Д.Жаргалсайхан: Бид төсөл, хөтөлбөрийг эхлүүлсэн бол дуусгаж, үр шимийг нь үздэг байх хэрэгтэй
Улсын Их хурлын гишүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж байгаа. Ингэх болсон гол үндэслэл нь юу вэ?
-Нэг цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцээд салбарын сайдад нь хариуцлага хүлээлгэ. Үгүй бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага хүлээлгэнэ гэсэн шийдвэрийг бүлгээс гаргасан. Гэвч Батлан хамгаалахын сайддаа хариуцлага хүлээлгээгүй. Тийм учраас гишүүдийн зүгээс Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэж үзээд бүлгээс гурван одтой шийдвэр гарсан. Тэгэхээр үүнд бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурж байгаа.
-Одоогоор хэдэн хүн гарын үсэг зурсан байгаа вэ?
-Түүнийг нь би сайн мэдэхгүй байна. Бүлгийн дарга дээр ороод хэн нь зурсан, зураагүйг шалгаагаад явах нь зохимжгүй. Гурван одтой шийдвэр учраас бүх гишүүд л зурах ёстой.
-Одоогийн Засгийн газрыг таны хувьд хэр ажиллаж байна гэж харж байгаа вэ?
-Шинээр байгуулагдсан Засгийн газар эхэндээ нэлээд сүржин даржин мэдэгдлүүд хийсэн. Гэвч тэдгээрээс нь одоогоор нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа юм алга.
Инфляци нэг оронтой тоонд байсан ч одоо хоёр оронтой тоо руу орсон. Энэ чинь ард түмний амьдралыг улам дордуулж байна. Ийм байдалтай явж байгаа нь энэ Засгийн газрын ярьж байсан зүйл биеллээ олоогүйн илрэл. Мөн хулгай луйвар хийсэн, хүн алсан алаагүй тухай хүртэл ярьцгаасан. Гэвч сүүлдээ эвлэрээд, нэгнээ уучлаад явцгаачихлаа. Тэгэхээр эдийн засаг болоод хууль эрх зүйн хувьд олигтой зүйл гарсангүй. Дээрээс нь махны үнийг буулгана гэсэн одоо болтол буугаагүй л байна. Гэхдээ буух нь буух юм шиг байгаа юм. Гэхдээ их буруу аргаар буулгах гэж байна.
-Хүчээр гэсэн үг үү?
-Хүчээр биш, бараг өвчин гаргаж бууруулж байна уу, яаж байна. Малын өвчин их гарна гэдэг чинь гадагшаа мах гарахаа болино. Монгол Улсын өвчтэй махыг гадныхан авахгүй. Тэгэхээр монголчууд маань өөрсдөө өвчтэй мах идэхээр болж байна. Саяхан мал, малчны тухай асуудал нэлээд яригдаад УИХ-ын дэд дарга удирдаад Малчны тухай хуулиар сонсгол зохион байгуулсан. Харамсалтай нь сайд нар нь хоёр өдрийн сонсголд орж ирсэнгүй. Одоо чинь манай улсад 250 орчим мянган малчин өрх бий. Гэвч эдгээр хүмүүсийн асуудлыг Засгийн газар шийдэхгүй юм байна. Нэг ёсондоо төр үндсэн үүргээ биелүүлсэнгүй. Тийм болохоор эдийн засаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт чадамж муутай л болж байна.
-Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцсэн хуулиудыг алийг нь онцолмоор байна. Яг ямар хуулиуд дээр ач холбогдол өгч оролцсон бэ?
