ДАНШИГ НААДАМ: Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр болон Өндөр Гэгээний мэндэлсэн Есөнзүйл суманд Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ой, Хангайн бүсийн хурд Даншиг наадам долдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Шашин, түүх, соёлыг хослуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд:бурхан шашны ном хурах ёслол; цамын бүжиг; “Гэгээрэл ганданд очихуй” нэртэй соёлын парад; Монгол бичиг, уран зураг, барималын үзэсгэлэн; Үндэсний бөх, сур, шагайн харваа; ардын урлаг, язгуур соёлын тоглолтууд зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдав.
Анхдугаар Богд, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар үг хэллээ.
Анхдугаар Богд Жавзундамба хутагт, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний ой бол Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санаа, үндэсний оюун сэтгэлгээ, урлаг, соёл, шашин шүтлэг сэргэн мандсаны түүхэн ой юм.
Оюун санаа нь хүчирхэг өв уламжлалтай үндэстэн сэргэн манддаг. 21-р зуунд монгол хүний оюун ухаан, авьяас билиг, суу залийг ертөнцийн чихнээ дуурсгах үндэсний сэргэн мандалтын хүчирхэг, шинэ давалгаа эхэлж байна.
Найман зууны дараа Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгасан нь санамсаргүй үйл явдал биш юм. Энэхүү шийдвэр бол Их Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алтан хэлхээ мөнхөд үргэлжлэн буйн илэрхийлэл, хөгжин дэвших шинэ эриний дуудлага юм.
”Миний зохиосон соёмбо үсэг дэлхийг бүрхэнэ” гэсэн Өндөр гэгээний бошго биеллээ олж, Монгол Улс энэ онд НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоолоо.
Анхдугаар Богдын төрийн хүний холч хараа, саруул ухаан, мэргэн бодлого, удирдагч, дипломатчийн ур чадвар, дорно дахины хос ёсны онолыг хэрэгжүүлэгч гүн ухаантных нь хувьд судлан суралцах, “Занабазар судлал”-ыг шинэ шатанд гаргах цаг ирсэн гэж үзэж байна гэв.
Арвайхээрийн төв талбайд мянга мянган иргэд цугларч, маани мэгзэм уншиж, лам нар ном хурж, шашны зан үйлийг үйлдсэн бол Есөнзүйл суманд Занабазарын хөшөө, төрсөн бууринд мөргөл, номын айлдварууд айлдсан юм.
Тус наадамд Энэтхэг, Түвд, ОХУ, БНСУ зэрэг орны шашны болон соёлын төлөөлөгчид оролцсон ба ЮНЕСКО-гийн төлөөлөгч нар ч хүрэлцэн ирсэн. Учир нь Занабазарын зарим бүтээлийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх саналыг Монгол Улс дэвшүүлээд буй юм.
Өндөр Гэгээн Занабазар нь XVII зууны Монголын шашин, соёл, урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт гэгээнтэн билээ. Монголын анхны мэргэжлийн зураач, барималч, “Соёмбо” үсгийг зохиосон нэгэн гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн юм.
Өндөр Гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой, Хангайн бүсийн Хурд даншиг наадамд улс, аймгийн цолтой хүчит 512 бөх барилдаж, Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Land 300 автомашины эзэн боллоо. Батламж, шагналыг Монгол Улсын аварга Д.Сумъяабазар гардуулан өгөв.
Улсын арслан Б.Орхонбаяр Өндөр гэгээн Даншиг наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж шагналын 70 сая төгрөг, батламжийг нь гардуулан өгсөн юм. Шөвгийн дөрөвд Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий нар тунаж үлдсэн билээ.
Монголын төр, нийгэм, шашин, соёл урлагийн суут зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Анхдугаар Богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой Даншиг наадмын "Хангайн бүсийн хурд 2025" уралдаанаас аймгийн алдарт уяач Багаабазарын Нохойцагаан хос айраг хүртлээ Тодруулбал, хул шүдлэн аман хүзүү, хар даага айрагийн 4-т тус тус хурдалжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [122.201.26.218] 2025-07-28 09:19:47
Анхдуггар Богд Занабазар н тэр үеийн цаг төрийн байдлалд дүгнэлт хийж шашин руу хүмүүсийг оруулж монгол түмнээ нэгтгэж оюун ухаанд нь гэгээ оруулж цаашид уран бүтээл хосгүй авьаясаар төрийг гийгүүлсэн. хүн. Тэр үед хэрэв нэгтгэж чадаагүй бол Монгол улс сүйрлийн ирмэг дээр байсан шүү
Зочин [67.171.160.15] 2025-07-28 13:40:32
шаа шаа баньдаа
Зочин [192.82.92.42] 2025-07-28 09:13:22
Наадах, шоудахдаа л гарамгай юм!!! Тер нь тэг зогсоот хийсэн айтай л бна!
Зочин [103.212.117.105] 2025-07-28 08:42:44
Анхдугаар богдын тэр "Холч ухаан" нь манжийн эрхшээл рүү хөтөлснийг хэн ч үгүйсгэх аргагүй. Харин уран бүтээлчийн хувьд бол хосгүй гайхамшигтай хүн байсан байна.
Иргэн [59.153.86.144] 2025-07-28 08:20:26
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болсон даншиг наадам сайхан боллоо. TV -ээр үзлээ. Наадам зохион байгуулсан, ивээн тэтгэсэн хүмүүстээ маш их баярлан талархаж наадмыг үзэж суулаа. Буян нь будаа тариа шиг дэлгэрэх болтугай.