Хуульч, доктор Б.Гүнбилэг: Авлига, залилан өсөөд байгаа нь нэг талаар оюуны доройтол
Нийтийн оюун санааны байдал тогтворгүй, дорой байх нь юунаас болдог, хэрхэн арга хэмжээ авах талаар Хуульч, доктор Болдбаатарын Гүнбилэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед монголчуудын дунд оюун санааны доройтолд нэрвэгдсэн байдал ажиглагдаж байна уу? Та энэ талаар ямар бодолтой байна?
-Оюун санааны доройтол гэхээс илүүтэй өөрсдөдөө, бас төрд итгэх итгэл дундарсан гэж хэлэх байх.Энэ нь юунд итгэхээ мэдэхээ байсантай холбоотой.Харин оюун санааны доройтол гэх нь юуг яаж харьцуулах вэ гэдгээс шалтгаална. Ажил төрөлтэй байя, урдах ажлаа хийе, мөнгө төгрөг олъё гээд эрвийх дэрвийхээрээ л дор бүрнээ хичээж байх шиг. Бас нөгөө талаас ажил голох нь их байх шиг.Сөрөг зүйлсийг нь зарим төрлийн гэмт хэргийн гаралт өссөнөөс харж болох байх. Жишээ нь сүүлийн таван жилд залилангийн гэмт хэрэг бараг тав дахин өссөн байна.
Залилангийн гэмт хэрэг 2020 онд 4270 байсан бол өнгөрсөн жил 16906 болсон байна. Энэ тоо хүн хулхидах, мөнгөний төлөө юу ч хийж болно, хүн чанаргүй зөвхөн амиа бод, хайргүй бай гэсэн ойлголтыг сүүлийн таван жилд төр тав дахин дэмжсэнтэй адил сонсогдоно. Бид нэгнээ бодох, энэрэх ухамсар дутмаг байна.“Залилаад аргалчихна”, “Хахууль аваад ганц нэг жил суугаад мөнгөтэй үлдэнэ” ч гэх юмуу, иймэрхүү ойлголт нийгэмд түгчихлээ.
Авлигын мөрдөн шалгах ажиллагааны тоог харвал 43 хувиар өссөн. Авлига, залилан өсч байгаа нь нэг утгаараа оюуны доройтол байгааг харуулж байгаа юм.Үүнийг өөгшүүлээд байгаа тогтолцоогоо илүү анхаарах ёстой.Тогтолцооны засварыг их л хэлж ярих юм. Тоож байгаа төрийн хүн алга.
-Монгол Улс хүнээ хөгжүүлэх тал дээр бодит ажлууд хийдэг үү?
-Хүн нь ялангуяа залуучууд хувь хүнийхээ хувьд харьцангуй хөгжиж байна. Заавал багш, сургууль гэхгүйгээр мэдээлэл авч, өөрсдийгөө хөгжүүлж байна. Харин Монгол Улсаа боддог, нийгмээ боддог тал нь нийтлэгээрээ сул. Шүүмжлэлт сэтгэлгээ бас сул байх шиг. Ёс суртахуун, иргэний хөгжил сул гэх юм уу даа. Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд салбар болгонд ажиллаад л байх шиг байна.
-Заримдаа нийтээр мэдлэг тааруу, ухамсар дорой байх нь хэн нэгэнд ашигтай байдаг юм болов уу гэсэн яриа гарч байдаг. Бид яавал нийтийн ухамсарыг сайжруулах вэ?
-Яг цагаа тулахаар мэдлэгийн тухай яриа биш, мэддэг нэгнээ хүлээн зөвшөөрч, мэргэжлийн зөвлөгөөг нь авах дадал суусан нийгэм хөгждөг байх. Түүнээс биш нийгмээрээ мэдлэг сайн гэвэл манай улс ч бас мэдлэг, боловсрол өндөртөө орох байх. Гол нь мэдлэг, чадвартай нэгнээ дэмждэггүй болохоор дорвитой өөрчлөгдөж чаддаггүй. Биесээ хүлээн зөвшөөрөх, мэргэжлийн, салбарын хүмүүсээ сонсож, ойлгох дадал сул.Энэ дадал сул учир буруу шийдвэр гарах нөхцөл бүрддэг. Энэ буруу шийдвэр нь цөөн хүний эрх ашиг, эрх мэдлийг бататгаж өгдөг. Магадгүй энэ нь зарим улстөрчдөд хамаатай. Ухамсар дорой байдал бол түгээмэл. Тэрнийг энгийнээр хэлэхэд бид оорк гэдэг үг их хэрэглэдэг болсон. Амин хувиа хичээх хандлагатай өдөр бүр хэд хэдэн ч удаа таарч байгаа.
