“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Булган аймагт үргэлжилж байна

Монголчуудын гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас бардаг гэх тоо баримт бий. Эмнэлэгт хандах цаг завгүй яарч, өөрийгөө хойш тавьсаар, зөвхөн өвдсөн хойно л эмчид хандах хандлага өнөөгийн нийгэмд түгээмэл болсон.
Тиймээс энэ хандлагыг зогсоож, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн билээ.
Анх 2017 онд Булган аймагт хэрэгжиж байсан энэхүү аян энэ жил тус аймгийн иргэдэд дахин хүрч байна. 2024 оны судалгаагаар зүрх судасны өвчлөл нь Булган аймагт нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэгээр бүртгэгджээ. Аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна, зорилтот бүлгийн иргэдийг зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины харвалт, бөөр, хоол боловсруулах замын өвчлөл зэрэг чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан орчин үеийн эмчилгээний аргазүйн сургалт зохион байгууллаа.
Аян 2025 оны 7-р сарын 31-нээс 8-р сарын 2-ны хооронд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үргэлжлэн хэрэгжих бөгөөд Сэлэнгийн Зүүнхараа нь цусны даралт ихсэлтийн өвчлөлийн эрсдэл өндөртэй тооцогддог бүс нутаг юм.
Монгол орны 21 аймгийг бүтэн тойрч, нийт 67,000 гаруй иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулж, 1,230 гаруй орон нутгийн эмч, мэргэжилтнийг чадавхжуулсан нь тус аяны бодит үр дүнг харуулж байна. Нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэгчийн хувиар ХААН Банк 2007 онд ХААН Банк санг байгуулж, өнөөг хүртэл нийт 523 төсөл, хөтөлбөрт 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлжээ. Үүнээс 2.5 тэрбум төгрөгийг зөвхөн эрүүл мэндийн чиглэлийн аян, хөтөлбөрүүдэд зарцуулсан нь иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчирсан ажлуудын нэг билээ.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл