М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын дотоод тохироо, толхилцоо шийднэ

Aдмин / Эдийн засаг

Социологич М.Энхбадралтай ярилцлаа.


-Энэ намрын улс төр ямар байх бол. Судлаачийн хувьд та хэрхэн ажиглаж байна вэ?

-Энэ намрын улс төрийг нэлээд хурц байна гэж харж байна. Хэд хэдэн том хүчин зүйл нэг дор давхцаж байгаа. Нэгдүгээрт, иргэдийн амьжиргаа бодитоор хүндэрсэн. Инфляци, шатахууны тасалдал, үнийн өсөлт өрхийн өдөр тутмын зардалд хангалттай дарамт үүсгэчихсэн. Хоёрдугаарт, төсвийн тодотгол, араас нь 2027 оны төсөв орж ирнэ. Гуравдугаарт, МАН-ын дотоод зөрчил хэдийнэ хурц байгаа. Н.Учралын танхим ч нам доторх цөөнхдөө сайдын суудал өгч, түр зуурын эвлэрэл дээр байгуулагдсан гэж харж болно. Гарцаагүй тохироонд суурилсан түр эвлэрэл гэж нэрлэсэн ч хол зөрөхгүй.

Үүн дээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр нэмэгдэнэ. Аль намаас хэн нэр дэвших вэ, хэн нэр дэвшихгүй вэ, хэнийг дэмжих вэ гээд л намрын улс төрийн салшгүй чухал хэсэг болно. Тиймээс энэ намрын улс төрийг төсөв, Засгийн газрын асуудлаар хязгаарлаж харахад дутуу. Эдийн засгийн дарамт, МАН-ын дотоод зөрчил, 2027 оны сонгуулийн өмнөх байрлал тогтоох улс төр зэрэг явна.

Гэхдээ улс төрийн үйл явцад хөтлөгдөхгүйгээр суурь болгож нэг зүйлийг заавал анзаарах хэрэгтэй. Монголын улс төрийн намуудын төлөвшил сул хэвээр байна. Урт хугацаандаа намуудыг сайжруулахгүйгээр засаглалын хямрал шийдэгдэх боломжгүй. Дүрүүд нь солигдох ч түүх нь давтагдсаар байх болно. Нам дотоод зөрчлөө төрийн хямрал болголгүй шийдэж чаддаг байх нь илүү чухал шалгуур.

-Ер нь намрын улс төрийн гол халалт 2026 оны төсвийн тодотгол байх уу, эсвэл төсвийг далимдуулж Н.Учралын Засгийн газрыг солих улс төрийн тулаан болох уу?

-Төсвийн тодотгол гарцаагүй гол сэдэв болно. Гэхдээ төсөв, Засгийн газрын асуудал хоёрыг салгаж харахад хэцүү.

Төсөв өөрөө хязгаарлагдмал нөөцийг дахин хуваарилах шийдвэр. Ямар зардлыг танах вэ, ямар хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх вэ, аль салбарын санхүүжилтийг хамгаалах вэ гэдэг бүр улс төрийн өртөгтэй. МАН-ын дотоод зөрчил ч бодитой. Н.Учралын Засгийн газар өөрөө нам доторх хүчний төвүүдийн түр эвлэрэл дээр тогтсон. Тэгэхээр төсвийн тодотгол тэр эвлэрлийг хамгийн түрүүнд шалгана.

-АН Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдээрээ гарын үсэг зуруулсан. Энэ үед Засгийн газар тогтвортой үлдэх улс төрийн бодит боломж хэр байна вэ?

-Ардчилсан нам УИХ дахь хамгийн том сөрөг хүчний хувьд эрх баригчдыг шахах, Засгийн газрыг огцруулах санал гаргах нь гайхаад байх зүйл биш. Ардчилсан нам огцруулах байр сууриа тодорхой илэрхийлснээр нэг талаараа тоглоомонд орж ирж байна, нөгөө талаараа тоглоомоос гарч байна. Учир нь ардчилсан намын байр суурь тодорхой болсон тул Засгийн газрын хувь заяа тэдний үйлдлээс бус МАН доторх цөөнхөөс хамаарна.

