Хаанаас төрсөн тэрбумтнууд хаан мэт аашилж байна вэ?

"Найр ахаасаа
Наадам дүүгээсээ"… гэж өвөг дээдэс маань хэлэлцдэг байжээ. Энгийн, зөөлөн өгүүлэмжээр ёс суртахууны хил хязгаарыг сануулсан энэ үг эдүгээ нэгэнт хэрэглээнээс гарчээ. Монголын найр, наадам бүх талаар тогтсон хэм хэмжээсүүдийг хэдийнэ давсан.
Яг одоо манай Монголын дэлгэр их найр цэнгэлийн үе болж байна. Хот эзгүйрч, бүгд машиндаа сууж аваад аймгуудын ойд мордсон. Тэндээс дуулдах чимээ гэж чих халиаж байна. Элдэв муу муухай багатай, энх тунх, эв эетэй наадаасай билээ. Мэдээж эхэлсэн юм дуусах л байлгүй…
Жуулчид монголчуудыг хундага тавилгүй найрлаж, хутга тавилгүй идэж, тал нутгаараа найганхан найрланхан суудаг жаргалын орон юм хэмээн гайхацгааж байгаа биз…
Харин энэ үеэр дэлхий нийтээр эдийн засгаа яах ийхээ бодоцгоож байна. Тухайлбал, АНУ-ын тарифын нэмэгдлээс болж үүссэн олон улсын худалдааны нөхцөл байдал бүгдийг хөдөлгөөнд оруулсан. Жишээ нь, зэсийн эрэлтэд худалдааны хямрал нэлээд нөлөөлнө гэж үзэж байгаа. Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) ирэх хоёр жилийн хугацаанд зэсийн эрэлт хэрэгцээ дэлхий даяар нийлүүлэлтээсээ бага байна гэж таамагласан.
Саяхан Лиссабонд дэлхийн томоохон металл үйлдвэрлэгчид, салбарын гол тоглогчдын уулзалт боллоо. Америкийн тарифын нөлөөнөөс эдийн засгаа хамгаалах бодлогууд дээр дэлхийн улс гүрнүүд ажиллаж эхлээд байгаагийн илрэл. Жишээ нь, зэсийн зах зээлийн бууралт манайд ихээхэн хамаатай зүйл. Дэлхийн зэсийн ертөнцөөс тийм ч таатай биш төлөв ийнхүү илэрч байгаа учраас манай улс дотооддоо арга хэмжээ авах нь зайлшгүй.
Тийм ч учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, тогтоолын төсөл батлагдсанаар тусгай хамгаалалтад байгаа тодорхой нэр бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шуурхай УИХ-д оруулж ирэхийг Ерөнхий сайд Г.Занданшатарт даалгаад 19 хонож байна.
Манайх бол баялагтай орон. Зөвхөн алттай холбоотой статистик иш татахад улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл байна. Эдгээрийн 14 нь одоо ашиглагдаж байгаа. Харин 228.7 тонн нөөц бүхий 68 орд нь ямар нэгэн хуулийн хориглолт байхгүй ч эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа юм байна.
“Алт-3” хөтөлбөр бол алтны олборлолтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготой хөтөлбөр.
Гэхдээ засгийн газрыг хөдөлж ч амжаагүй наадамдаж явах хойгуур нь Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавьчихлаа. Хоригийн агуулга: Нэгт, улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстойг хатуу сануулж байна. Хоёрт. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэйг анхаарууллаа. Ийм хоёр зүйлийг агуулсан хориг гэж харж байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна шүү гэж анхааруулжээ. Энэ бол гярхай ажиглах, үг, элдэв эс үйлдлээ хянаж ажиллахыг анхааруулсан айхтар анхааруулга.
Үнэндээ Ерөнхийлөгчийн аппарат бусад институцээс илүү мэдрэг ажиллаж байгаа. Өнөөдөр бидний сэтгэл гонсгор үлдэн , өөр хоорондоо үглэлдэн байгаа өнгөрөгч улсын баяр наадмын бүхий л өө сэвийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айлчилсан японы эзэн хааны гэр бүлийн айлчлал дарж өгсөн шүү.
* * *
Дараагийн зүйл:
Малгайных нь шинийн үнэр сарниагүй байгаа манай Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг хуу танахыг уриалан ажиллаж байна. Энэ бодлого нь тэр чигтээ төрийн алба руугаа чиглэж байна. Жишээлбэл, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтынхоо хүрээнд 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргаад байгаа. Энэ 29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцоолсон. Харин зарим ажиглагчид энэ дайралт нь төрийн албыг хүчгүйдүүлэх, боловсон хүчний бодлогыг нь улам сулруулах магадлал буйг анхааруулж байгаа.
