Ж.Энхцэцэг: Ухаалаг утас хэрэглэдэг бага насны хүүхдүүд хуурамч хараа муудалтанд өртөж байна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-ӨДӨР БҮР 30 МИНУТААС ДЭЭШ ХУГАЦААНД ХҮҮХДЭЭ ГАДАА ТОГЛУУЛЖ БАЙВАЛ НҮДНИЙ ХАРААГ НЬ МУУДАХААС СЭРГИЙЛЖ ЧАДНА-

“Орбита” нүдний эмнэлгийн их эмч, Анагаах ухааны магистр Ж.Энхцэцэгтэй ухаалаг утасны хэрэглээ хүүхдийн хараанд хэрхэн нөлөөлж байгаа. Хүүхдийнхээ нүдний харааг хэрхэн хамгаалах талаар ярилцсан юм.

-Ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэний улмаас бага насны хүүхдийн хараа муудах, ямар нэгэн эмгэг өвчтэй болох тохиолдол ихэсч байна. Хүүхдийн хараа хэдэн настайдаа бүрэн тогтдог юм бэ?

-Орчин үед дэлхий нийт даяараа дэлгэцийн хамаарал буюу дэлгэцийн өвчин гэж нэрлэдэг. Бага болон өсвөр насны хүүхдүүдэд энэ өвчин их тохиолдож байна. Эхлээд хүүхдийн харааны хөгжлийн талаар яривал их зөв. Хүүхдийн нүдний хараа төрсөн цагаасаа эхлээд хөгжиж байдаг. Гурван нас хүрэхэд харааны чадал 100 хувь хүрсэн байх ёстой гэж үздэг. Тэгэхээр бага наснаас нь эхлээд харааны эрүүл ахуйн зөв дэглэм бариулах ёстой. Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ томоотой, дуугай байлгахын тулд гар утсаа бариулаад хэдэн цагаар ч хамаагүй суулгачихдаг. Сэтгэхүй, бие бялдрын хөгжил яригддаг энэ үедээ хүүхэд дэлгэцийн өвчинд нэрвэгдэхээр бие бялдрын болоод сэтгэхгүй, нүдний өвчнүүд үүсч эхэлдэг. Тэгэхээр бага насны хүүхдэд компьютер, таблет, гар утасны хэрэглээг 100 хувь хорино. Харин хүүхэлдэйн кино үзүүлж болно. Гэхдээ таван метрээс алс зайд 20 минутаас бага хугацаанд үзүүлж заавал нүдийг нь амраана. Бага насны хүүхдийн өдөрт нийт зурагт үзэх хугацаа нь нэг цагаас доош байдаг. Хүүхэд эхэн үедээ компьютер, гар утас таблет үзэж сатаардаг байсан бол сүүлдээ хамааралтай болж донтож эхэлдэг. Үүний улмаас сэтгэхгүй, бие бялдрын хөгжил нь хоцрогдож хуурамч хараа муудалтанд өртөж эхэлдэг.

-Хүүхдээ хуурамч хараа муудалтанд өртөж эхэлсэн гэдгийг эцэг, эхчүүд яаж мэдэх вэ?

-Хуурамч хараа муудалт гэдэг нь байнгын ойрын зайнд юм хараад байхаар нүдний булчингууд цуцаад аажимдаа хараа муудаж эхэлдэг. Эхэн үедээ зарим тохиолдолд алсын зайны юмыг харахгүй эсвэл хэвийн хараад байгаа юм шиг санагддаг байснаа сүүлдээ тогтмол хараа муудаж буй юм шиг санагддаг. Ийм үед нь эцэг, эхчүүд хүүхдээ жирийн нүдний шилний газарт дагуулж очоод харааны нүдний шил тааруулаад зүүлгэчихдэг. Тухайн үед тодорч буй юм шиг боловч хуурамч хараа муудалт, жинхэнэ хараа муудалт хоёрыг ялгаж ангилалгүйгээр шил зүүлгэснээс болж хүүхэд насан туршдаа шил зүүхээр болдог. Тэгэхээр мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ хийлгэж хуурамч хараа муудалт байвал эмчлэх арга хэмжээ авна. Мөн хүүхдийг нярай байхаас нь эхлэн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах хэрэгтэй. Эмэгтэй хүүхдийг гурван настайд, эрэгтэй хүүхдийг 3.5 настайд нь дүрс хэлүүлэн харааг нь шалгаж болдог. Хэрэв сургуульд орсон байвал тоо хэлүүлнэ. Ингээд харааг нь шалгахад харааны чадал нь 100 хувь хүртлээ хөгжчихсөн байх ёстой. Шил зүүдэг эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь мэргэжлийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.

