Сарлагийн үнээнээс 3.8 литр сүү сааж, эмнэг сарлаг дээр 28 секунд тогтож аваргалав

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Далан булагт долдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан “Сарлагийн наадам 2025”-аар эрийн гурван наадмаас гадна сарлаг бугуйлдах, булгиулах, тохоштой ганган сарлаг, шилмэл бух, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах уралдаан, “Сарлаг 2025” шүлгийн тэмцээн, сарлагийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Наадамд Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоноос гадна зэргэлдээ Завхан, Архангай зэрэг аймгийн малчин залуус ч оролцож өрсөлдлөө. Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь зэрэг аймаг, мөн НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч, Герман улсын дизайнер тэргүүтэй гадны зочид төлөөлөгч, аялагч, амрагчид гээд нийт 4800 гаруй зочин оролцжээ.
Наадмыг зохион байгуулагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум аймагтаа хамгийн олон буюу 48300 үхэртэй, тэдгээрээс 28000 нь сарлаг. Тус сум хөх сарлаг брэндтэй болохоор сүүлийн 20 жил эрдэмтэн судлаач, малчидтайгаа хамтран ажилласны үр дүнд 2012 онд 9000 сарлаг тоолуулж, 80 кг хөөвөр авч байсан бол 2024 онд сарлагийн тоо толгой 28 000 давж, 5 тн хөөвөр самнасны нэг тн нь хөх сарлагийн хөөвөр байжээ.
Мөн сарлагийн сүүгээр олон төрлийн цагаан идээ, орчин үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоршоо, малчид ч нэмэгдсэн байна. “Алаг-Эрдэнэчүүдийн тухайд тус наадам нь баяр гэхээс илүү малчдад зах зээлийн гарц боломжийг нээж өгдөг эвэнт юм” гэж тус сумынхан тодорхойлсон байна.
Мөн Хоймор нутгийн хөх сарлагийн наадамд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яап Ван Хиердэн гэр бүлийн хамт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Суурин төлөөлөгч Дяо Чин-юнь урилгаар оролцжээ.
НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яап Ван Хиердэн "Би Монгол Улсад ирээд удаагүй байна. Монголын, монголчуудын тухай таньж мэдэхэд орон нутгийн ийм эвэнт, наадам их чухал. Би олон аймаг, сумаар явж илүү сайн танилцахыг хүсч байна. Хэнийг ч орхилгүй хамтдаа хөгжих нь НҮБ-ын гол бодлого. Тиймээс ч хөдөөгийн иргэдийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй юм. НҮБ-ын ХХААБ энэ чиглэлээр илүү ойр ажилладаг” хэмээн ярьжээ.
Тус наадмын сонирхолтой үзүүлбэрт яах аргагүй сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн ордог. Энэ жил эдгээр тэмцээнд өрсөлдөгч залуус эрс нэмэгдэж, 187 малчин залуу сарлаг бугуйлдан, 84 залуу сарлаг булгиулж өрсөлджээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Б.Сүхбаатар эмнэг сарлагийн нуруун дээр 28 секунд тогтож түрүүлсэн бол Арбулаг сумын залуу малчин Н.Буяндэлгэр 6 бугуйл шидсэнээс 5 амжилттай болж түрүүлэв. Тэрбээр "Орой тугалаа хашчихаад, үхрүүдээ бугуйлдаж бэлтгэл хийсэн" гэж ярьсан байна.
Сүүтэй сарлагийн тэмцээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Н.Отгонжаргал сарлагийн нэг үнээнээс 3.8 л сүү сааж түрүүлжээ. Сарлагийн сүү өтгөн, гарц нь дунджаар 1-2 л байдаг байна.
Наадмыг санаачлагч, хамтран зохион байгуулагч “Жинст Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Г.Энхболд “Бид сум, аймагтайгаа хамтран 2014 оноос энэ наадмыг тасралтгүй зохион байгуулж байна. Тэр үед сарлагаа самнаж, хөөврийг ашиглахад анхаардаггүй, мэддэггүй шахуу байсан. Арваад жил малчидтайгаа хамтран ажилласны үр дүнд хөөвөр нь ноолууртай дүйх хэмжээний үнэ цэнтэй болохыг ойлгуулж, хөөврөө самнадаг, орлогынхоо нэг гол эх үүсвэрийг түүгээр бүрдүүлдэг болоод байна.
Цаашид сарлагийн амьдын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд сарлагийн түүхий эдээ сурталчлах, танин мэдүүлэх хэрэгцээ шаардлага их байна. Үүнд “Сарлаг наадам” томоохон үүрэгтэй. “Жинст Мөрөн” компани түүхий эдээ орон нутгаасаа авч, бүтээгдэхүүнээ орон нутагтаа үйлдвэрлэж байна. Нийт 200-300 загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бидний хамтран ажилладаг загвар зохион бүтээгчдийн нэг ХБНГУ-аас энэ наадамд зорьж ирээд байна. Бид мөн Бельги улсаас захиалга аваад байна.
