Трамп: Би Путинтэй үр дүнгүй уулзалт хийхийг хүсэхгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 21-ний мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй уулзах эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа талаар мэдэгджээ.
Трамп “Би дэмий уулзалт хийхийг хүсэхгүй байна, цаг хугацаагаа үрэхгүй. Байдлыг харн. Бид хараахан шийдвэр гаргаагүй байна. Бид энхийн хэлэлцээрүүд байгуулсан. Би "Галын шугамаас холд, гэртээ харьж амар, хоёр улс нэгнээ алж байна" гэж хэлсэн. Тиймээс цаашид юу болохыг харъя” хэмээсэн байна.
Тэрбээр мөн ирэх хоёр хоногт Украин ба Оросын нөхцөл байдалтай холбоотой дараагийн алхмуудын талаар олон нийтэд мэдээлэхээ амлажээ.
Трамп “Их зүйл болж байна. Украин, Оросын фронтод их зүйл өрнөж байгаа бөгөөд бид ирэх хоёр хоногийн дотор юу хийх талаараа мэдээлнэ” гэж нэмж хэлсэн байна.
"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны нэгэн албан тушаалтан Дональд Трамп ойрын хугацаанд Путинтэй уулзахаар төлөвлөөгүй байгаа талаар хэлжээ.
Тэр "Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын даваа гаргийн яриа үр дүнтэй болсон тул Трамп, Путины уулзалт зайлшгүй биш болсон" гэж хэлсэн байна.
Будапешт дэх уулзалт - гол анхаарлын төвд
Дональд Трамп Владимир Путинтэй аравдугаар сарын 16-нд утсаар ярьж, Будапештэд уулзахаар төлөвлөж байгаагаа зарласан.
АНУ-ын Ерөнхийлөгч "Энэхүү уулзалтад АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар оролцоно" гэж мэдэгдсэн.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков аравдугаар сарын 17-нд “Путин үнэхээр Трамптай уулзах бодолтой байгаа ч уулзалтад урьдчилан нухацтай бэлтгэл хэрэгтэй” гэж мэдэгдсэн билээ.
Рубио, Лавров нар аравдугаар сарын 20-нд утсаар ярьж, хоёр орны удирдагчдын уулзалт, Украины дайныг зогсоох хэлэлцээний дараагийн алхмуудын талаар хэлэлцжээ.
CNN агентлаг аравдугаар сарын 21-нд Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлэлд үндэслэн "Рубио, Лавров нарын энэ долоо хоногт товлогдсон уулзалт түр хугацаагаар хойшилсон" гэж мэдээлжээ. Үүний дараа NBC News-ийн сэтгүүлч уулзалтыг төлөвлөх үйл явц зогсоод буй талаар мэдээлсэн байна.
Уулзалтын мэдээ Европын орнуудыг түгшээж байна
Financial Times-ийн мэдээлснээр, Рубио болон Лавров нар аравдугаар сарын 30-нд Будапештэд очих төлөвтэй байгаа аж. Энэхүү уулзалт Европын хэд хэдэн нийслэлд түгшүүр төрүүлж буй юм байна. Учир нь, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан удаан хугацаанд Оросын холбоотон, Европын Холбооны эсрэг байр суурьтай байсан билээ.
Reuters агентлагт нэрээ нууцалсан дипломатчид "Орос улс Украины дайныг нэн даруй зогсоохоос татгалзсан нь Трамп ба Путины уулзалтад саад болж магадгүй" гэж хэлжээ.
Мөн Кремль өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын эрх баригчдад нууц бичиг илгээж, Украины дайныг дуусгах нөхцлөө дахин мэдэгдсэн байна. Тэнд “Донбассыг бүрэн хяналтдаа авах” гэсэн шаардлагыг дахин дурджээ.
Эх сурвалж: NV
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.65] 2025-10-22 10:38:09
Хошного өвгөн бол Трамп
Зочин [100.15.71.234] 2025-10-22 09:54:14
Яана даа энэ иванууд буруу ишэлсэн сүх шиг л юм даа