Одоо гол асуулт нь АН юу хийх тухай бус, АН-ын 42 дээр МАН-аас хэн нэмэгдэх вэ гэдэг дээр очно. Тиймээс Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын дотоод тохироо, толхилцоо шийднэ. Нөгөө талаараа сөрөг хүчин эрх баригчдыг "эвлэрүүлэх" улс төрлүү шахаж байна.

Ардчилсан нам энэ улс төрийнхөө үр шимийг хүртэх эсэх нь ч мөн эргэлзээтэй.Товчхондоо иргэд огцруулдаг улс төрийг бус улс төрийн өөр үйлдэл хийж иргэдийн итгэлийг хүлээхийг Ардчилсан намаас хүлээж, харж байна. Судалгаагаар эрх баригч намын рейтинг доогуур байгаа ч энэ саналууд бусад улс төрийн нам руу шилжихгүй байгаа. Энэ нь Монголын улс төрийн намууд нийгмийн хэрэгцээг мэдрэхгүй байгааг харуулж байгаа юм.

-1.4 их наяд төгрөг хэмнэх төсвийн тодотгол эдийн засгийн зайлшгүй арга хэмжээ юу. Эсвэл улс төрийн хувьд хэн нэгний “бүсийг чангалуулах”, төсвийн засвар улс төрийн наймаа болж хувирах эрсдэл хэр өндөр вэ?

-Төсвийн тодотгол өөрөө улс төрийн үйл явц. Нөөцийг хэнд, юунд, ямар хэмжээгээр хуваарилах тухай шийдвэрийг улс төрөөс ангид гарна гэж төсөөлөх нь гэнэн хэрэг. Эдийн засгийн хувьд зардлаа эрэмбэлэх шаардлага байгаа. Харин 1.4 их наяд төгрөг хэмнэж байна гэсэн тооноос илүү хаанаас, ямар шалгуураар хэмнэж байна вэ гэдэг нь чухал. Энэ удаагийн тодотголын хувьд шинэ бодлого эхлүүлэхээс илүү одоо байгаагаа алдахгүй, дордуулахгүй, тогтоож барих шинж нь илүү харагдаж байна. Хэмнэсэн мөнгөний ихэнх нь өмнө үүссэн санхүүжилтийн дарамт, цалин, зайлшгүй зардлыг нөхөхөд явж байгаа тул эдийн засгийн шинэ хөдөлгүүр бий болгох өөрчлөлт гэж харахад хэцүү.

Мөн төсөв хэлэлцэхэд гарах парламентын бүх тохиролцоог наймаа гэж нэрлэж болохгүй. Зөвшилцөл байх ёстой. Парламентын мөн чанар нь хэлэлцүүлгийн замаар олон эрх ашгийн зөвшилцлийг нийтэд ашигтайгаар хангахад оршдог. Харин зөвшилцөл, улс төрийн наймаа хоёрын ялгаа нь ил тод байдал, ижил шалгуур, нийтийн ашиг сонирхол дээр гарна. Батлаагүй, хэрэгжээгүй тодотголыг дүгнэхэд хэцүү. Ерөнхийдөө, “1.4 их наяд хэмнэв” гэдэг пи-ар дагахгүйгээр, юуг танав, юуг хамгаалав мөн яагаад ингэж шийдэв гэдгээ тайлбарлаж чадсан уу гэдгээр нь үнэлэх хэрэгтэй.

-Намрын улс төрийн хүчтэй зэвсэг эдийн засгийн хямрал уу. МАН-ын доторх эрх мэдлийн зөрчил илүү том хүчин зүйл болох уу?