Сүүлийн үед цайвар өнгийн хөөвөр дотоод, гадаадын зах зээлд эрэлт ихтэй байна. Гэтэл манайд сарлаг голдуу бараан зүстэй. Тиймээс бид “Хөх сарлаг” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, үр дүнд нь сарлагийн сүрэгт хөх сарлагийн эзлэх хувийг 8-30 хувь болгож нэмэгдүүллээ” гэжээ.
Хөвсгөл аймаг хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг бөгөөд 22 сумын малчид 174 800 гаруй толгой сарлаг маллаж байгаа ажээ. Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын малчид нийт орлогынхоо 30 гаруй хувийг сарлаг малаасаа авдаг байна. Улсын хэмжээнд 2024 онд 13 аймгийн 132 суманд нийт 999 400 гаруй толгой сарлаг тоологджээ.
Сүүтэй үнээ шалгаруулах тэмцээн болов
Тэргүүн байр хар сарлагийн үнээнээс 3,8 литр сүү саасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хоёр дугаар багийн малчин Н.Отгонжаргал
Дэд байр эвэртэй хар сарлагаас 3,1 литр сүү саасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Д.Золзаяа
Гутгаар байр бор сарлагаас 500 гр сүү саасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Саран нар шалгарчээ.
Шилмэл бух шалгаруулалт
Тэргүүн байр хязаалан настай бор бухны эзэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тав дугаар багийн малчин Б.Баярхүү
Дэд байр соёолон настай бор бухны эзэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Х.Баасандалай
Гутгаар байр бор бухны эзэн малчин Б.Шижирбаатар нар тус тус шалгарсан байна.
Тохоштой сарлаг шалгаруулалт
Тэргүүн байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын гуравдугаар багийн малчин Б. Нямжаргал бор тарлан сарлаг
Дэд байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын гуравдугаар багийн малчин Н.Буянбаатар хар тарлан сарлаг
Гутгаар байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Х.Энхбаяр бор сарлаг тус тус шалгарав.
СУР ХАРВАА ЭР :
Г.Адилбиш /сумын гоц мэргэн/
Н. Ананд /сумын мэргэ /
Г.Батамгалан /сумын мэргэн/
СУР ХАРВАА ЭМ :
Ж.Сувд-Эрдэнэ /аймгийн мэргэн спортын дэд мастер /
Б.Ариунтунгалаг /аймгийн мэргэн спортын дэд мастер /
Ж.Насанжаргал сумын гоц мэргэн
“Сарлаг 2025” шүлгийн тэмцээн
Тэргүүн байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нэгдүгээр багийн малчин Н.Тогтохбаяр
Дэд байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хоёрдугаар багийн малчин Б.Мөнхбаяр
Гуравдугаар байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тавдугаар багийн малчин Б.Түмэндэлгэр
Сүүн бүтээгдэхүүн
Тэргүүн байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хоёрдугаар багийн “Даахын залгаа” хоршоо
Хоёрдугаар байр Хатгал тосгон сарлагын “Сайхан хишиг” хоршоо
Гуравдугаар байр хоёрдугаар багийн “Дэвших дөрвөн хишиг” хоршоо
Сарлаг булгиулах тэмцээн
Тэргүүн байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нэгдүгээр багийн малчин Б.Сүхбаатар
Дэд байр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын залуу малчин Г.Чинбат
Гуравдугаар байр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тавдугаар багийн малчин Ш.Буянбат
Сарлаг бугуйлдах
Тэргүүн байр Арбулаг сумын залуу малчин Н.Буяндэлгэр
Дэд байр Түнэл сумын залуу малчин Н.Билэгдэмбэрэл
Гутгаар байр Арбулаг сумын залуу малчин Б.Отгонбаяр
“Сарлаг наадам 2025” зургаан айл 500-гаад сарлагаа авчирчээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир: -Алаг-Эрдэнэ сум сарлагын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийх, сарлагаа сурталчлах, түүнийг дагуулж малчдын орлогыг өсгөх зорилготой “Хөх сарлаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цаашид зөвхөн хөөвөр гэхгүйгээр сарлагийн мах, сүү, арьс гээд түүхий эдийг эрдэмтэд, мэргэжлийн газраар судлуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд бүх шатанд малчид, үйлдвэрдэгчид, судлаачидтайгаа хамтран ажиллаж дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж байна.
