О.Батхишиг: Хөрсний бохирдлын гол шалтгаан ахуйн хог хаягдал болж байна
Бид энэ удаа өвөл дуусч, утаа ярихаа больсон хэдий ч урин дулааны цагт тулгамддаг асуудал болох нийслэлийн хөрсний бохирдлын асуудлаар ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрхлэгч, доктор О.Батхишигтэй ярилцлаа.
-ӨВЛИЙН УЛИРАЛД ХӨРСНИЙ БОХИРДОЛ ХАМААГҮЙ БАГАСДАГ-
-Өнөөдрийн байдлаар хөрсний бохирдол нийслэл хотод ямар хэмжээнд байна вэ?
-Манайх хамгийн сүүлд 2014 онд хөрсний бохирдлын судалгаа хийсэн юм. Тэр судалгаагаар 2-3 бүлэг элементэд хувааж судалсан байгаа юм. Тухайлбал, хүнд металууд болох хар тугалга, никель, цайр гэх мэтчилэн хүнд металд хамаарагдах бодисууд нь хүний цул эрхтэнд хуримтлагдаж, хорт хавдар үүсгэдэг, биеээс гадагшлахгүй байдгаараа онцлогтой. Шинж тэмдэг нь тогтвортой гэж хэлж болно. Нэг хэсэг нь нянгийн бохирдол гэж байгаа. Энэ нь янз бүрийн халдварт өвчин үүсгэх гол шалтгаан болдог. Гэхдээ хүнд металуудыг бодвол тогтворгүй, богино хугацаанд алга болдог эсрэг тэсрэг шинжтэй юм. Мөн нүүрсний өргөн хэрэглээтэй холбоотой хүхрийн бохирдлын хэмжээг шалгасан. Түүнчлэн дэгдэмхий нэгдэлтэй шээс, шивтэрийн бохирдлыг үзсэнбайгаа. Үүнээс хамгийн өндөр нь нянгийн бохирдол нийтдээ 80 гаруй хувийг эзэлж байх жишээтэй. Энэ нь зуны улиралд авсан шинжилгээ юм. Өвлийн улиралд хөрсний бохирдол хамаагүй багасдаг.
-Судалгаа хийснээс хойш хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Сүүлийн үед манайхаас судалгаа хийгээгүй байна. Өмнөх жилүүдэд олон удаа хийж байсан юм. Хөрсний бохирдол жилээс жилд хүн амын нягтаршилтай холбоотойгоор нэмэгдэж байна. Ер нь хүн хаана их байна тэнд хөрсний бохирдол их байдаг. Гэхдээ хотын төв хэсгээрээ бохирдол бага болж байна. Харин гэр хороолол орчим их байна.
-Нийслэл хотын хамгийн их бохирдуулж буй хүчин зүйл юу байна вэ?
-Судалгааг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулж гаргадаг. Ер нь хөрсөнд хүнд металл болох хар тугалга гэх мэтийн бодис тодорхой хэмжээгээр байдаг. Бэлчээрийн хөрстэй харьцуулахад 60-80 хувийн бохирдолтой гэж гарч байгаа юм. Зарим цэгүүд дээр хар тугалга, хром, цайр их байна. Жишээлбэл, Шар хадны эмнэлгийн орчим хар тугалгын хэмжээ их.
-Та бүхний судалгаагаар нийслэл хотын аль хэсэгт хөрсний бохирдол их байна вэ. Ямар аргаар бүсчлэн хөрснөөс дээж авч судалсан бол?
-Манай Улаанбаатар хот хөрсний бохирдлоороо дэлхийн хэмжээнд дээгүүр орсон хэмжээний бохирдол байхгүй байна. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар хөрсний бохирдлоороо манай улс дэлхийд наймд орлоо гэх мэдээ гарч байсан. Утааны бохирдлоороо өнөөдөр аюулын хэмжээнд байгаа. Гэхдээ хөрсний бохирдлоороо айхтар өндөрт орохгүй. Хөрсний бохирдлоороо дэлхийд эхний 20 хотыг жагсаавал манай улс байхгүй. Хөрсний бохирдол өндөртэй ямар улс орон байдаг вэ гэхээр химийн үйлдвэртэй, янз бүрийн металл хайлуулдаг томоохон үйлдвэртэй, хог хаягдал боловсруулах үйлдвэр гэх мэтчилэн үйлдвэртэй холбоотой их айхтар бохирдолтой байдаг. Манай нийслэл хотын хувьд ямар нэг химийн үйлдвэр байхгүй, үйлдвэржилт хөгжөөгүй байгаагийн сайн тал энэ л дээ. Гэхдээ зуун айл орчимд барилгын хог хаягдал асгаж, хөрсөнд шингэсэн, автомашины захын орчимд хөрсөнд машины тос их шингэсэн, хуучин арьс ширний үйлдвэрийн харьяа цэвэрлэх байгууламжийн ойролцоо бохирдол их байдаг. Мөн гэр хороололд ил задгай жалганд хог хаядаг, мөн жорлонгийн асуудал түвэгтэй байна. Хүний ялгадас нянгийн бохирдлын эрсдэлийг өндөр болгодог. Мөн гадаргын болон гүний усыг бохирдуулах аюултай.
-Хөдөө орон нутагт уул уурхайн орчимд хөрсний бохирдол их байдаг. Энэ талаар судалгаа байдаг уу?
