СУРВАЛЖИЛГА: Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын төсөл НҮБ-ын “Интегра ба Оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх “Интегра” санаачилга болон "Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах “Оролцоо" төслүүдийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 24 төслийг танилцуулах нээлтийн үйл ажиллагаа өчигдөр (2025.07.03) амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Уур амьсгалын санхүүжилт ба хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхаджаев нар болон бусад зочид төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын хэмжээнд төрийн үйлчилгээний шударга, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн эдгээр төслүүдийг Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгээр НУБХХ-ийн Санхүүжилтийн Цонх механизмаар дамжуулан хэрэгжүүлж буй юм.
“Интегра” санаачилгын хүрээнд шалгарсан төслүүд нь эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг дэмжин, шударга байдлыг хангахад иргэний оролцооны хурдасгуур механизмуудыг туршиж, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хангах бодлогын түвшний шинэчлэлүүдэд хувь нэмэр оруулах юм.
Нээлтийн арга хэмжээнд холбогдох яамд, агентлагууд, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, хэвлэл мэдээлэл, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, төслүүдийн зорилго зорилт, хүлээгдэж буй үр дүн, цаашдын хэрэгжилтийн арга замуудыг хэлэлцлээ.
Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Төрийн үйлчилгээг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад ард иргэдийг оролцуулах нь төрийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх суурь юм. Энэхүү тэтгэлгүүд нь засаглал, нийгмийн шударга ёсыг сайжруулахад чиглэсэн орон нутгийн дуу хоолой, санал санаачилгыг илүү хүчтэй болгож өгнө" хэмээн онцоллоо.
“Интегра ба Оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 90 гаруй төслийн санал ирснээс 24 төсөл шалгарчээ. Тэдгээр төсөлд нийт 200,000 гаруй ам.долларын тэтгэлэг олгож, төслүүд 2025 оны долдугаар сараас 2026 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжинэ.
Тэтгэлэгт төслүүдийн нээлт-сургалтын арга хэмжээний зорилго нь шалгарсан оролцогчдыг танилцуулах, санаачилгын хүрээнд хүлээгдэж буй гол үр дүнгийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх, тэтгэлгийн санхүү, тайлагналын шаардлагыг танилцуулах, мөн тэтглэгт төслийн үндсэн сэдвүүдээр сургалт мэдээлэл өгөх юм.
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Дашпүрэв "Уул уурхайн салбарт ил тод, хариуцлагатай, тогтвортой шийдэлд хөрөнгө оруулалт хийх нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжилд чухал нөлөөтэй. Энэ нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг сайжруулах бодит алхам юм" гэж хэлэв.
Эдгээр төслүүд нь залуус, эмэгтэйчүүд орон нутгийн иргэд болон эмзэг бүлгийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн бүхий л гишүүдийн эрх тэгш, хүртээмжтэй оролцоог хангаж ажиллах юм.
Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх “Интегра ба Оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрт Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын “Уул уурхайн салбарын авлигын эрсдэлүүдийг бууруулах шинэлэг арга хэрэгсэл туршин нэвтрүүлэх нь” төсөл шалгарлаа.
“Интегра" санаачилга ба "Оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагаа өчигдөр хөтөлбөрийн танилцуулга, шалгарсан төслүүдийг танилцуулах, нетворкинг бинго буюу оролцогчдыг хооронд нь холбох, төслийн онцлогийг олж тогтоох асуултуудтай танилцах тоглоом тоглох, дурсгалын зураг авахуулах, хэрэгжилтийг дэмжих хэсэгтэй болж өндөрлөсөн юм.
“Интегра ба Оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төслүүдийг танилцуулж, батламж гардуулсны дараа зарим төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБ АНХ УДАА ТӨК-ИУДЫГ
СУРВАЛЖЛАХ ГАРЫН АВЛАГА ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА”
“Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, төслийн удирдагч З.ЦЭЛМЭГ
-Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб ямар учраас “Интегра” төсөлд сэтгүүлчдийн оролцоог хангахыг зорьж, ямар үндэслэлээр төслөө бичсэн бэ?
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас маш өндөр хамааралтай. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25-30 хувийг бүрдүүлдэг энэ салбар нь үндэсний эдийн засгийн гол хөшүүрэг болж байна. Үүний дотор төрийн өмчит уул уурхайн компаниудын орлого, ашиг нь улсын төсөв, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд шууд нөлөөлдөг ч чухал ач холбогдолтой.
Гэтэл сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниуд улам бүр томорч, эдийн засгийн хувьд дотооддоо эрх мэдлийн төвлөрөл үүсгэж байна. Уул уурхайн яам хүртэл эдгээр компаниудад нөлөө үзүүлж чадахаа болж, Засгийн газар шууд хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, бүх том компанийг нэгтгэх хэлбэрээр удирдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбар төрийн өндөр оролцоотой, нөлөө бүхий бүтэцтэй болсон гэсэн үг.