Европ, Германы зах зээлд хөх сарлагийн цайвар өнгийн хөөврөн бүтээгдэхүүн худалдаалагдаж буй. Ямар нэгэн химийн өнгө хувиргагч ашиглахгүйгээр хэрэглэх сонирхол тэр хэрэглэгчдэд их байдаг. Сарлагийн хөөвөр агаар сайн нэвтрүүлдэг, чийг сайн даадаг, нимгэн мөртлөө дулаан зэрэг давуу чанар ихтэй учраас Алаг-Эрдэнэ сум олноор нь өсгөж үржүүлэх зорилт тавиад байна.
Мөрөн-Хатгал чиглэлийн авто замаар жилдээ 110 000 жуулчин зорчиж буй нь Алаг-Эрдэнэчүүдэд том боломж юм. Аялагч жуулчдын хэрэглэдэг бүтээгдэхүүний түүхий эдийг нийлүүлэх, мах сүүгээр хангах боломж бидэнд бий. Тиймээс сумын төвийг хар замтай холбох цэгт нутгийн брэндийн худалдаа үйлчилгээний төв байгуулахаар ажиллаж байна.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Г.Надмид: -1970 аад онд манай улс сарлагийн хөөврийг хаяа хэрэглэдэг байсан. 1974 оноос эрдэмтэд үе шаттай судалж, олон төсөл хэрэгжүүлж байж хөөврийн шинж чанарыг нотолж, зарим талаараа ноолуураас илүү юм байна гэдгийг тодорхойлж гаргаж ирсэн. Хөөвөр нь меланин агуулсан ховор бүтэцтэй.
Бид одоо ч судалгааг үргэлжлүүлж, үр дүнг малчид, хэрэглэгчдэд таниулах ажлыг хийж байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Жинст Мөрөн компани гээд олон талтай хамтран ажиллаж байгаа. Бид Хөвсгөл аймгийн “Сарлаг наадам”-д оролцохоор Алаг-Эрдэнэ суманд багаараа ирлээ.
Бугуйлдах тэмцээнд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын залуу малчин Н.Буяндэлгэр: -Анх удаа “Сарлаг наадам”д оролцож байна. Бугуйлдах тэмцээнд зургаа шидэж, тав бугуйлдаж түрүүллээ. Сайхан наадам болж байна. Орой тугалаа хашчихаад үхэрнүүдээ бугуйлдаж тэмцээнд бэлтгэсэн гэх үү дээ. Бугуйлдахад хэцүү байсангүй.
Шилмэл бухын тэмцээнд түрүүлсэн хязаалан бор бухын эзэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Б.Баярхүү: -Төхийн бор гээд дөрвөн настай биерхүү хязаалан бухтайгаа тэмцээнд оролцож түрүүллээ. Махны чиглэлийн үүлдрийн үр төл. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Зоригоогийн тугал үхэр. Сүүл саваг сайтай бол өвөл даардаггүй. Бор үхэр нь махны гарц сайн, хөөвөр сайн суудаг онцлогтой.
Сарлаг их онцлогтой мал. Дандаа сорлог өвс иддэг, мах нь сэрүүн чанартай, дошгин зантай, бүрэн гаршдаггүй гэх үү дээ. Өвөл хүйтэнд уул руу яваад өгнө. Цас мөсөнд очоод тошчихно. Зориг ихтэй. Тошсон бухыг чоно гурвантаа эргэхэд ч босч гүйнэ, зугатаана гэж байхгүй. Саваг, хөөвөр нь тэр их хүйтнээс хамгаалдаг мал даа.
Алаг-Эрдэнэ сумын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Д.Гантөмөр: -2014 оноос хойш сарлагийн сүүгээр бүтээгдэхүүн хийж борлуулж байна. Аймаг, сумын үзэсгэлэн худалдаанд байнга оролцож тэргүүлдэг. Нийт 14 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ жил сарлагийн айраг, зайрмаг нэмж хийж эхэлсэн. Иргэд сарлагийн шар сүүн чихэр, молоко, ааруул, өрөм, шар тосыг их худалдан авдаг.
Сарлаг үхрийг зургаадугаар сар гаргаж саана. Долдугаар сараас өглөө, оройд саана. Хийж чадвал сүүн бүх бүтээгдэхүүн амттай. Сайн сүүтэй сарлагаас 2 литр, сүү тааруутай сарлагаас 500 гр сүү гарна. Улаанбаатар хот, Замын-Үүд, Эрдэнэт, Дарханаас захиалга их ирдэг. Манай аймгийн сумууд ч сүүн бүтээгдэхүүн захиалж авдаг. Одоогоор хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ үйлдвэрлэлээ эрхэлж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Лхагва [124.158.106.167] 2025-07-27 19:16:55
Сарлагийн цагаан идээ яаж захиалж авч болох вэ?