удаан хугацаанд сунжрах зөрчилдөөнд хүргэж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн талаар Axios портал эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.

Axios-ийн мэдээлснээр, Кейн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтуудын үеэр “Ираны эсрэг цэргийн кампанит ажиллагаа нь ноцтой эрсдэл дагуулж, тэр дундаа урт хугацааны дайн болж хувирах магадлалтай” хэмээн анхааруулсан байна.

Порталын мэдээлэлд дурдсанаар, Трампын ойрын хүрээний зарим хүмүүс болгоомжтой хандахыг уриалж байгаа бол эх сурвалжуудын нэг хэсэг нь Трамп өөрөө цэргийн цохилт өгөх тал руу хэлбийж байгаа талаар мэдэгджээ.

Эх сурвалжуудын өгүүлснээр, генерал Кейн өмнө нь АНУ-ын Венесуэл дэх цэргийн ажиллагааг бүрэн дэмжиж байсан ч Ираны асуудал дээр илүү болгоомжтой байр суурь баримталж байгаа аж. Тэрбээр Ираны эсрэг хүч хэрэглэвэл Америкийн цэргийн албан хаагчдын хохирол өндөр байх магадлалтай гэж үздэг байна.

Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Америк удаан хугацааны мөргөлдөөнд татагдан орж болзошгүйд санаа зовниж буйгаа сүүлийн өдрүүдэд илэрхийлсэн талаар Axios онцолжээ.

Нэгдүгээр сард Цагаан ордон Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэх хувилбарыг нухацтай авч үзэж байгаа талаар анхааруулж байв. Тухайн үед Вашингтон Тегераныг хэлэлцээний ширээний ард суулгаж, цөмийн зэвсгээс бүрэн татгалзахыг тусгасан “шударга, тэгш” хэлэлцээр байгуулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Харин Ираны эрх баригчид атомын бөмбөг бүтээх ямар ч зорилгогүйгээ удаа дараа мэдэгдсээр иржээ.

Хоёрдугаар сарын 17-нд Женев хотноо Оманы зуучлалаар АНУ, Ираны хооронд цөмийн асуудлаарх хоёр дахь шатны хэлэлцээ болсон. Ираны Гадаад хэргийн яам тодорхой асуудлуудаар харилцан ойлголцолд хүрч, тэдгээрийг ирээдүйн цөмийн хэлэлцээрийн төсөлд оруулах боломжтойг мэдэгджээ.

Харин Вашингтон хэлэлцээ ерөнхийдөө эерэг болсон ч Тегеран Цагаан ордны дэвшүүлсэн зарим байр суурийг одоогоор хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байгааг онцолжээ. Дараагийн хэлэлцээний цаг, байршлыг талууд нууцалж буй аж.

АНУ болон Израиль өмнө нь Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаас гадна баллистик пуужин үйлдвэрлэхээ зогсоох, Ойрхи Дорнод дахь про-иран чиглэлийн хүчнүүдийг дэмжихээ болих шаардлага тавьжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.