-Эцэг, эхчүүд 0-3 насны хүүхдийнхээ нүдний харааг хэвийн эсвэл муудсан гэдгийг нь мэдэх боломж бий юу?

-Хүүхэд төрсөн цагаас эхлэн харааны хөгжил явагддаг гэж түрүү ярьсан шүү дээ. Тэгэхээр юм хэлж чадахгүй хүүхдүүдэд тод өнгийн тоглоом харуулах, дуу гараагүй байхад алсаас аав, ээжийгээ таньж буй эсэх зурагт үзэж байхдаа ойртоод байна уу гэдгийг нь ажиглах хэрэгтэй. Үүнээс гадна янз бүрийн хялрын өвчнүүд байна. Хялрын өвчин шилний хугарлын гажигтай хавсарна. Тэгэхээр хялар харж байна уу гэдийг байнга анзаарах хэрэгтэй. 0-3 насны хүүхдийн хараа хэвийн эсвэл муу гэдгийг мэдэхийн тулд ээж, аавын анзааргатай зан их чухал нөлөө үзүүлдэг.

image-НҮДНИЙ ХЯЛАР БАРИАГААР ЗАСАРДАГГҮЙ-

-Хүүхдээ хялар хараад эхлэхээр эцэг, эхчүүд “Тархи нь доргичихсон юм шиг байна” гээд бариач руу авч явах тохиолдол их байдаг. Энэ зөв үү?

-Бариагаар хялар засрахгүй. Гэмтлийн гаралтай нүд хялайдаг өвчнүүд байдаг юм. Гэхдээ үүнийг бариагаар засах ямар ч боломжгүй байдаг. Тэгэхээр гэмтлийн гаралтай юу, төрлөхийн юу, олдмолоор үүсээд байна уу гэдийг заавал мэргэжлийн эмчид үзүүлж байж оношлуулна. Бариа хийлгэж хялар хүүхдээ эдгээнэ гэж удаан хугацаанд үр дүнгүй эмчилгээ хийлгэснээр хараа нь муу чигээрээ тогтох, хялрыг нь засахад хэцүү болох тохиолдол байдаг.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд ухаалаг утас их үзсэнээр “Нүднийх нь хүүхэн хараа хоёр тийшээ болчихдог. Эсвэл нэг нь дотогш орж нүд нь хялайгаад байна” гэж ярих эцэг, эхчүүд олон болжээ. Та учир шалтгааныг нь тайлбарлаад өгөхгүй юу

-Яг одоо хялар өвчин дэлгэцийн хамаарлаас болж үүсдэг гэсэн онол байхгүй. Далд хялар эсвэл төрлөхийн хялар байж болно. Ер нь хялар хүүхдүүд дэлгэц удаан хараад эхлэхээр нүднийх нь булчин сулраад хялайлтын давтамж ихэсдэг юмаа. Хялайлтын давтамж ихсэхээр аав, ээж нар ухаалаг утас хэт их үзсэнээс боллоо гэдэг. Ихэвчлэн далд хялрууд ингэж гарч ирдэг.

-Далд хялар гэхээр төрлөхийнх гэсэн үг үү?

-Хүүхэд төрөөд эхний зургаан сарын дотор хялар нь мэдэгдэж байвал төрлөхийн гэж үздэг. Ерөнхийдөө зургаан сараас дээш байвал олдмол байх хандлагатай. Олдмол болон төрлөхийн хялрыг хоёуланг нь эмчилж болдог. Мөн дотогшоо хялар бол ихэвчлэн харааны хугарлын гажигтай хавсардаг. Өөрөөр хэлбэл хараа муу байх тохиолдол их байдаг. Үүнийг шилээр засах, мэс заслын эмчилгээгээр засдаг. Гэхдээ аль эмчилгээг нь сонгох вэ гэдгийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлсний дараа тодорхой болдог.

-Фэйсбүүкийн “Ээжүүдийн” группт “Манай хүүхэд ухаалаг утас хэт их үзсэнээс болж нулимсны сүв, сормуусных нь уг дээр идээтэй юм гараад байна яах вэ” гэж асуусан байсан. Энэ тохиолдолд яах вэ?

-Хүүхэд тогтмол хөдөлгөөнтэй байснаар цус нь хурдтай эргэлдэж дархлааны эсүүд нь сайн ажилладаг. Компьютер, гар утас удаан хугацаанд гөлөрч үзэхээр нүдний цавчилтын тоо багасч нүд хуурайших хам шинж илрэхээр хүүхэд нүдээ нухаж эхэлдэг. Үүнээс болж нүдэн дээр нь юм гарч сормуус нь унаж байгаа юм. Мөн дархлаа нь суларчихсан гэсэн үг. Компьютер, гар утас удаан үзэж буй хүүхэд хоол, цай идэхгүй, хөдөлгөөн хийхгүй болохоор ерөнхий биеийн дархлаа нь муудаж байгаа юм.