-Энэ хоёр аль хэдийнэ давхацчихсан гэж харж байна. Эдийн засгийн дарамт иргэдийн амьдралд хангалттай мэдрэгдэж байна. Шатахууны тасалдал, үнийн өсөлт, эрчим хүч, өрхийн зардал бүгд нийлээд улс төрийн суурь дарамтыг бий болгосон. Нөгөө талд МАН-ын дотоод зөрчил ч хурц байгаа. Тиймээс одоо аль нь илүү том хүчин зүйл вэ гэж салгаж харахаас илүү энэ хоёр асуудал нэг нэгнээ хэр хүчтэй тэтгэх вэ гэдгийг анзаарах нь чухал байна.

Энд намын төлөвшлийн асуудал дахин гарч ирнэ. МАН-ын дотоод эрх мэдлийн зөрчил байнга Засгийн газрын тогтвортой байдал, төсөв, төрийн бодлогын асуудал болох уу. Энэ байдал дараагийн сонгууль хүртэл үргэлжлэх үү?

Эрх баригч намын асуудал өөрийнх нь асуудал байхаа болиод улсын засаглалын асуудал нэгэнт болчихлоо. Хамгийн аюултай нь дотоод зөрчилдөө давуу тал олохын тулд нийгэм, эдийн засгийн асуудлыг улам хүндрүүлэхээс буцахгүй байгаа явдал. Одоо эрх баригчид дайсан хайж, зарлах биш өөрсдөө цэгцэрч, өөрсдийнхөө хямралаас улс орныг "чөлөөлөх" хэрэгтэй байна.

-Н.Учралын Засгийн газар энэ намрыг давж гарахын тулд юу хийх ёстой вэ?

-Н.Учралын Засгийн газар дотоод, гадаад аль ч талаараа маш хүнд нөхцөлд орсон нь бодит байдал. Эдийн засгийн нөхцөл хүнд байгааг тайлбарлах шаардлага байхгүй. Иргэд үүнийг өдөр тутмын худалдан авалт, шатахуун, хүнс, төлбөрөөрөө мэдэрч байгаа. Нэгдүгээрт, инфляци, шатахуун, эрчим хүч, өрхийн амьжиргааны дарамт дээр өрхийн амьдралд мэдрэгдэх бодит үр дүн гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, төсвийн сахилга батыг төр өөрөөсөө эхлэх шаардлагатай. Иргэд өөрсдөө бүсээ чангалж байхад төр үр ашиггүй зардлаа хамгаалбал итгэл улам буурна. Гуравдугаарт, хариуцлага алдсан салбар, сайд байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй. Ерөнхийдөө бүтэн танхимаа хамгаалах гэж оролдох нь Ерөнхий сайдад илүү өндөр өртөгтэй.

Гэвч Н.Учралд нэг том хязгаар байна. Ардчилсан намын шахалт дор Засгийн газраа авч үлдэхийн тулд нам доторх олон талын ая талыг харж, төлөөллийг нь хангах шаардлагатай болно. Тэгэх тусам Ерөнхий сайдын зоригтой, дорвитой шийдвэр гаргах орон зай хумигдана.

Тиймээс Н.Учралд иргэдэд үнэлэмж муутай зарим сайд нараа солиод цаг хожих боломж байгаа ч тэр нь тохиролцооны хүрээнээс халих боломжгүй. Тухайлбал, судалгаагаар Хүн намын хоёр сайд, зам тээвэр, цахимын сайд нар нэр хүнд, үнэлэмж муутай байгаа ч тэднийг солих нь тогтвортой байдал нь шууд нөлөөлнө. Эндээс дүгнэвэл, Ардчилсан намын улс төрөөс хамгийн хожих хэсэг нь МАН-ын доторх цөөнх болж байна.

-2027 оны төсөв бол дараагийн том улс төрийн фронт. Энэ төсвийг батлах явцад эрх баригчдын доторх зөрчил илүү тодрох уу, эсвэл АН-д улс төрийн боломж олгох уу?

