ЗГ: Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж байна.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулж, “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгалаа.

“Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-т газар чөлөөлсөн айл өрхийг хамруулах, 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ.

Мөн “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулж, хамруулах, түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажиллаж байна. 4.2 га газарт цутгамал төмөр бетон бүтээцтэй, зоорьтой 21 давхар 8 блок, нэгдсэн 2 гражын 271 далд зогсоол, хорооллын доторх авто зам, ил авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол баригджээ.

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоож, нөхөн төлбөрийн үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлнэ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд анхны цэргийн багийг 2005 онд Сьерра Леон Улсад явагдсан ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлж, улмаар Чад-Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан Улсын Дарфур мужид явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцож, үүргээ амжилттай биелүүлж ирсэн юм.

Өнөөгийн байдлаар 2012 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй Мотобуудлагын батальон, Ливан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNIFIL” ажиллагаанд 2023 оноос эхэлсэн 4 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Эмнэлгийн бүлэг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох нөхөн төлбөрийг тухайн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч нэг бүрээр тооцон цэрэг хандивлагч орны Засгийн газарт олгодог.

Манай улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Засгийн газрын шийдвэрээр олгодог. Засгийн газрын 2006 оны 154 дүгээр тогтоолоор 60 хувийг энхийг сахиулагчид, 40 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд, 2011 оны 270 дугаар тогтоолоор 70 хувийг энхийг сахиулагчид, 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж ирснийг Засгийн газрын өнөөдрийн тогтоолоор 80 хувийг энхийг сахиулагчид, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр болж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.