-Хүүхдийг хэдэн настайгаас нь ухаалаг утсыг зохистой хэрэглүүлбэл харааг нь муудах эрсдэлээс хамгаалж чадах вэ?

-Ер нь л хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй. Засгийн газар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хязгаарлахаар болсон шүү дээ. Зайлшгүй ухаалаг утас хэрэглэх тохиолдолд амралтынх нь өдрөөр 1-2 цаг дундуур завсарлагаатай хэрэглүүлэх нь чухал. Хүүхдийн хорхойг нь дарах хэрэгтэй тас хориод байж болохгүй л дээ. Орчин үед хүүхдээ өдөр бүр 30 минутаас дээш хугацаанд гадаа гаргаж тоглуулбал нүдний хараа муудахаас сэргийлж чадна гэж зөвлөдөг болсон. Гадаа гарсан хүүхэд хол ойрын зайд юм харж, нүд нь маш сайн амардаг.

-Өсвөр насны хүүхдүүд болон томчууд бүтэн өдрийн туршид утас ширтэж, компьютерийн ард суудаг. Хэдэн минутын завсарлагаатай үзэх ёстой вэ?

-Манай эмнэлгээр үйлчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүд “Удаан хугацаагаар гар утас, компьютер хараад байна” гэсээр орж ирдэг. Бага насны хүүхдийн гар утас болон таблет, компьютерийн хэрэглээнд эцэг, эхчүүд шууд хяналт тавьж зогсоож болдог. Харин өсвөр насны хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Ийм насны хүүхдүүдийг гар утас, компьютерийн зохистой хэрэглээг бий болгох нь чухал. Орчин үед гэрийн даалгавраа компьютер дээр хийх тохиолдол гарч ирдэг. Тэгэхээр өсвөр насны хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүн 20:20 зарчмаар ажиллана. Өөрөөр хэлбэл 20 минут компьютер хараад 20 секунд таван метрээс цааших объектыг хардаг. Цонхоор юм харж нүдээ амраачхаад үргэлжлүүлэн компьютер дээрээ ажиллаж болно. Зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх нь чухал.

-Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хэр хамруулдаг вэ?

-Маш бага, долоо хоногт 1-2 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Ингэхдээ “Харааг нь шалгуулах гэсэн юмаа” гээд л орж ирдэг. Ихэвчлэн өвчин эмгэгтэй, ямар нэгэн зовиуртай болсон үед нь ирдэг. Эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол гэдэг их чухал. Урьдчилан сэргийлэх үзлэг цэцэрлэгийн насны хүүхдэд бага хийгддэг юм шиг санагдаг.

Гэрэл зургийг Г.Базаррагчаа


Сэтгэгдэл

zochin [103.11.192.186] 2019-02-08 10:25:26

Eejiig maani emchilj bsan sain emch shuu, bayarlalaa Enkhtsetseg emchee

Зочин [202.179.31.85] 2019-02-03 18:09:10

Сайхан л амьтан байна, бавахсан

Зочин [122.201.31.230] 2019-02-03 21:01:38

Хха

Зочин [66.181.161.49] 2019-02-02 22:18:53

mundag emch shu.Bayarlaj yavdag shu

Сэтгэл гонсгор үлдсэн хүн [64.119.26.115] 2019-02-02 18:04:26

Ёстой муухай хүн санагдсан, эмчийн хувьд ч өсөөгүй. Хүнд шаардлагагүй ажилбар хийнэ гээд сууж байдаг. Анамнезаа ч эмч шиг авч сураагүй. Дап дэп хийсэн, онгироо, хүн загнасан, мангар хүн шиг байна лэ. Болор мэлмий хамаагүй зөв соёлтой, мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, ёс зүйтэй баг ажилдаг юм байна гэж харагдсан.

Зочин [202.9.42.68] 2019-02-02 22:53:48

chi bolor melmii taliin hun yum uu huniig ingej ner hunded haldaj bolohgui zaluu hun gehed mundag tuluvshsun mergejliin huvid mash sain emch sanagdsan shuu asuumjiin huvid asuudalgui

Tulga [64.119.19.156] 2019-02-02 12:10:50

Enkhtsetsegtee amjlt husye

Хуурамч мал [124.158.90.47] 2019-01-31 12:45:12

Хүүхэн хараа гэдэг биш бил үү?

zochin [112.72.12.10] 2019-01-31 12:23:25

Saihan zuvluguu ugsund bayarlllaa, emch e.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.