Дэлхийн газрын тосны хомсдол нэг тэрбум баррельд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 11 /Reuters/. АНУ, Израил болон Ираны хоорондох дайны улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн гэж Саудын Арабын "Saudi Aramco" компани тооцоолжээ. Тус компанийн захирал Амин Насерийн тооцоолсноор, Ормузын хоолойг бүслэн хаах ажиллагааг зогсоож, нийлүүлэлт сэргэсэн тохиолдолд ч гэсэн зах зээл болон түүхий эдийн үнийг тогтворжуулахад тодорхой хугацаа шаардлагатай. А.Насер онцлохдоо, дайн тулаанаас гадна тус салбарт олон жилийн турш үргэлжилсэн хөрөнгө оруулалтын дутагдал нь хэдийн багасаад байгаа нөөцөд нэмэлт дарамт болж байна гэв.

Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 12 орчим хувь нь ногддог "Saudi Aramco" компанийн энэ оны нэгдүгээр улирлын цэвэр ашиг 25 хувиар өсөж, 32.5 тэрбум ам.долларт хүрчээ.

Ормузын хоолойн бүслэлтийг тойрч гарахын тулд тус компани Персийн булангийн зүүн эргээс Улаан тэнгис рүү өдөрт 7 сая хүртэлх баррель түүхий нефть дамжуулах хүчин чадалтай өөрийн дамжуулах хоолойг ашиглаж байгааг Амин Насер дурдсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн газрын тосны нөөц 200 сая баррелиар буурсан нь түүхэнд үзэгдээгүй өндөр үзүүлэлт болсон тухай Британийн "Financial Times" сонинд "S&P Global Energy" болон "Goldman Sachs"-ийн шинжээчдийн мэдээллийг эш татан бичжээ.

"S&P"-ийн шинжээчдийн тооцоолсноор, дөрөвдүгээр сард эрэлт өдөрт 5 сая баррелиар унасан бол (энэ нь цар тахлын үеийнхээс хойших хоёр дахь том уналт) газрын тосны нийлүүлэлт өдөрт 6.6 сая баррелиар буурчээ.

Нөөц огцом буурсан нь зах зээлд одоогоор нөлөөлөөгүй байгаа тул "газрын тосны үнэ цаашид өснө" гэж шинжээчид үзэж байна. "Financial Times" сонинд бичсэнээр, өнөөдрийн байдлаар олборлосон боловч боловсруулаагүй байгаа түүхий тосны нөөц 4 тэрбум баррель орчим байгаа гэж таамаглаж байна. Гэвч үүний ихэнх хэсгийг газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон дамжуулах хоолойн өдөр тутмын тасралтгүй ажиллагааг хангахын тулд ашиглаж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.