Харамсалтай нь, төрийн өмчит компаниудын ил тод байдал хангагдаж байгаа эсэх нь тодорхойгүй. Хуулиар болон олон улсын стандартаар тавигддаг ил тод байдлын шаардлагуудыг хэр биелүүлж буйг шалгах баримт, нотолгоо хангалтгүй. Энэ бол ноцтой асуудал.
Ийм учраас эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг, мэргэшиж буй сэтгүүлчид маань төрийн өмчит компаниудын мэдээллийг хэрхэн ашиглах, ил тод байдал ямар түвшинд байгааг баримтад тулгуурлан тодорхойлох, үнэлэх, улмаар төрийн ил тод байдлыг сайжруулах үндэслэл бий болгох зорилготойгоор бид энэхүү төслийг боловсруулсан юм.
Манай Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдийн дийлэнх нь залуу сэтгүүлч. Шинэ үеийн сэтгүүлчид техник, технологийн дэвшил, ил тод засаглалын шаардлагыг ашиглан мэдээлэлтэй ажиллах шинэ ур чадварыг эзэмших шаардлага тулгарч байна. Тиймээс бид энэ төслийг залуу сэтгүүлчдийн ур чадварыг хөгжүүлэх, төрийн өмчит компанийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор санаачилсан.
-“Уул уурхайн салбарын авлигын эрсдэлүүдийг бууруулах шинэлэг арга хэрэгсэл туршин нэвтрүүлэх нь” төслөөс МЭЗСК ямар үр дүн, чадавхи хүлээж байна вэ?
-Энэ төсөл нь бидний хувьд олон талаараа чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, төрийн өмчит компаниудын талаар судалж, бичих явцдаа туулсан бэрхшээл, сорилт, туршлага, сургамжийг сэтгүүлчид хоорондоо хуваалцана. Хоёрдугаарт, бид анх удаа төрийн өмчит компаниудыг хэрхэн сурвалжлах талаар гарын авлага гаргах зорилготой.
Энэ нь редакц, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд, мөн энэ сэдвийг сонирхож буй хэн бүхэнд хэрэгтэй практик хэрэглэгдэхүүн болно. Тус гарын авлагаар дамжуулан ямар төрлийн мэдээлэл ил тод байх ёстой вэ, эх сурвалжийг хаанаас, хэрхэн олох вэ, ил тод байдлын талаарх хуулийн шаардлагууд юу байна вэ гэх зэрэг асуултуудад хариулт өгч, сэтгүүлчдийн мэдлэгийг тэлэх юм.
Ингэснээр сэтгүүлчид төрийн өмчит компанийн төлөөлөлтэй уулзахдаа зүгээр л “Танай борлуулалт хэд вэ, ашиг хэд вэ?” гэж асуух биш, харин ил тод байдлын шаардлагуудыг хангаж байгаа эсэх талаар тодорхой, баримттай асуулт тавьж, дөрөв дэх засаглалын хувьд хяналт, шүүмжлэлийн үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно.
Манай клуб одоо “Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадвар, харилцан суралцах орчныг бүрдүүлэхийг зорьдог.
Монголын сэтгүүл зүйн салбар залуу боловсон хүчнээр байнга сэлбэгдэж, богино хугацаанд өндөр чадвартай болох шаардлага тулгарч буй. Тиймээс манай клубын гол зорилго сэтгүүлчдийн харилцан туршлага солилцох, мэргэших үйл явцад дэмжлэг үзүүлэх юм.
“БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ”
Баян-Өлгий аймгийн “Гэрэлт хөгжлийн тэмүүлэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга БАХИРА АНАРГҮЛ
(Тайлбар: Зураг дээр зүүн гар талд)
-Юуны өмнө танай хамт олонд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болсон гол шалтгаан юу байсан бэ?
-Манай байгууллага хүний эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Бид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд олон жил ажилласан туршлагатай.
Нөлөөллийн олон ажил санаачлан хэрэгжүүлж, залуучуудын сүлжээг дэмжиж ирсэн. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ариунзаяа ажиллаж байх үед бид хамтран тодорхой нөлөөллийн ажлууд хийж байлаа. Энэхүү ажлуудаа цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба бодлогын нөлөөлөл” төслөө боловсруулан, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан нь үнэхээр том боломж боллоо.
-Энэ төслийн үр дүнг хэрхэн тооцож байна вэ?