-Хүмүүс яагаад бодит мэдлэг мэдээлэлд биш, хов жив хэрүүл хараалын шинжтэй зүйлсэд идэвхитэй байдаг вэ. Гол нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ?
-Нийгмийн бухимдал ихтэй байна. Нөгөө талаас нийгмийг хагаргах, бухимдуулах технологи бас байна. Бэлэн халаасан тосон дээр ус дусааж байгаа шиг л шуугиулж чадаж байна. Унших нь багасаад ирэхээр мэдээллийн олон урсгалаас хамгийн өөрт амар мэдээллийг шууд сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээн авч байгаа үзэгдэл. Сошиал платформын алгоритм үүнийг дэмждэг. Тэгэхээр энэ зөвхөн манай улсад болоод байгаа зүйл биш. Тэгэхээр үүнийг зарим орнууд зохион байгуулалтын олон түвшинд зохицуулж байгаа.
-Хүн төрөлхтний харилцаанд хошигнол, маазрал байж болох ч хэтрэхээрээ мунхаглал болж эхэлдэг үү?
-Инээд бэлэглэж байгаа бол яахав дээ. Би жишээ нь хошигнож их юм бичдэг. Хүн өөрийгөө шоолох бол асуудалгүй. Бусдыг бас шоолох бол нэр усгүй, хүмүүс яг тэр хүн гэж хэлээгүй, мэдэхгүйгээр шоолох бол байна.Мэргэжлийн хошин шог бол жишээ нь улс төрчдийг шүүмжилсэн байж болно. Гэхдээ эдгээр нь шүүмжлэлт сэтгэлгээг орлож чадах уу гэдэг нь өөр. Маазрал бол яахав үр дүнгүй, чанаргүй яриа л юм.
-Хүн байхын суурь хүмүүжил гэр бүлээс эхэлдэг гэдэг. Хүүхэд залуус дунд бүдүүлэг, хүмүүжилгүй байдал түгээмэл болж. Нийтээрээ соён гэгээрэхийн тулд хаанаас, хэнээс, хэзээнээс эхлэх хэрэгтэй вэ?
-Чи ямар байна, хүүхэд чинь тийм байна гэдэг. Тэгэхээр гэр бүл чухал гэж бүгд мэднэ. Бидний амьдралын 50 хувьд энэ сошиал нөлөөлж байгаа. Хэний гэр бүлд хэн өссөнөөс, ямар сургуульд явдгаас үл хамааран гэр бүл, эцэг эхийн нөлөөлөл хүний төлөвшлийг бүрдүүлдэг. Тэгэхээр амьд харилцааг эрхэмлэх нь чухал. Гэхдээ үүнийг мэдээд байдаг хэрнээ нэг гар нь зөвхөн гар утсаа тас барьчихдаг, нөгөө гараараа үйл хөдлөл хийдэг хүмүүс айл бүрт байна. Хүүхдүүдтэйгээ хөдөө явах, салхилах, гүйх, жимд явах гэх мэтээр илүү амьд харилцаа байлгахыг хичээх нь зөв гэж бодож байна.
-Боловсролын байгууллагууд юун дээр алдаа гаргаж байгаа гэж үзэж байна?