-Металл боловсруулалтын олборлолтын үйлдвэрд яахын аргагүй хүнд металлын хог хаягдал гаргаж байгаа. Энэ бол тусдаа үйлдвэрийн бохирдлын асуудалюм. Хаягдлын сан гэж тусдаа байдаг. Одоогийн байдлаар хамгийн асуудалтай хаягдлын сан бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн сан юм. Нийтдээ 30 гаруй жил нэг том нууранд хаягдлуудаа хаясаар ирсэн. Тэр нь захаасаа агаарт цагаан тоос болж дэгдэж байх жишээтэй. Үүнээс нь болж мал болон хөрс ихээр бохирдож байгаа.
-2014 оноос хойш дахин нийслэл хотод хөрснөөс дээж авч судалгаа хийсэн үү?
-Цогц судалгаа одоогоор хийгээгүй байна. Харин Сэлбэ голын орчмын хөрсний нянгийн бохирдлыг судалсан. 80 хувийн бохирдолтой гарсан.
-Хөрсний бохирдлын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэр байна вэ?
-Хөрсний байх ёстой хэмжээнээс хүнд металл арван хувь орчим байна. Харин нянгийн бохирдлын хэмжээ их байгаа. Бэлчээрийн хөрстэй харьцуулах юм бол 40-80 хувь их байна.
-Хөрсний бохирдлын асуудлыг ямар замаар шийдвэл боломжтой гэж та үзэж байна вэ?
-Хөрсний бохирдлыг шийдэхийн тулд их олон асуудал яригдана. Хог хаягдлын менежмент гэж их том зүйл байна. Өмнөх арван жилийнхийг бодвол их сайн болсон юм. Хогийн цэг их олон болсон байна. Нийт хогоо ангилдаг болсон байна. Гэхдээ цаашид анхаарах зүйл маш их байна. Манайх нэг хог боловсруулах үйлдвэр барина гээд ч нэлээн олон жилийн нүүр үзлээ ш дээ. Мөн хогны мөнгөний асуудал байна. Энэ хог хаягдлын менежментийг 2004 онд Японы Жайкагийн тусламжтайгаар хогны менежмент гэж том ажил хийсэн юм. Улаанчулуутын хогийн цэг, Цагаан даваа, Морин даваа гэх гурван албан ёсны хогийн цэг байдаг. Улаанчулуутын хогийн цэгийг япончууд анх удаагаа давтах аргаар хогоо дарж няцлаж хөрсөөр дарсан. Одоо түүнийг дуурайж бусад хогийн цэг энэ аргыг хэрэглэх гэж байгаа. Мөн манай аль ч сумын төвийн хогийн цэг маш ил задгай байдаг. Энэ нь маш том талбай эзэлж хөрс бохирдуулж байна. Дараагийн хөрс бохирдуулж байгаа хамгийн том хүчин зүйл бол хогийг ил задгай хаяж байгаа тал дээр анхаарахгүй бол хөрсний бохирдол зогсохгй. Хогийг ил задгай хаяхгүй байх тал дээр нь зохицуулалт байдаг. Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдалын тухай хууль гэж байсан нь сүүлд өөрчлөгдөөд, 2012 онд хог хаягдлын тухай хууль гэж гарсан. Эд нар дээр авах арга хэмжээ нь торгуулийн систем явж байгаа. Зориулалтын бус газар хог хаясан иргэнийг торгоно гэх мэтчилэн заалтууд ерөөс хэрэгжихгүй байна. Хуулийн дагуу бол гудамжинд тамхины иш хаясан иргэнийг торгох заалт бий. Үүнийг багцлаад Зөрчлийн хуулиар ярьж байна. Энэ хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Яг өнөөдрийн байдлаар гэр хорооллын хөрсний бохирдол хэр их байна вэ?
-Нийслэл хотын хэмжээнд гэр хороолол хөрсний нянгийн бохирдлын гол хэсэг болсон байна. Гадна жорлон болон ил задгай хогноос болж улсын хөрсний стандартаасдавсан 88 хувийн бохирдолтой байна.
-Хотын төвийн хамгийн их хөрсний бохирдолтой хэсэг аль хэсэг байна вэ?
-Хамгийн их бохирдолтой хэсэг бол төвлөрсөн захууд болж байна. Зуун айлын зах, авто засварын цэгт маш их байна. Мөн хуучин арьс ширний үйлдвэрийн орчим их бохирдолтой байна.
-Хөрсний бохирдол хүнд ямар муу нөлөө үзүүлдэг вэ?
-Хүнд металлууд бол хүний мэдрэлийн систем гэмтээдэг. Мөн арьсны чиглэлийн бохирдол үүсгэнэ. Нянгийн бохирдол бол янз бүрийн гэдэсний болон халдварт өвчин үүсгэнэ. Хамгийн их хөрсийг бохирдуулж байгаа шалтгаан бол гол нь ахуйн хог хаягдал болж байна. Мөн зах орчмын асуудал байна. Хөрсний бохирдол гадаргуугаасаа шалтгаалж хамрах хүрээ янз бүр байдаг.
-Хөрсний бохирдол тодорхой хугацааны дараа арилах уу?
-Хөрсөнд шингэсэн металл бохирдол арилахгүй. Арилгахын тулд хог хаягдлын менежментээ маш сайн сайжруулах хэрэгтэй. Одоо хүртэл судалгаагаар хөрсний бохирдолтой байна гэж гарсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
У.УРАНЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН
Сэтгэгдэл