-Төслийн үндсэн зорилго бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бодит өөрчлөлтөд хүрэх юм. Цаашдаа тусгайлсан хөтөлбөрүүдийг боловсруулж, батлуулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Өмнө нь 10 сая төгрөгийн жижиг төсөл хэрэгжиж байсан ч хугацааны хувьд богино байсан. Харин энэ удаад илүү өргөн хүрээтэй, бодлогын түвшинд нөлөөлөхүйц өөрчлөлт хийхийг зорьж байна.
-Алслагдсан бүс нутагт амьдарч буй казах эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж өнөөгийн байдлаар хэр нээлттэй байна вэ?
-Баян-Өлгий аймгийн хүн амын 97 хувийг казах үндэстэн бүрдүүлдэг. Эмэгтэйчүүд голчлон өөрсдийн санаачилгаар бичил бизнес, гар урлал, худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт ажлын байр бий болгож байна. Гэхдээ энэ эмэгтэйчүүдэд дэмжлэг маш их хэрэгтэй байна.
Статистик тоон мэдээллээр, 2024 оны жилийн эцсийн байдлаар Баян-Өлгий аймгийн нийт хүн ам 118,275 байсан бөгөөд үүнээс 50.1 хувь буюу 60,299 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 58,300 хүнээс 43.7 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлага их байгааг харуулж байна.
-Төрийн бодлого, шийдвэр танай бүсийн иргэдэд хэрхэн хүрч байна вэ? Шийдвэр гаргах түвшинд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд алслагдсан бүс нутгийн иргэдэд хангалттай хүртээмжтэй хүрэхгүй байна. Ихэнхдээ нийслэл төвтэй бодлого хэрэгжиж, хөдөө орон нутагт хүрэхдээ дутуу дулимаг байдаг. Тухайлбал, Баян-Өлгий аймагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин хамгийн бага байгаа нь төрийн бодлого, дэмжлэгийн үр нөлөө сул байгааг харуулж байна. Тиймээс энэ чиглэлд бодлогын түвшинд нөлөөлж, иргэдийн санал, хэрэгцээг тусгасан, тэдэнд хүрсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай.
-Эмэгтэйчүүд голдуу ямар ажил эрхэлж байна вэ?
-Ихэнх эмэгтэйчүүд албан бус салбарт ажиллаж байна. Үүнд жижиглэнгийн худалдаа, өрхийн бичил үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг орно. Мөн эдийн засгийн идэвхгүй бүлэгт 3548 эмэгтэй гэртээ хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг асарч байна.
Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээлэл хангалттай биш байна. Ялангуяа зорилтот бүлгийн эмэгтэйчүүд хаана хандах, ямар баримт бүрдүүлэхээ сайн мэдэхгүй, тэтгэлэг, дэмжлэгийн тухай мэдээлэл ам дамжсан хэлбэрээр дутуу орж ирдэг. Үүнээс болж дэмжлэгт хамрагдаж чадахгүй, шалгуураас хасагдах тохиолдол олон. Төрийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн хүртээмж, ойлгомжтой байдал, мэдээлэл түгээх механизм-ыг сайжруулах шаардлагатай байна.
"БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИНД 'ТОХИРУУЛГА ҮЙЛЧИЛГЭЭ' ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ
ТУСГАХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА"
“Гэрэлт цох байшин" ТББ-ын үүсгэн байгуулагч, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээлтийн итгэмжлэгдсэн зөвлөх Б.ОЮУНТӨГС
-Та НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт ямар зорилгоор төсөл бичиж шалгарсан талаараа ярихгүй юү?
-Би Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д магистрын зэрэг хамгаалаад, эх орондоо ирснээсээ хойш боловсролын салбарт долоон жил ажиллаж байна. Энэ хугацаанд анхаарч ирсэн гол асуудал бол Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд суралцахад шаардлагатай тохируулга үйлчилгээ огт бүрдээгүй байгаа явдал юм. Иймээс анх удаа энэхүү чиглэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний санаачилгыг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд МУИС-тай идэвхтэй хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сурах нөхцөлийг сайжруулах зорилгоор тухайн оюутанд шаардлагатай тохируулгыг тодорхойлж, түүнийг багш нарт нь дамжуулах, хэрэгжилтэд нь анхаарах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ үйлчилгээг зөвхөн нэг их сургуульд биш, нийт боловсролын системд нэвтрүүлж, тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай.
Учир нь бид үндсэндээ “тэг”-ээс эхэлж байна. Энэ асуудлыг бодлогын түвшинд шийдэх, Боловсролын багц хуулинд “тохируулга үйлчилгээ” гэх ойлголтыг тусгах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, хэрэгжилтийг хянах, материаллаг баазыг сайжруулах зэрэг олон талт, системтэй ажлуудыг эхлүүлэх шаардлага тулгарч байна. Ядаж боловсролын багц хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн сурахад шаардлагатай тохируулга үйлчилгээ гэдэг үгийг оруулах нь маш чухал байна.”