Нөгөө талаар бол эрх баригчид өөрсдөө аварга том төсөөлөл бүхий төсөв зурж иргэдээ айлгаад, эргэж танах бодлого хийн биднээр тоглож байна. Өөрсдөө эхлээд Төрд баахан юм өмсгөж төсөв нэмдэг. Тэр нь орон тоо, ажлын байр, цалингийн өсөлт гэх мэт таатай мэдээллээр бидний амьдрал руу нэвтрэнэ. Харин дараа нь нэг мэдэхэд өнөөдрийнх шиг ийм байдал руу улсаараа гулсан орсон байдаг…
Миний өгүүлэх дараагийн зүйл: Ахиад л энэ хэтийдсэн их баяр цэнгэлийн тухай юм.
Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр билээ. Бас монголчууд бидний дэлхийн бусад улс үндэстнээс ялгарах түүх соёлын өвөрмөц нэгэн илэрхийлэл юм.
Үндэсний их баяр наадам бол Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй эд. Хожим 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болон хувирч, тус наадмыг “Арван засгийн наадам” хэмээн нэрийдсэн байдаг. Тийнхүү явсаар 1912 оноос жил бүр хийх төрийн наадам болгосон. Энэ наадам нь Богд хааныг таалал төгсөх хүртэл буюу 1925 он хүртэл үргэлжилсэн юм билээ.
“Арван засгийн наадам”-тай зэрэгцэн 1922 оноос эхлэн “Ардын төрийн наадам”-ыг ингэж тэмдэглэж эхлэсэн байдаг. Дараа нь, Бүгд Найрамдах Монгол Ард Улс бүрэлдэн тогтсоны дараа хоёр наадмыг хамтатгах шийдвэр гаргасан бөгөөд 1925 оны 5 сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар наадмын товыг 7 дугаар сарын 11-нд байхаар шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа билээ.
Мөн хожим манай наадмыг 2010 онд ЮНЕСКО «Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт»-д бүртгэн авсан. Үүний дараа наадмын нээлтийг улсынхаа нэгэн төрлийн сурталчилгаа болгох эрмэлзэл улам түрж, хоёр гурван өдрийг хамарсан өндөр өртөг бүхий шоу цэнгээн хийдэг явдал дэлгэрсэн. Олон зуун сая төгрөгөөр наадам хийж, тэрийгээ хэдэн өдрөөр хараан сошилд хэрэлддэг улс болж хувирсан.
Энд хэлэх гэсэн гол санаа маань бидний энэ хазайлт үндэснийхээ гол цэнгэл баярыг хэт мөнгөний сүр хүчээр булж, юу ч биш болгон хувиргаж байгаа явдал юм. Хамгийн энгийн зүйлс дээр л бид эрлийзжиж байна. Түмэн жилээр наадам нээж ирсэн “Түмэн эх” дуу маань энэ жил төрийн наадмын нээлтээс арчигдав. Өвөр монгол, ар монгол нь холилдсон дуунцарууд төрийн наадмын нээлт рүү шургаад удаж байгаа. Яг монгол гэх үндэсний эх соёл нь төрийн наадам дээрээ бат нот сууж чадахгүй, эсэн бус, элий солиогоор дүүрчих юм бол бидний бахаддаг нөгөө ондоошил яах болж байна.
Энэ бол маш энгийн шүүмжлэл юм шүү. Өөр нарийн нандин юм олон бий. Хаанахын, хэний гараар ингэж халдашгүй байх ёстой юм бүхэн маань элтэрч унаад байгааг мэдэхгүй юм.
Өөр нэг зүйл:
Өнөөдөр манай орон нутгуудад хэд хэдэн том ой болж байна. Хэтийдсэн том наадмуудын цуу улс орон даяар эзэгнэнхэн аархаж байна. Үнэндээ аливаа ойн баяр наадам улсынхаа их баяр наадмаас том, улсынхаа их баяр наадмаас илүү бэл бэнчингээр зодсон байх нь зохисгүй харагдаж байна. Үүнд хэм хэмжээ байх ёстой гэж санана. Төрөөсөө томорсон юм бүхэн рүү бид анхааралтай харах ёстой юм шүү. Хаанаас төрсөн тэрбумтнууд наадмын түрүү байлан хаан мэт аашилж байна вэ.
