XV Далай ламыг албан ёсоор тодруулахаа мэдэгдлээ

Aдмин / Боловсрол

Буддын шарын шашны тэргүүн, дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамц энэ ням гарагт 90 насыг зооглох билээ. Тэрээр өнгөрсөн хавар хийсэн мэдэгдэлдээ дараагийн дүрээ үргэлжлүүлэн тодруулах эсэх болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг 90 насны ойн босгон дээрээ дэлхий дахинд мэдэгдэнэ гэдгээ хэлж байсан юм.

Төвөдийн болоод шарын шашны ахмадууд, өндөр дээд цол хэргэмтэй лам нар эдгээр өдрүүдэд Далай ламын цөлөгдөн амьдарч байгаа Энэтхэгийн Дарамсала хотод цугларлаа. Далай лам урьдчилан хийсэн бичлэгийг цацаж, дараагийн дүрээ хэрхэн тодруулах тухай мэдээллийг дэлхийн буддын шашинтнуудад өгсөн байна.

Юун түрүүнд Далай лам өөрийн хойд дүрийг албан ёсоор тодруулна гэдгийг ойлгомжтой болгож албан ёсоор энэ тухай мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл 600 жилийн турш үргэлжилсэн буддын шарын шашны тэргүүн Далай ламын дараагийн дүр болох 15-р Далай ламыг тодруулна. 14-р Далай лам дараагийн дүрээ тодруулах эсэх нь эргэлзээтэй байсан бол ийнхүү тодорхой боллоо.

Хоёрдугаарт Далай ламын дараагийн дүрийг тодруулах ажлыг Гандан Потан сан гүйцэтгэнэ гэдгийг 14-р Далай лам онцолж эхэллээ. Энэ нь 15-р Далай ламын дүрийг тодруулах ажилд ямар нэг гадны нөлөө, гадны бүтэц оролцохгүй гэсэн үг юм. Тиймээс Далай лам Данзанжамцын үүсгэн байгуулсан Гандан Потан сангаас бусад гадны байгууллага, бүтцийн тодруулсан Далай ламын хойд дүрийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг сануулсан дохио юм.

Гандан Потан сан 15-р Далай ламыг хэзээ, хаанаас тодруулах, дүрийг тодруулсны дараа суудалд нь залах зэрэг үйл хэргийг гүйцэтгэнэ гэдгийг 14-р Далай лам тодорхой хэллээ. Далай ламын хойд дүрийг тодруулж, амжилттай залах хүртэл бүх үйл явцыг олон нийтэд дэлгэхгүй, нууцаар зохион байгуулна гэдгийг тэрбээр уг бичлэгээрээ дамжуулан мэдээлсэн байна.

Далай ламын залгамжлагчийг тодруулах ажилд ямар нэг хөндлөнгийн оролцоо байх ёсгүй гэдэг нь тойруугаар БНХАУ-ын Засгийн газрыг хэлж буй. Хятадын эрх баригчид дараагийн Далай ламын дүрийг тодруулах ажилд нухацтай хандсаар ирсэн.

Далай ламыг ийнхүү мэдэгдэл хийсний дараа Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд Далай ламын хойд дүрийг тодруулах ажил Бээжин дэх Хятадын төв Засгийн газрын дэмжлэгийг авах ёстой гэж онцолжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн Хятадын Засгийн газрын дэмжсэн хүнийг Далай ламын хойд дүрээр хүлээн зөвшөөрнө гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Цөллөгт байгаа Төвөдийн шарын шашны удирдагчид Далай ламын мэдэгдлийн дараа хэвлэлийн хурал хийсэн. Энэ хурал дээр дараагийн буддын шарын шашны тэргүүний залгамжлагчийг тодруулах ажилд Бээжинг ямар ч тохиолдолд оролцуулахгүй гэсэн байр сууриа хатуу илэрхийлжээ.

Төвөдийг дуулгавартайгаар эрхшээлдээ байлгахын тулд оюун санааны удирдагч нь болсон Далай ламын хойд дүрээр өөрийн мэдлийн хүнийг тодруулах нь Бээжинд улс төрийн чухал ач холбогдолтой үйл явдал юм.

1959 онд Төвөдийн нийслэл Лхас хотод болсон бослогыг Хятадын Засгийн газрын цэргүүд хүчээр дарсан. Энэ үеэр Далай лам хэсэг бүлэг дагагчдынхаа хамт Төвөдөөс зугтаж Энэтхэгийн Дарамсалад аж төрж байгаа юм. Түүний дараагийн дүрийг Хятадаас өөр, эрх чөлөөт нутаг дэвсгэрээс тодруулна гэдгийг Далай лам айлдаж байсан удаатай. Тиймээс дараагийн залгамжлагч Энэтхэг, тэр дундаа жижиг Лхас гэгддэг Дарамсала хавиас тодрох болов уу гэсэн таамаг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000