-Миний хувьд төрийн оролцоог бууруулах, төсвийн зарлагыг багасгах, хувийн хэвшлийг илүү дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортын барааг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг асуудалд энэ хаврын чуулганы үеэр нэлээд анхаарч ажиллалаа. Гэвч чуулганаар тийм том өөрчлөлт гаргаж чадсангүй. Дээрээс нь энэ талын ажлуудаа яамд маань хөрсөн дээр нь аваачиж буулгаж чаддаггүй юм байна. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимтэй явуулах тал дээр саналаа нэлээд хүчтэй гаргаж хэлж байлаа. Энэ хоёр төслийг явуулахын тулд Засгийн газрыг яаралтай өргөн барь гэдэг саналыг ч хүргүүлсэн. Энэ санал маань дэмжигдсэн. Ер нь бид нэг эхлүүлсэн бол дуусгах ёстой. Түүнийхээ үр шимийг үзэх хэрэгтэй. Түүнээс биш ингээд хэрүүл хийгээд суугаад байж болохгүй. Өнөөдөр эрчим хүчний хомсдолтой байна. Дэлхий даяар шатахуун хомсдож, үнэ их өсөж байгаа. Тиймээс энэ төслүүдээ хурдан дуусгах шаардлагатай. Тэгж байж бид гаднаас авч байгаа хамаарлаа багасгана. Мөн хэрэглээний үнэ өсөөд байгаа учраас иргэдийн зүгээс цалин нэмэгдүүл гэдэг зүйлийг ярьж байгаа. Ноднин жил Төсвийн байнгын хороонд орж ажилласан. Гэтэл багш, эмч нарынхаа цалинг нэмчихээр дагаад барааны үнэ өсчихөөд байгаа юм. Ингэхээр тэтгэвэр тэтгэмжээ яах билээ. Хувийн хэвшлийнхэн дагаад цалингаа нэмэхээс өөр аргагүй болно. Гэвч ийм боломж нь хэр байгаа билээ. Тийм болохоор татвар, шимтгэлээ бууруулъя гэдэг дээр нэлээд голчилж ажиллалаа. Тиймдээ ч Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийг дэмжиж, санал бодлоо илэрхийлж байсны үр дүнд ямар ч байсан батлагдлаа. Энэ оны төсөв дээр Ардчилсан намын бүлгээс гаргасан Ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан. Үүний үр дүнд дарга нарын цалин нэлээд хасагдсан.
-Чуулганы төгсгөл рүү хуулиудыг бөөнөөр баталж байна, батлах нь гэсэн хардлага нийгэмд гардаг. Энэ удаад тийм зүйл ажиглагдаж байна уу?
-Хуульд өөрчлөлтүүд их орж байна. Эдгээр өөрчлөлтийг харахаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг орвонгоор нь өөрчилчихөөр зүйлс алга. Оюу толгой, Таван толгой, Ашигт малтмал, АМНАТ гээд асуудлууд байна. Эдгээр нь явах ёсоороо л явж байгаа. Түүнээс батлах гээд нэг их яараад байгаа юм байхгүй.
-Та ярианыхаа эхэнд МАН муудалцаад байснаа эвлэрчихлээ гэж хэлсэн. Үүний илрэл нь сая болж өнгөрсөн орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн мөн үү. Танай нам нэлээд тааруу оролцох шиг боллоо?
-Энэ удаагийнх бол Ардчилсан намд зайлшгүй шаардлагатай нөхөн сонгууль байгаагүй. Орон нутгийн сонгууль гэдэг чинь аймаг, сумын ИТХ-ыг бүрдүүлдэг. Гэтэл тэнд ганц, хоёр суудал авснаар АН ялаад, удирдлагад гарчихгүй. Тийм ч болохоор төв намаас хүч хаясан, орон нутгийг доргиосон сонгууль болсонгүй. Аймаг, орон нутгийнхаа хэмжээнд л аймгийн намууд зохион байгуулж, төв намаас удирдамж чиглэл аваад л явлаа. Хоёрдугаарт, бид цаашдаа ирц дээр анхаарах ёстой юм байна. Нөгөө талдаа эрх мэдэл, албан тушаалын амлалт, мөнгөний асуудал их байсан. МАН ийм байдлаар сонгууль хийдэг нь тодорхой болсон.
-Баянхонгор аймгийн Засаг даргатай холбоотой гомдлыг цагдаад гаргаж, шалгуулсан гэдэг асуудал дээр таны нэр явж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Хаа сайгүй л гомдол мэдээлэл байна. Зарим нь янз бүрээр ярих юм. Гэсэн ч УИХ-ын гишүүн учраас шууд тийм, ийм гэдэг хүнийг хэлж болохгүй. Баянхонгор аймгийн хувьд асуудал зөндөө байгаа. Манай аймаг чинь уул уурхай их, түүнийгээ дагасан төсөв тендер олон. Эдгээрийг тойрсон маргаан ч их байна. Хардах эрх нь хэнд ч нээлттэй учраас гомдлоо гаргаад шалгуулаад л явж байгаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өдрийн сонин































































Сэтгэгдэл