Улсын доторх улс болчихсон юм уу ч гэмээр их аархал нүд эрээлжлүүлнэ. Хүүгийнх нь аавынхаасаа том идээ таваг засдаггүй өвөрмөц нэгэн даруулга үйлчилдэг монгол соёлоос эхтэй бидний ёс зүйн хэм хэмжээс Төрийнхөө дээр сүүдрээ тусган ханхалзсан аархалд сөхрөөд удлаа.
Найр наадамд улсаараа найган назгайрч, хувь хувьсгалын бүх ажлууд бараг зогссоор намартай золголоо. Төрийнхөн нь торгон дээлтэй наадмын хоймруудаар заларсаар…
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ
Сэтгэгдэл
зочин [66.181.186.227] 2025-07-28 20:41:25
Баяр, наадам гээд л жил бүр л дахин үзэхгүй, харахгүй юм болж байгаа мэт дээр доргүй сүйд болцгоох юм. Юунд хэрэгтэй эд юм бол? Бие нь ядарсан, морь нь гундсан, дээл нь гандсан, машаан тэрэг нь шороо, шавар шавхайд дарагдсан, ядарсан, зүдэрснээ гайхсан хүмүүс, ой, наадам хийсэн сумдын хоосорсон бензин колонк, аймаг, сумдын төвийн эргэн тойрны хөрс нь улаанаар эргэсэн халцгай талбай л наадмаар үлдэх юм даа. Олз нь хуушуур, хорхог хийдэг хэдэн айл, архи, айраг, ундаа зардаг хэдэн лангуу, дэлгүүр жаахан орлого олдог байх даа. Наадамд уясан морьд нь гайгүй давхисан хэдэн айл, сур, шагай харвадаг хэдэн эр хүнд үзүүлэх медальтай болж, ноцолддог хэдэн залуу начин, заан, арслан гэсэн цол авч малгайдаа бүч нэмэх болсон байх. Наадмаар өөр олигтой, өнгөтэй үлдсэн юм юу байгаа бол? Наадам ч дээ, хаашаа ч эд вэ дээ? Утга учир начир нь юу юм бэ дээ? Наадам хийлээ гээд юу нэмэгдэв дээ? Ай хөөрхий бидний Монголчууд аа гэж ...
Зочин [202.126.91.248] 2025-07-28 20:52:27
Чи өөр юу хүсээд байгаа юм тэрнийгээ тодорхой бичээч дэлхийн бүх орон өөрийн гэсэн баяр цэнгэл соёл уламжлал шоу цэнгүүнтэй хэсэг бүлэг хүнд таалагдахгүй бол тэр л биз
Юра [103.212.119.42] 2025-07-28 20:27:23
Найр наадмын талаар чухал сэдвийг хөндөж. Холбогдох хуулинд өөрчлөлт улсын баяр наадмыг 7р сарын 11, 12, 13 нд улс даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг болох хэрэгтэй. Мөн аймаг сумдын тэгш ойн өдрүүдийг ч хамтад нь тэмдэглэж байх нь зүйд нийцэнэ . Аймаг сумдын бодон улсын баярын бөх морь харвааны бай шагналын хэмжээг нэгдсэн нэг тоо хэмжээтэй болгож тогтоох нь зөв. Бэл бинчингээ гайхуулсан бай шагнал хандив нь мөнгө угаах , далд эдийн засгийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэгч ч байж болох үндэстэй.
Зочин [202.126.91.248] 2025-07-28 20:55:33
Хэн юугаа хэнд өгч шагнал өгөх нь хэнд хамаа бнаа атаархаад байдаг юмуу
Зочин [202.9.41.13] 2025-07-28 19:32:21
ЧУХАЛ СЭДВИЙГ ХӨНДӨЖ ЗӨВ ЗҮЙЛ БИЧСЭН БАЙНАА, ЭНЭ БАЯР НААДАМ ЧИНЬ ҮНЭНДЭЭ ХИРЭЭСЭЭ ХЭТЭРЛЭЭ, ЭДИЙН ЗАСАГ НЬ ДОРОЙ, АРД ТҮМЭН НЬ ЯДУУ БАЙЖ ЮУНДАА Ч БАЯРЛААД БАЙГААН ... БАРАГ СОЛИОРОЛ ШАХУУ ЮМ БОЛООД БАЙГААН БИШҮҮ ?
