Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон хатуухан мэдэгдэл хийв

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон "Пёньянд Сөүлтэй ярих зүйл байхгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр "Хойд ба Өмнөд Солонгосын харилцаанд эргэж буцалтгүй цэг тавигдсан. Цаашид "нэг ард түмэн", нэгдлийн үзэл баримтлалын хүрээнд авч үзэх боломжгүй" гэж онцолсон байна. Энэ талаар БНАСАУ-ын Төв Телеграфын агентлаг (ЦТАК) мэдээлжээ.
Ким Ё Жоны хэлснээр, Өмнөд Солонгосын шинэ засгийн газрын хийж буй алхмууд буюу чанга яригчаар суртал ухуулгын чанартай нэвтрүүлэг цацахаа болих, уриалгын хуудас тараахыг хориглох, БНАСАУ-д хувийн журмаар зорчихыг зөвшөөрөх зэрэг нь Пёньянд сайнаар хандаж буйн илрэл бус, өмнө нь гаргасан алдааныхаа үр дагаврыг засах оролдлого хийж байна хэмээн хүлээн авсан байна.
Ким Ё Жон "Хэрэв Сөүл өөрсдийн дайсагнасан бодлогын үр дагаврыг уян сэтгэлийн өнгө аястай хэдхэн мэдэгдлээр арилгаж чадна гэж үзсэн бол тэд гүн төөрөгдөлд орсон байна" гэж онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр мөн Өмнөд Солонгосын шинэ нэгдлийн сайд Чон Дон Ёны хэлсэн “диалог ба хамтын ажиллагаанд эргэн орох” саналыг шүүмжилсэн байна. Тэрбээр "Сөүлээс сонсогдож буй "сүржин" үгсийн цаана өмнөхтэй адил байр суурь хэвээр байгаа бөгөөд тухайлбал, АНУ-тай цэргийн харилцаа холбоогоо хадгалах, Умард Солонгосын эсрэг чиглэсэн бодлогыг үргэлжлүүлэх зэрэг нь "Өмнөх засгийн газруудаас ялгарах зүйл огт алга" хэмээн тэмдэглэжээ.
Өмнө нь Чон Дон Ён БНАСАУ-тай шууд яриа хэлэлцээг сэргээхийг өөрийн нэн тэргүүний зорилт хэмээн мэдэгдэж, сүүлийн гурван жилийг “хоёр Солонгосын харилцааны түүхэн дэх хамгийн муу үе” хэмээн нэрлэсэн байна. Гэвч тэрбээр хоёр тал цэргийн суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоосон нь "итгэл сэргээх анхны дохио" болсон гэж хэлжээ.
БНАСАУ-ын удирдагчийн дүү "Өмнөд Солонгост ямар ч улс төрч засгийн эрхэнд гарч, ямар ч санал дэвшүүлсэн бай энэ бүхэн бидний сонирхлыг татахгүй. Бидэнд Сөүлтэй ярих зүйл байхгүй" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр хэлэхдээ "Сөргөлдөөн намжих", "энх тайван"-ы тухай үг хэлж байгаа ч гэсэн Сөүл ба Вашингтон ойрын хугацаанд БНАСАУ-ын хил орчимд дахин өргөн хүрээтэй хамтарсан цэргийн сургуулилалт явуулах бөгөөд үүний дараа нөхцөл байдал хурцадсанд Пёньяныг буруутгах оролдлого хийх нь тодорхой гэж анхааруулжээ.
Ким Ё Жон "Хоёр Солонгосын харилцааг орвонгоор нь өөрчилсөн түүхэн цаг хугацааг эргүүлж болохгүй" хэмээн мэдэгдээд, Пёньян Өмнөд Солонгостой "нэг ард түмэн" гэх үзлээс бүрэн татгалзсаныг онцлон тэмдэглэсэн байна.
Эцэст нь тэрбээр, БНАСАУ-ын албан ёсны байр суурийг дахин баталсан бөгөөд Пёньян Сөүлтэй ямар нэгэн харилцаа тогтоох сонирхолгүй, яриа хэлэлцээ өрнүүлэхгүйг мэдэгдэн, өнөөгийн нөхцөл байдлыг бие даасан хоёр улсын харилцаа гэж хүлээн зөвшөөрөх ёстойг цохон тэмдэглэжээ.
Ким Ё Жон "Бид дахин тодорхой илэрхийлж байна: Сөүлээс ямар ч санал гарлаа ч бидэнд сонирхолгүй. Бид Өмнөд Солонгостой нэг ширээнд суухгүй, ямар нэгэн зүйл хэлэлцэх шалтгаан, сонирхол, зорилго ч байхгүй" гэж онцолсон байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл