Европын холбоо нутаг дэвсгэр рүү нь алхан орж байгаа хүн бүрийн хувийн мэдээллийг цуглуулна

Д.Тулга / Гадаад мэдээ

Европын улс орнуудад ирж буй хүн бүрийг нийтээр нь хянах систем нэвтрүүлэхээр энэ оны хоёрдугаар сарын тавны өдөр Европын холбооны парламент урьдчилсан байдлаар хэлэлцсэн. Хяналтын системийн төслийг таван жилийн дотор хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бөгөөд хяналтын систем нэвтэрснээр нүүр таних болон хурууны хээгээр хянах боломжтой болж, алан хядагчдыг илрүүлэх боломжтой болно гэж хууль сахиулагчид үзэж байгаа юм байна.

Энэ систем нэвтэрснээр Шенгений виз мэдүүлсэн бүх хүний мэдээлэл хадгалагдан мэдээллийн сан үүсэх гэнэ. Цагдаагийнхан иргэний хурууны хээ эсвэл видеокамер болон царай таних программын тусламжтайгаар иргэнийг хэн болохыг секунд ч хүрэхгүй хугацаанд тогтоох боломжтой болох юм байна. Ингээд хүлээн авсан мэдээллийг Европын холбооны орнуудын ерөнхий мэдээллийн санд тухайн цагийн горимоор тавих бөгөөд тэр дор нь паспортын хяналтаар гарч буй иргэн ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх мэдээлэл ирэх гэнэ.

Хяналтын системд хэн бүртгүүлэх вэ?

Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаггүй орнуудын иргэдийн баримт бичгийн талаарх мэдээлэл биометрийн мэдээллийн ерөнхий санд хадгалагдах гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн үед Шенгений бүсийн нэг орноос нөгөө рүү нэвтэрсэн, нэвтрэх гэж байгаа, Шенгений виз мэдүүлсэн гээд бүхий л гадаадын иргэд, жуулчид ч хяналтад хамрагдах юм байна. Ингэснээр Шенгений орнуудын алиных нь ч хилээр нэвтэрч байгаа хүн бүрийн хурууны хээ, нүүрний дүрслэлийн мэдээллийг хууль сахиулагчид авах аж. Энэ журам жуулчид, ажил хэргийн уулзалтаар яваа бизнесменүүд, орогнол хайн яваа дүрвэгсэд гээд бүх хүнд хамааралтай. Хяналтын системийг санаачилсан хүмүүс энэхүү систем нь нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хийгдэж байгаа гэдгийг ойлгон, хувийн мэдээллээ өгөхөд дургүйцэхгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл хувийн мэдээллээ өгмөөргүй байгаа бол Европын холбоо руу явахгүй байж болно. Харин явахаар бол өөрийгөө “нэвт шувт дурандуул”.

Гэвч энэ мэдээллүүдийг зөвхөн “дотоод хэрэглээнд ашиглана”, гагцхүү зохих хууль тогтоомжийг мөрдөн албан ёсны хүсэлт гаргасан тохиолдолд л хувь хүний мэдээллийг бусдад дэлгэнэ гэж одоогоор ярьж байгаа.

Гэхдээ, өнөө үед хакерууд мэдээллийн санг эвдэж, мэдээлэл хулгайлж, тэдгээрийг ямар нэг зорилгоор зарах, эсвэл зүгээр л цахим ертөнцөд дэлгэчих тохиолдол цөөнгүй гардаг. Гэтэл иргэдийн хувийн мэдээллийг цуглуулахаар төлөвлөж буй Европын хууль тогтоогчид болон алан хядагчидтай тэмцэгчид энэ тал дээр хэрхэн аюулгүй байдлыг хангах талаар огт ам ангайхгүй байгаа юм.

Ердөө л алан хядах ажиллагааны аюул заналтай тэмцэх ариун зорилго нэрийн дор Европын холбоонд амьдардаг 218 сая иргэн, цаашлаад холбооны орнуудыг зорих иргэдийн хувийн мэдээллээ нууцлах эрхийг зөрчиж байна гэж хэлж болохоор.

Өнгөрсөн сард батласан төсөлд тусгаснаар виз мэдүүлсэн иргэдийн бүртгэл, орогнол хүссэн иргэдийн бүртгэл, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд болон баривчлах шаардлагатай гэмт хэрэгтнүүдийн бүртгэл гэсэн одоо хадгалагдаж байгаа хэд хэдэн мэдээллийн санг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Эдгээр дээр нэмээд, Европын холбоо болон Шенгений орнууд руу богино хугацаат жуулчлалын визээр явж байгаа этгээдүүд, урт хугацаанд оршин суухаар явж буй этгээдүүд, Европын холбоонд багтдаггүй улс орнуудаас богино хугацаат эсвэл урт хугацааны аяллаар ирээд хууль зөрчсөн, цагдаа шүүхийн хараанд орсон этгээдүүдийн биометрийн \хүнийг биеийн байдал болон зан байдлаар нь таних систем\ мэдээллүүдийг авах юм байна.