Зочин [202.126.91.248] 2025-07-28 20:59:54
Сүүлийн үeд улс орнууд том наадам цэнгүүн баяр ёслолыг хөхүүлэн дэмжих болсон нь бас нэг эдийн засгын арга хэлбэр болоод байгаа хийрхээд хэрэггүй
Зочин [202.126.91.246] 2025-07-28 15:53:44
Өвөлдөө сайн бэлдсэн малчин хүний мал ямар ч цас шуурга хүйтнийг ажрахгүй давдаг номтой. Харин залхуу зальтай худалч, хуурамч малчидын мал үхэж үрэгдэх нь шившиг шүү. Өөрсдийнхөө хөрөнгийг өөрсдөө үхүүлэх үгүйгээ өөрсдөө шийдэх нь ШУДРАГА шүү.
Зочин [202.126.91.246] 2025-07-28 15:51:10
Сайн сэтгүүлч дээ хайрламаар сэтгүүлч. За одоо найр наадам хисэж давхилдах аа больсон дээрдэн. Тэр тусмаа малчид одоо жаахан ухаантай байвал болно шүү бүх зүйлээ төр засгаар хийлгэх санаа хүмүүс шүү та нар. Яг үнэнийг хэлэхэд МАЛЧИД МАШ ЗАЛЬТАЙ, ХУУРАМЧ, ХУДАЛЧ, ЗАЛХУУ, АЖИЛГҮЙ НӨХДҮҮД ШҮҮ. ЗУНЖИН НАМАРЖИН АРХИ АЙРАГ ЭРГҮҮЛЖ ДАВХИЖ ДАВХИЧИХААД ЭЦЭСТ НЬ ӨВС ТЭЖЭЭЛ ЭЭ БАЗААЖ АВАХГҮЙ ӨВӨЛ БОЛОНГУУТ АНХНЫ ЦАСНААР ЗУД БОЛЛОО ЯАНАА ХИЙНЭЭ ГЭЭЛ ОРИЛОЛДООД БАЙДАГ ШҮҮ. ОДООНООС ӨВӨЛДӨӨ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
Зочин [202.126.91.248] 2025-07-28 21:07:04
Ямар нэг юм хүн болгонд таалагдах албагүй жишээ нь энэ сэтгүүлч надад лав мундаг биш захиалагтай ихэнхдээ шүү ярилцлага хийж л амь зуудаг нөхөр заа наадам найрын талаар жил бүр л хэн нэг нь нээх ухаантай цэцэн мэргэн хүн болох гэж хийрхэж л байдаг болдог юм болдогоороо болоод л явнадөө
Зочин [82.144.201.2] 2025-07-28 16:45:05
Манай баяр наадам, шагнал урамшил, цол тэмдэг хэм хэмжээнээсээ хэд дахин хэтэрлээ, тухайбал, наадмаар 10 хоног амарлаа, залгаад аймаг, сумдын, даншиг наадам нтр гээд...ккк допингийн тусламжаар өндөр даваа авсан бөх нь хэргээ хүлээж, төрөөс олгосон бөхийн цол тэмдэгээ хураалгахад ямар ч гомдолгүй гээд л гол нь нутгийнхаа зөвлөл, компаниудаасаа авсан машин, орон сууц, мөнгө төгрөг нь чухал юм бн, мэдээж эд нар нь чи допинг хэрлэсэн юм бн гээд шагналаа эргүүлж авахгүйн мэдээж шүү дээ. Ингэхэд энэ орон нутгийн зөвлөл нтр газруудаас олгоод бгаа шагналын хөрөнгө мөнгө чинь хаанаас гарч салхинд хийсээд бнаа??? ЖАВХЛАН сайд аа!!! Нөгөө төсвийн чинь мөнгө байлгүй дээ...ккк
125 [103.80.210.99] 2025-07-28 15:13:33
Хандив өгөөд морио уралдуулаад дахин дахин хандив өгсөн гэж цагаан хоолойгоор магтуулаад тэгээд мориныхоо бай шагналыг аваад л ойн наадам нь хэдэн хөрөнгөлөг хүмүүсийн наадам аятай төв асарт аархалдаад байдаг
Баттулга Жигжидсүрэн [66.181.178.114] 2025-07-28 14:46:10
Монгол хүн бүр баярлах эрхтэй ч хэм хэмжээтэй л байх ёстой энэ нийтлэлийг уншаад эрэгцүүлэн бодож хийх ажил маш их бна даа.
Зочин [202.126.91.248] 2025-07-28 21:12:49
За тэгээд ажилаа хийгээд л байдаа чам шиг бас энэ бичигч сэтгүүлч шиг хүмүүс өөрсдөө улс орноо хөгжүүлэх талаар ямар ажил хийгээд бнаа