-Хоёулаа боломжтой. Гэхдээ 2027 оны төсөв энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хамгийн том төсөв гэдгээрээ онцлог. Төсөв бол эрх мэдлийн бодит хуваарилалт. Яам, салбар, тойрог, орон нутаг, том төсөл бүрийн ард ашиг сонирхол бий. Эдийн засгийн боломж хумигдах тусам “юуг танах вэ, юуг үлдээх вэ” гэсэн асуулт эрх баригчдын дотоод зөрчлийг илүү тодруулна.

Үүн дээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр нэмэгдэнэ. Аль намаас хэн нэр дэвших вэ, хэн нэр дэвшихгүй байх вэ, хэнийг дэмжих вэ гэдэг тохироо төсөв, албан тушаал, намын дотоод хүчний харьцаатай огт салангид явахгүй. АН-д ч том боломж бий. Гэхдээ “Төсөв муу байна” гэж шүүмжлэх төдий байвал хангалтгүй. Аль зардлыг танах, юуг хамгаалах, инфляци болон өрхийн дарамтыг яаж бууруулах вэ гэдэг дээр альтернатив төсвийн хувилбар гаргаж ирэх хэрэгтэй.

Эрх баригчид төсвөө хамгаалах чадвараараа, сөрөг хүчин өөр бодлогын хувилбар санал болгох чадвараараа энэ намар зэрэг шалгагдаж таарна. Гэвч сөрөг хүчний үйлдлүүд өөрсдийг нь тоглоомоос гаргаж оронд нь МАН-доторх "ялагдсан талынхан"-ыг тоглоомонд оруулж байна. Иргэд ардчилсан намаас ийм үр дүн хүсэж байгаа эсэх нь тун эргэлзээтэй.

-Иргэдийн амьдралд инфляци, шатахуун, эрчим хүч, өрхийн зардал улам хүчтэй мэдрэгдвэл улс төрийн тэмцэл УИХ-ын танхимаас гудамж руу гарах эрсдэл бий юу?

-Ийм эрсдэлийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ эдийн засгийн хүндрэл нэмэгдлээ гээд автоматаар нийгмийн хөдөлгөөн, эсэргүүцэл үүсдэггүй. Нийгмийн эсэргүүцэл үүсэхэд ихэвчлэн гурван зүйл давхацдаг. Амьжиргааны бодит доройтол, шударга бус байна гэсэн мэдрэмж, төр асуудлыг шийдвэрлэхгүй байна гэсэн итгэл алдалт. Энэ гурвын огтлолцол чухал. Эдгээрийн суурь нөхцөл Монголд нэлээд хэсэг нь бүрдсэн. Иргэдийн амьжиргаа бодитоор хүндэрсэн. Шатахууны тасалдал, үнийн өсөлт аль хэдийнэ хангалттай дарамт үүсгэсэн.

Сар бүр нийгэм улс төрийн үзүүлэлтийг хэмждэг "National opinion" судалгааны сүүлийн зургаан сарын үнэлгээгээр нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг үнийн өсөлт, авлига, боловсрол, орлого амьжиргаа тогтмол тэргүүлж байна. Товчхондоо дээрх суурь нөхцөл бүрдсэн.

Тэгэхээр одоо гол асуулт эдгээр нөхцөл бүрдэх эсэх нь биш. Тархай байгаа бухимдлыг нэг дор төвлөрүүлэх өдөөгч үйл явдал гарах уу гэдэг дээр байна.Монголд сошиал медиа ийм процессыг маш хурдан явуулдаг. Шатахуун, эрчим хүч, төсөв, авлига, шударга бус байдлын суурь дээр тодорхой нэг үйл явдал тархмал бухимдлыг богино хугацаанд нэгдсэн эсэргүүцэл болгож чадна. Үүнийг зориудаар өдөөж улс төрийн ашиг хонжоо хайх хэсэг байгаа нь ч бас тодорхой.

