Б.Батзориг: Зөрчлийн торгуулийн 40 хувийг урьдчилан сэргийлэхэд зарцуулна

Д.Тулга / Хууль

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн талаар Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригтой ярилцлаа.

-Таны хувьд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх анхны хууль 1997 онд батлагдсан. Гэмт хэрэг нийгмийн үзэгдэл учраас өөрчлөлтийг дагаж хувьсч байдаг. Тиймээс Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төслийн УИХ-ын гишүүн С.Бямбацогт жил гаруйн өмнө санаачилж УИХ-д өргөн барьсан.

Хуулийн гол онцлог бол нийгмийн өвчин болоод байгаа гэмт хэргийг эхлээд оношилж, арга хэмжээ авах ёстой. Үүний дараа дахин оношилно. Энэ зүй тогтол хуулийн төсөлд бүрэн тусгагдсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг зөрчлийн учир шалтгаан яаж өөрчлөгдөж байгаа, үүнийг дагаад төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн хэр байгааг мэдэх боломжтой. Хүүхдийн хүчирхийлэл, хүний наймаа, зам тээврийн осол юунаас болж байгааг зүй тогтлоор нь харах юм. Монгол Улс гэмт хэрэгтэй тэмцээд зөрчлөө орхичихсон. Бүр тоолж ч чадахгүй байсан. Гэтэл олон улсад ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхдээ зөрчлөөс эхэлдэг.Одоогийн хэлэлцэж байгаа Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиар том гэмт хэрэгтэйгээ ч тэмцэнэ. Мөн зөрчлөө ч орхигдуулахгүй. Жижиг гэж хэлээд байгаа зөрчилтэйгөө тэмцээд эхлэхээр том зөрчил нь аяндаа багасдаг. Тухайлбал, бэлэг авч байгаа үйлдлийг таслан зогсоохгүй бол хахууль болж хувирна. Цаашлаад эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг болно. Бага дээр нь таслан зогсоож сэргийлэх ёстой. Мөн чанаргүй бараа бүтээгдэхүүнтэй тэмцэхээр хүмүүс хордохоо больдог. Чанаргүй бараа худалдах нь зөрчил мэт боловч хүүхэд идвэл аюултай учраас гэмт хэрэг болж хувирна. Ингэж гэмт хэргийг олон талаас нь урьчдилан сэргийлж, тэмцэхэд чиглэж байгаа юм.

-Урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарна гэсэн үг үү?

-Хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах ерөнхий агуулгыг тусгасан. Жишээлбэл, цагдаагийн байгууллагаас “Нэг хором” арга хэмжээг богино хугацаанд зохион байгуулахад өмнөх оноос 168 хүч хэрэглэсэн гэмт хэрэг буурсан. Өөрөөр хэлбэл, 168 хүн шоронд орохоос сэргийлж энэ тооны хүн хохирохоос хамгаалагдаж байгаа юм. Өмнө нь бид хэргийг араас нь хөөж шалгаж, илрүүлдэг байсан бол энэ хуулиар хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх юм. Хэрэг өмгөөлдөг бол хамгаалах тогтолцоог бүрдүүлж өгч байна. Энэ хандлагыг бий болгоод эхлэхээр гэмт хэргийн улмаас нас барж байгаа хүний тоо буурна. Одоо бол гэмт хэргийн улмаас өдөрт гурван хүн нас барж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг хорих, сургалтад хамруулснаар зөрчлийн тоо нэмэгдэж байгаа ч үүний улмаас амь насаа алдаж байгаа хүний тоо буурч байна. Ноцтой шинж буурч байгаа юм. Хүнийг хүнд өвчин тусахаас өмнө буюу ханиалгаад эхлэхэд нь эмчилж байгаатай адил.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд, бусад төрийн болон төрийн бус байгууллага иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог тодорхой зохицуулсан.

-Хуулийн төсөлд гэмт хэргээс сэргийлэхэд иргэдийг татан оролцуулахдаа урамшуулна гэж заасан байсан?

-Гэмт хэргээс сэргийлэх нь зөвхөн цагдаагийн ажил биш. Хэн ч өртөж болзошгүй учраас хүн бүр оролцох ёстой. Гэхдээ албадлага хэрэглэхгүй. Иргэдийг татан оролцуулахдаа зургаан хэлбэрийг тусгасан. Эдгээр нь урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, олон нийтийн шинэ санаачлагыг дэмжих, хяналтын тогтолцоог бий болгох, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, баталгааг бүрдүүлэх хэлбэртэй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох буюу яриа таниулга хийх, мэдээлэл бэлтгэх, иргэн гудамжиндаа сайн дураараа эргүүл хийж үр дүнтэй ажиллавал урамшуулна. Гэмт хэрэг үйлдэгдэж байхад цагдаагийн байгууллагад мэдэгдэж ноцтой түвшинд хүрэхээс сэргийлэх, мөн хэрэг илрүүлэхэд тусалсан бол урамшуулах журамтай. Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу урамшуулахаас гадна төлбөртэй мэдээлэл авна.

Өмнө нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг зөвхөн хэв журмын болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 40 хувиар тооцдог байсан бол одоо Зөрчлийн нийт торгуулийн орлогын 40 хувийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар тусгасан. Одоо бол урьдчилан сэргийлэх зардал бүх аймагт хуваарилагдаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн гол нь гэмт хэргийнхээ учир шалтгааныг оношилж байж урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зардал дан ганц гэмт хэрэг бус зөрчилд ч зарцуулагдана. Зөвхөн танхай, хулгай, гудамжны хэрэгт бус чанаргүй бараа бүтээгдэхүүн, хил гааль, байгаль орчин, амьтан ургамлыг зөрчлөөс сэргийлэхэд зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, төр зөрчил гаргахаар нь торгох уу аль эсвэл эсрэгээрээ торгуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авах ёстой юу гэдэг чухал юм.

-Гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн болон урьдчилан сэргийлэх ажилд оролцсон иргэдийг хамгаалах заалт бий юү?

-Иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцохын тулд баталгаа байх ёстой. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд тодорхой хэмжээний эрсдэлд орно. Магадгүй гэмтэж, бэртэж амиа алдаж болно. Тиймээс эрүүл мэндээрээ хохирсон бол зардлыг улсаас төлөхөөр зохицуулсан. Ингэснээр урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа иргэдээ улс давхар хамгаалж байгаа юм.

-Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавих зохицуулалт оруулсан байсан. Нийгэмшүүлэх гэж ойлгож болох уу?

-Хорих ял эдлээд суллагдсан хүмүүс тодорхой хэмжээгээр сөрөг зан үйл суусан, нийгэмшиж чаддаггүй. Тэднийг суллагдангуут нь бор зүрхээрээ амьдар гээд орхих биш цагдаагийн байгууллагын хяналтад байлгахдаа сургалт зохион байгуулж ажил олгох талын арга хэмжээ зохион байгуулах ёстой.

-Хуулийн төсөл ямар шатандаа байгаа вэ?

-Байнгын хорооны хурлаар орсон. Өнөөдөр Их хурлаар хэлэлцэнэ. Энэ сардаа батлагдах байх гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.