Хяналтын систем нэвтрүүлэх болсон шалтгаан

Дээр өгүүлсэнчлэн алан хядах ажиллагааг таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь хяналтын системийг санаачлах болсон шалтгаан.

Энэ талаас нь үзвэл иргэдийн мэдээллийг цуглуулах болсныг хангалттай зөвтгөх талтай. Учир нь сүүлийн жилүүдэд Европ тив тайван байсангүй. Эргэн саная.

2018 он. Тавдугаар сарын 12-нд хутгатай эр Парисын дуурийн театраас холгүйхэн иргэд рүү дайрч, нэг хүн амиа алдаж дөрвөн хүн шархдсан халдлага гарав. Үүний хариуцлагыг Исламын улс өөр дээрээ авч байлаа.

Дөрөвдүгээр сарын 7. Германы Мюнстер хотод ачааны тэргээр хүмүүсийг дайрсан этгээд гэмт үйлдлийнхээ дараа нь амиа хорлосон юм. Энэ халдлагын улмаас 4 хүн амиа алдаж 20 гаруй хүн гэмтжээ.

Гуравдугаар сарын 23. Францад зэвсэгтэй этгээд дэлгүүрт хүмүүс барьцаалан, Исламын улс бүлэглэлийг дэмждэг хэмээн мэдэгдэж байлаа. Энэ халдлагын улмаас хоёр хүн амиа алдав.

2017 он. Есдүгээр сарын 15-нд Лондон хотод өглөөний ид оргил цагаар метронд дэлбэрэлт болж 30 хүн гэмтсэн хэргийг Иракаас ирсэн эр үйлджээ.

Наймдугаар сарын 17:Испанийн Барселонад явган хүний гудамжруу машин дайрав, хэдхэн цагийн дараа Барселонагаас 120 км зайд байх Камбрильсд мөн ийм хэрэг гарчээ. Энэ халдлагуудын улмаас Испанид 15 хүн амиа алдаж 130 хүн гэмтсэн юм. Гэмтэл бэртэл авсан хүмүүсийн дунд 34 орны иргэн байжээ.

2016 он. Гуравдугаар сарын 22-нд Брюсселийн нисэх буудал дээр цуврал дэлбэрэлт болж 14 хүн амиа алдан, 100 орчим хүн гэмтэж бэртсэн юм. Гэх мэтчлэн сүүлийн таван жилд хэдэн зуун халдлага Европын орнуудад гарч, олон зуун хүн амиа алдсныг нэг бүрчлэн бичвэл хэтэрхий урт жагсаалт болно. Энэ бүхнээс харахад хилээ чангатгаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хувь хүний мэдээллийг шалгаж, мэдээллийн санд хадгалах гэж байгааг буруутгах аргагүй.

Хөрөнгө шаардсан хяналт

Европарламент болон Европын зөвлөлийн тэргүүнүүд энэхүү хяналтын системийн төслийг дэмжих хүртэл зарим нэг баримт бичгүүдийг бэлтгэх, санаачилсан ажлыг хэрэгжүүлэх мөнгө олох ажлууд хэдийнэ эхлэжээ.

Европын хэвлэлийнхний нэрлэсэнчлэн найдвартай тоон хамгаалалтын программ нь Европын холбооны төсвөөс ихээхэн хөрөнгө зулгаах нь тодорой болсон. Францын технологийн компаниййн мэргэжилтнүүдийн тооцоолсноор дээр дурьдсан зургаан ангиллын бүртгэлийн мэдээллийн санг ажиллуулахын тулд ойрын 9 жилд 425 сая евро шаардагдах гэнэ.

Үүн дээр нэмээд аялагчдын орох гарах бүртгэлийн системд 480 сая евро, нэвтрэх виз хүссэн өргөдлийг авч үзэх системд 212 сая евро, гэмт хэрэгтнүүдийг бүртгэх системд 78 сая евро шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн Европын холбооны гишүүн орнууд хилийн шалган нэвтрүүлэх цэг болгон дээр энэхүү системийг нэвтрүүлэхэд зориулан 136 сая евро шаардлагатай болох гэнэ.

Энэ асар их хөрөнгө алан хядах ажиллагааны аюул заналаас европчуудыг хамгаалахад зарцуулагдана гэж тооцоолж байгаа ч төслийг дэмжигчид энэхүү хяналтын сстем алан хядагч байж болзошгүй хүнийг илрүүлэхэд үнэхээр л туслана гэдгийг батлах ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.