Үүн дээр Монголын нийгмийн онцлогийг тооцох хэрэгтэй. Бухимдал хэдий их байсан ч тодорхой шийдэлгүй эсэргүүцэлд Монголчууд нэгдэх нь ховор. Хүмүүст шийдэл, хувилбар өгвөл энэ нь эсэргүүцлийн хэлбэрт богино хугацаанд нэгдэх шалтгаан болох өндөр магадлалтай. Тиймээс эсэргүүцэл, цагсаал цуглааны улс төрийн эрсдэлийг бага гэж хэлэхгүй. Суурь нөхцөл нь аль хэдийнэ үүссэн.

-Таны хувьд энэ намрын улс төрд өрнөх хамгийн өндөр магадлалтай сценарийг яаж харж байна вэ. Засгийн газар бүтнээрээ үлдээд хэд хэдэн сайд солигдох уу, эсвэл Ерөнхий сайд огцрох уу?

-Одоогийн нөхцөлөөс харахад эхний ээлжинд Засгийн газар бүтцээрээ үлдэхийг оролдож, тодорхой салбарын сайд нарт хариуцлага тооцох хувилбар илүү магадлалтай.Хэрэв сайд нараа цөөлье гэвэл явуулбал зохих хүмүүс бий. Гэхдээ энд асуудал зөвхөн хэн муу ажилласнаар шийдэгдэхгүй. Н.Учралын танхим дотоод хүчний тэнцвэр дээр байгуулагдсан учраас нэг сайдыг явууллаа ч цөөнхийн фракцынхаа төлөөллийг ямар нэг байдлаар хангаж таарна.

Ардчилсан нам Н.Учралыг огцруулах шаардлага тавьснаар түүнийг нам доторх сөрөг хүчинтэйгээ учраа олохоос өөр сонголтгүй болгож байна. Энэ нь Ерөнхий сайдын маневр хийх орон зайг улам хязгаарлаж байгаа. Тиймээс сайд солих хувилбар өөрөө ч амар шийдвэр биш. Харин бүх Засгийн газрыг огцруулах нь МАН-ын хувьд бүр өндөр өртөгтэй. 2027 оны төсөв, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хүчний шинэ тэнцвэрийг дахин тохирох шаардлага гарна.Энд засгийн газрыг хамгаалж байгаа хэрэг огтхон ч биш юм.

Шаардлагатай бол засгийн газраа огцруулаад сонгуулиар олонх болсон эрх баригчид дараагийн засгийн газраа байгуулаад явах нь ардчилсан улсын хувьд гайхаад, цочирдоод байх зүйл биш. Тиймээс Н.Учралыг огцруулчихад халаглах зүйл байхгүй.Учир нь засгийн газрын тогтвортой байдлыг иргэд биш, МАН өөрсдөө шийдэж байгаа. Намууд, эрх баригчдын байгаа байдлыг нийтээрээ дүгнээд дараагийн сонгуульдаа орж л таарна.

Энэ намрын хамгийн чухал шийдвэр АН-ын 40+ дээр МАН-аас хэн нэмэгдэх вэ гэдгээс хамаарна. Үүн дээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тооцоо давхар орж ирнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд горилогсод, тэднийг "уяж" мөн "сумлаж" буй фракцууд зөрчлийг улам бүр нэмэгдүүлнэ. Дээр дурдсан National opinion судалгаагаар Ардчилсан намаас Н.Алтанхуяг, МАН-аас Г.Занданшатар нар бусад горилогсдоосоо мэдэгдэхгүйц өндөр рейтингтэй тэргүүлж байгаа. Тэднийг намууд нь нэр дэвшүүлэх эсэхээс “2027 оны сонгуульд ялах нь дотоод зөрчилдөө давуу тал олохоос илүү чухал уу” гэдэгт бодитой хариулт авч болно. Дээрх бүгдийг тойрсон улс төр намартай цуг эхэлж байна. Н.Учралын ЗГ маш хүн байдалд байна. Гэвч түүнийг огцруулаад дараагийн Ерөнхий сайд улам хүнд нөхцөлтэй тулгарах нь маргаангүй. Энэ бодит нөхцөл нь түүнийг огцруулах эсэх шийдвэрт нөлөөлөх нь гарцаагүй.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

М.МӨНХЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.