Г.Эрдэнэтуяа: “Стратегийн орд” гэдэг ойлголтыг бүр болих хэрэгтэй

Aдмин / Эдийн засаг

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн
гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Нүүрсний үнэ унаж, эдийн засаг хүндрэх эрсдэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд уул уурхайн салбарыг сэргээх бодлого хэрэгжиж чадаж байна уу. Нүүрсний үнэ унаснаас үүдэлтэй хүндрэлийг даван туулахын тулд “Алт-3” хөтөлбөрийг зарласан гэж ойлгогдож байна. Ийм боломж байна уу?

-Бодит байдал дээр тийм орон зай байхгүй дээ. Тодорхой хэмжээнд олборлолтыг нэмэгдүүлэхэд түлхэц л болох юм. Хэдийгээр хэмжээ хэвийн гэж харагдаж байгаа ч нүүрсний үнэ огцом унасан нь төсөв бүрдүүлэлтэд сөрөг үр дагавар үзүүлнэ. “Алт-3” аян зарлаж, 2,5 их наядын хөнгөлөлттэй зээл олгоно, олборлолтыг нэмэгдүүлнэ гэсэн төсөөлөлтэй байгаа ч үнийн уналттай нүүрсний экспортоос орж ирэхээр тооцсон орлогын хаана нь ч хүрэхгүй.

“Алт-1” “Алт-2” хөтөлбөр нь одоогийн нөхцөлтэй харьцуулахад богино хугацаанд үр дүнгээ өгсөн. Тухайн үед алтны нөөцийн 90 хувь нь олборлоход хялбар шороон орд байсан. Одоо нийт нөөц 480-500 орчим тонны 90 хувь нь үндсэн орд учраас ажиллагаа ихтэй, хөрөнгө оруулалт, цаг хугацаа их шаардагдана. Сүүлийн үед ашиглаж эхэлсэн үндсэн ордууд төслийн бүтээн байгуулалтдаа дор хаяж гурван жил зарцуулж байгаа. Тэгэхээр энэ аяны үр дүн урт хугацаандаа л харагдана.

-Ер нь уул уурхайн хувь заяа цаашид ямархуу дүр зурагтай харагдаж байна?

-Өнөөдөр манай экспортын 90 гаруй хувь ердөө гуравхан түүхий эд дээр тогтож байна. Тэр дундаа 60 хувь нь нүүрс, 20-30 хувь нь зэсийн баяжмал, үлдсэнийг нь алтны багахан нөөц бүрдүүлж байгаа. Цаашдаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өсөлтийг хянах гэж байгаа бол экспортын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнээ солонгоруулахаас өөр сонголтгүй. Өнгөрсөн жил ураны төсөлд хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн нь гадныханд эерэг мессэж болсон. Өндөр технологийн түүхий эдийн эрэлт дэлхий даяар ихсэж байгаа. Энэ нь бидэнд давуу тал олгох боломжтой. Манай түүхий эдийн ихэнх нь Хятад руу, бага хэмжээний бүтээгдэхүүн Орос руу гаргадаг. Бусад улс руу ложистикийн хувьд асуудалтай. Тиймээс энэ орон зай дээр овор багатай уран, газрын ховор элементийг экспортлох илүү боломжтой.

-Дэлхийн эдийн засгийн геополитикийн өөрчлөлт мэдээж хүнд байгаа. Гэхдээ манай улсын хувьд хэрхэн давуу талыг бий болгох боломжтой вэ?

-Эдийн засгийн урт хугацааны хямрал ганц Монголд тохиолдож байгаа зүйл биш. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой олон асуудал гарч байна. Анзаарах юм бол ковидоос хойш түүхий эдийн ханган нийлүүлэлтийн маршрут өөрчлөгдөж эхэлсэн. Өмнө нь ихэнх бүтээгдэхүүн Европ руу гардаг байсан. Одоо Европын холбоо Оросоос авдаг байсан түүхий эдээ хаанаас авах вэ гэсэн өөр маршрут бий болсон. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын маршрут ч өөрчлөгдсөн. Бүс нутгуудын өөрчлөлт ч гарч байна. Геополитикийн хувьд Орос, Украйнаас гадна улс орнуудын дунд хямрал мөргөлдөөн хурцдаж, газрын тосны эрэлт нийлүүлэлтийн маршрут бас л өөрчлөгдөх нь. Үнийн өсөлт мэдээж гарна. Эдийн засагт маш том шок өгнө. Ялангуяа манайх шиг эмзэг эдийн засагтай, ихэнх түүхий эдээ экспортлодог, хэрэглээний бүтээгдэхүүнээ импортлодог улсын хувьд хүнд тусах нь тодорхой. Аж үйлдвэржилтээ хөгжүүлсэн Хятад улсын хувьд барилгын салбарын өсөлтөө дагаад гангийн үйлдвэрүүдийн нүүрсний хэрэглээ, үнэ ч сүүлийн хэдэн жилүүдэд өндөр байсан. Манайх шиг эрчим хүчний нүүрс нийлүүлж чаддаггүй улсын хувьд Хятадын барилгын салбарын өсөлт хөгжил гэх мэтийг сайн анзаарч цаашдаа экспортын төрөл зүйлээ нэмэгдүүлэхэд зайлшгүй анхаарах ёстой. Нүүрсний зах зээл ийм нөхцөлд байгаа боловч бид зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой. Бэлэн нээчихсэн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Үүнд хөгжлийн гацааны нэг болж буй нөгөө л АМНАТ-ын асуудал яригддаг. Улс орнууд хөгжиж байхад манайх өнөө л шийдэгдэггүй, байнга яригддаг асуудлуудтайгаа нүүр тулсан хэвээр байна. Ядаж л АМНАТ-ыг олон улсын жишигт аваачих ёстой биз дээ.