-Та нөлөөллийн ажлаа хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Миний үүсгэн байгуулсан “Гэрэлт цох байшин” төрийн бус байгууллага анхны нөлөөллийн ажлаа 2022 онд МУИС-тай хамтран эхлүүлсэн. АНУ-ын Фулбрайтын “Special” хөтөлбөрийн хүрээнд Америк мэргэжилтэнг урьж авчирч, энэ чиглэлийн туршлага, арга зүйг Монголын нөхцөлд нутагшуулах ажлыг эхлүүлсэн юм. Нөлөөллийн ажлын үр дүнд тухайн үеийн МУИС-ийн удирдлагууд уг санаачилгыг хүлээн зөвшөөрч, “Үргэлжлүүлээд хэрэгжүүл, бид дэмжинэ” гэж албан ёсоор баталгаажуулсан. Ингээд хоёр жилийн турш үр дүнтэй хамтран ажилласан.
-Хоёр жилийн дараа энэ ажил зогсонги байдалд орсон гэж ойлголоо. Бусад сургуулиудад нэвтрүүлэхээр төлөвлөж байна уу?
-Тийм ээ, одоогоор үйл ажиллагаа түр зогсонги байдалд орсон. Үндсэн шалтгаан нь энэ чиглэл дөнгөж эхэлж байгаа, олон нийт болон байгууллагууд төдийлөн сайн ойлгож амжаагүй байна. Нөгөө талаар, их сургуулиудын удирдлагууд байнга солигдож, өмнөх ажлуудыг үргэлжлүүлэн ойлгож, дэмжих хүмүүс багассан. Тиймээс бид төрийн бус байгууллагынхаа шугамаар өөр санхүүжилтийн эх үүсвэр хайж, энэ үйлчилгээг бусад их, дээд сургуулиудад нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
-Хөдөлмөр эрхлэлттэй энэ хичээлийн технологи хэрхэн уялдаж байна вэ?
-Өнөөдрийн залуус бүгд суралцаж, дараа нь ажил, амьдралаа авч явахыг зорьж байна. Улсаас олгож буй тэтгэлэг тухайн сургуулийн данс руу орж байгаа учраас сургууль нь оюутны сурах үйл явцыг бүх талаар дэмжих үүрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй оюутан тохируулгын хэрэгцээгээ эрт таньж мэдсэнээр, өөрийн эрүүл мэнд, орчны онцлогт тохируулан ямар нөхцөл бүрдсэн тохиолдолд үр дүнтэй суралцаж чадах вэ гэдгээ ойлгож сурдаг. Жишээлбэл, нэг гар нь саажилттай оюутан бичгийн ажлыг компьютер дээр хөнгөвчлөх боломжтой бол энэ туршлагаа ирээдүйд ажил олгогчдоо тайлбарлаж, өөртөө тохирсон нөхцөлийг бүрдүүлэх чадвартай болж төлөвшдөг. Ийм байдлаар боловсрол, хөдөлмөр эрхлэлт хоёрын хоорондын уялдаа, шилжилт илүү бодитой, амьд хэлбэрээр хэрэгжих боломж бүрддэг.
"ИНТЕГРА" САНААЧИЛГА БА "ОРОЛЦОО" ТӨСЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх “Интегра” санаачилга болон "Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах “Оролцоо" төслүүдийг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр чадавхижуулах сургалтаар үргэлжилж байна.
“Интегра” санаачилга төсөл нь Ази, Африкийн дөрвөн оронд хэрэгжиж байгаа бөгөөд нийтийн баялгийг тэгш хүртээмжтэй, ил тод захиран зарцуулахад шударга байдал, ёс зүйг бэхжүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх зорилготой. Энэхүү санаачилга нь олборлох салбар дахь байгалийн баялгийн тогтвортой, ил тод менежментийг сайжруулахад чиглэсэн шинэ шийдэл, арга хэрэгслийг судлан турших зорилготой Интегра тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Оролцоо” төсөл нь Ази, Африкийн таван оронд хэрэгжиж байгаа бөгөөд иргэдийн оролцоог дэмжсэн бүтцийн шинэтгэлийг дэмжиж, үүнд иргэний орон зайн зохицуулалтын орчин,оролцооны дэд бүтэц, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх орчныг бүрдүүлэхэд чиглэж буй юм.
Энэхүү төслийн хүрээнд оролцооны шинэлэг арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэхэд чиглэсэн “оролцооны хурдасгуур" хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хоёр төсөл нь бух үйл ажиллагаандаа эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэж ажиллах юм.
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл