Украины банкны бэлэн мөнгө, алтыг эргүүлэн өгөхийг Унгараас шаарджээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэ сарын 5-ны өдөр Унгарын нутаг дэвсгэрт Украины бэлэн мөнгө зөөдөг хамгаалагч нарыг саатуулах явцад хураан авсан мөнгөн дэвсгэртүүд, алтан гулдмайнуудыг эргүүлэн өгөхийг Украины тал шаардсан байна. “Австри улсаар дамжин өнгөрч явсан банкны бэлэн мөнгө зөөдөг хуягласан хоёр автомашиныг Унгарын эрх баригчид дээрэмдэж, гэгээн цагаан өдрөөр мөнгө, үнэт металлыг хулгайлан авснаас хойш гурван хоног өнгөрч байна” гэж Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига өчигдөр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. “Энэ мөнгө бол Унгарын, тус улсын засгийн газрын мөнгө биш, энэ бол Украины төрийн өмчийн "Ощадбанк"-ны мөнгө, өөрөөр хэлбэл, Украины татвар төлөгчдийн мөнгө” гэдгийг тэрбээр дурдсан байна.

Үүний сацуу "Ощадбанк" банкны зүгээс бэлэн мөнгө зөөдөг автомашинууд, бэлэн мөнгө, үнэт металлыг буцаан өгөхийг Будапештээс шаарджээ. Шаардлагад дурдсанаар, "Ощадбанк" ба Австрийн "Райффайзен" банкны хооронд байгуулсан олон улсын хэлэлцээрийн дагуу дээрх ачааны бичиг баримтыг олон улсын дүрэм журмын дагуу зохих ёсоор бүрдүүлсэн байна.

Үүний сацуу Унгарт баривчлагдсан Украины банкны бэлэн мөнгө зөөдөг 7 хамгаалагч эх орондоо эргэн ирсэн тухай баасан гарагт сайд А.Сибига мэдээлжээ. Үүнээс нэг өдрийн өмнө “Ощадбанк”-ы бэлэн мөнгө зөөдөг хоёр автомашиныг Унгарт саатуулан шалгасан бөгөөд эдгээр машинд 40 сая доллар, 35 сая евро, 9 кг алт байсан аж.

Харин Унгарын эрх баригчид мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Украины Аюулаас хамгаалах албаны генерал асан болон цэргийн хэрэгт мэргэшсэн хэд хэдэн хүний удирдлага дор мөнгө, үнэт металлыг зөөвөрлөх ажиллагааг зохион байгуулсан гэж Унгарын тал үзэж байна. Үүнтэй холбогдуулан Унгарын Гадаад хэргийн сайд П.Сийярто нэн даруй хариу өгөхийг Киевээс шаарджээ. Түүний хэлснээр, нэгдүгээр сараас хойш Унгарын нутгаар дамжуулан 900 сая доллар, 420 сая евро болон 146 кг алтыг тээвэрлэсэн байна. Үүнтэй зэрэгцэн Украины Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Унгар руу явахгүй байх, тус улсаар дамжин зорчихгүй байхыг украинчуудад уриалжээ.

Сүүлийн өдрүүдэд Киев, Будапештийн харилцаа нэлээд хурдцадлаа. Учир нь, нефть дамжуулах “Дружба” хоолойгоор Оросын газрын тосыг Унгар руу тээвэрлэх явцыг сэргээхээс Киев татгалзаж байна хэмээн үзэж буй Унгарын тал Европын Холбооноос Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлд хориг тавьжээ. Украины тал Унгарын төлөөлөгчдийг нефтийн хоолойн эвдэрсэн хэсэгт нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд уг хоолой Оросын дайралтад өртөн эвдэрсэн гэж мэдэгдэж байгаа юм.

Энэ сарын 5-ны өдөр Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэхдээ, 90 тэрбум еврогийн зээлийг бойкотлож байгаа хүний утасны дугаарыг Украины зэвсэгт хүчинд өгнө, түүнтэй өөрийнхөө хэлээр ярилцана биз гэсэн нь Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Унгарын сөрөг хүчнийхэн ба Европын Комиссын зүгээс ширүүн шүүмжлэлтэй тулгарсан байна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.