-Эх оронч хүмүүжил олгох хөтөлбөрүүд алга. Ядаж ахлах ангийнханд “Түймэр гарвал хаанаас нь унтраах вэ, юугаар цохих вэ”гэх мэтийг ойлгуулмаар санагддаг. Цэрэгжилтийн хичээл ордог бол хүүхдүүд команд сонсож, хүний үг сонсож сурна. Хэдэн жилийн өмнө Завханд явж байгаад ахлах ангийн хүүхдүүдэд эх оронч үзэл суулгах хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай танилцсан юм. Хоёр долоо хоног цэргийн амьдралаар амьдруулж байсан санагдана. Тэгэхэд эцэг, эхчүүд нь их талархалтай хүлээж авч байсан. Бидэнд нийтлэг зорилго буюу Үндсэн хуулиа ойлгуулах арга зүй алга. Нийтлэг зорилгоо ойлгочихвол тэгээд л болчихно. Нөгөө талаас ахуйн талдаа сургамаар байна. Америкт хэсэг ажиллаж үзсэн туршлагаас,ахлах ангийн хүүхдэд “ Та тэдэн долларын цалинтай гэж үзье. Хэдийг нь татварт өгөөд, хэдийг нь хоол аваад, хэдээр нь яаж амьдрах вэ” гэж бодлого бодуулдаг юм билээ. Гэтэл монголд би хүүхдүүдээ тийм юм заалгаж байсныг огт санахгүй байгаа. Бүгд улстөрч, эдийн засагч, хуульч болохгүй, бүгд харин амьдарна гэдэгт бэлтгэх. Ахлах ангийн тогтолцоог тэр чигт нь өөрчилмөөр байгаа юм. Хамгийн наад захын улс төр, эдийн засаг, хуулийн ойлголт өгөхийн хажуугаар бас хоол хийх, хүүхдийн асаргаа яаж хийхийг бүх ахлах ангид заах. Тэгэхгүй бол дунд ангид үзсэнээ л дахин дахин мэрээд баймааргүй санагддаг.
-Сошиал орчинд хэрэгтэй гэхээс илүү хэрэггүй зүйлс өрнөж байгаа харагддаг. Хязгаарлах тал дээр та юу гэж үзэж байна вэ?
-Энэ зохицуулахад их хүндрэлтэй харилцаа. Жишээ нь Өмнөд солонгост 100 мянгаас дээш хүн үздэг сайтад сэтгэгдэл бичихдээ заавал өөрийн нэрээр орох зохицуулалт үйлчилж байсан. Гэтэл 2010Hun-Ма47 хэргийг 2012 онд шийдэхдээ Үндсэн хуулийн шүүх үүнийг хүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн байна гэж хүчингүй болгосон байдаг. Ер нь ардчилсан Үндсэн хуультай орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг огт хязгаарлахгүй. Харин буруу ташаа мэдээлэл түгээх, үндэсний эв нэгдлийн эсрэг мэдэгдэл хийх, хүнийг гутаан доромжлох, гүтгэх, зохиомлоор хүнийг үзэн ядуулах үйлдлүүдийг маш хатуу хориглосон. Эргээд тэдэндээ хариуцлага хүлээлгэдэг. Ингэхдээ улс төрийн шинжтэй ч юмуу, шүгэл үлээсэн контент байвал түүнийг хязгаарлах ёсгүй, ялгана. Манайх бол хэн ч, юу ч гэж худал хэлсэн, хүн доромжилсон Цагдаагийн байгууллагад хандаад гацчихдаг. Унтахаасаа өмнө хүүхэд ч болтугай зодчихоод унтъя гэдэг хошин шог шиг сайхан харааж аваад унтдаг хүмүүс их байна. Би энэ талаар шүүж үзсэн юм. Тэгэхэд ихэнх нь дундаас дээш насны хүмүүс байдаг юм билээ. Залуучууд бараг байдаггүй. Гол нь хариуцлагын тогтолцоог сайжруулвал аяндаа алга болно.
-Хүн оюуны доройтлоос хэрхэн сэргийлэх вэ ?
-Би хэлж мэдэхгүй шүү дээ. Одоо хиймэл оюун ухаан- тайгаа (AI) яаж дасан зохицох асуудал дээр бүх дэлхий даяараа бэлтгэж байх шиг байна. Тэрэнд л боловсролын тогтолцоо бүхэлдээ бэлдмээр байна. Нэг юм уншуулаад цээжлүүлэхээс илүүтэй гол харилцааны мөн чанарыг ойлгуулах, арга зүйг сургахад зорих байх.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.Дарийм


























.jpg)









.jpg)













.jpg)

















Сэтгэгдэл