-АМНАТ-ын асуудлаар та бүхэн яаманд хүсэлтээ тавьсаар байгаа юу?

-Тавьсаар л байгаа. Эдийн засгийн өнөөгийн яг ийм нөхцөл байдалд нэн шаардлагатай. АМНАТ нь бодитой болбол хөрөнгө оруулагчдын урсгал нэмэгдээд эхэлнэ. Одоо яригдаж байгаа төслийн 1.5 тэрбум доллар орж ирлээ гэхэд эхний ээлжинд бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгө оруулалтын хувь хэмжээ өндөр байх учраас нэг хэсэгтээ эдийн засагт boost хийж чадна.

Жилээс жилд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ буурч байгаа эрсдлийг ахиад сануулъя. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа. Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч байна. Уул, уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалт долоо орчим хувь гэсэн тоо ирэх жилүүдэд улам багасах нь тодорхой. Энэ орон зайг нөхөхийн тулд яах аргагүй томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд нэн хурдан оруулах шаардлагатай. Одоогийн хоёр том төсөл Оюу толгой таван хувь, Эрдэнэт өсөлт өндөр үед 18, заримдаа 20 руу дөхөж ирдэг. Рояалтийг нь бууруулчих юм бол аж ахуйн нэгжүүдийн албан татвар өсч, төрд орж ирэх мөнгөн урсгалд дорвитой өөрчлөлт гарахгүй. Гэтэл Сангийн яам орлого буурчихна гэж болгоомжилж, хаана ч байхгүй рояалти тавьчихаад төслүүдээ хөдөлгөж чадахгүй л сууж байна даа. Томоохон төслүүдээ хөдөлгөх тал дээр шинэ Засгийн газар бодлоготой шийдвэр гаргаж шуурхай хөдөлгөх нь мөнгөний урсгалыг бодитоор оруулж ирэхэд чухал хөшүүрэг болох ёстой.

-Дэлхийн нийтийн эрчим хүчний эх үүсвэр ч өөрчлөгдөж байна. Энэ тохиолдолд Монгол Улс бас өөр стратеги боловсруулах ёстой байх. Тухайлбал, ураны нөөцтэй улсын хувьд…

-Олон улсад атомын цахилгаан станцаас гарч буй эрчим хүчийг ногоон эрчим хүч гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн олон улс орнууд атомын цахилгаан станцыг байгуулж байна. Технологи хөгжиж, улам авсаархан, байгаль орчинд үзүүлэх нөлөө, эрсдэл бага цомхон станцууд байгуулдаг болсон. Эрчим хүчний эх үүсвэрийг нар, салхи, ус, атомын цахилгаан станц, нүүрс, түлш, хий гээд маш олон төрлөөс гаргаж авч байна. Бүр хаягдлыг хүртэл шатааж эрчим хүч гаргаж авч байна. Ураны хувьд хамгийн том олборлогч, нийлүүлэгч улс Казакстан. Тэгэхээр бидэнд орон зай байгаа. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн сүлжээгээр одоо зэс хамгийн том орон зай болж байгаа. Өндөр технологийн гол түүхий эд гэдэг утгаараа бид АМНАТ-ыг бодитой болгох ёстой. Зоригтойгоор хийх ёстой. Улстөрчдөөсөө болоод улсаа хорлоод байж болохгүй.

-Уул уурхайд хайгуулын салбар бас их чухал. Одоо ямархуу байдалтай байна вэ?

-Хайгуулын лиценз олгож байна гэдэг ч ч бодит байдал дээр өөр. Зөвхөн урд хөршийн хөрөнгө оруулагчдад түлхүү хайгуулын лиценз олгогдоод байх юм бол эргээд улсын аюулгүй байдалд ч аюултай. Тиймээс манай ассоциаци өмнө нь сонгон шалгаруулалтаар өргөдлөөр олгодог байсан хувилбараа сэргээх нь зүйтэй гэсэн байр суурьтай. Олон улсад хариуцлагатай уул уурхай гэдэг байсан бол одоо хариуцлагатай хайгуул гэсэн нэршил бий болсон. Олборлолтын үеийн стандарт шиг хайгуулын стандарт бас гаргачихсан. Хайгуулын үе шатнаас эхлээд л бүх юм зөв явах ёстой. Өнгөрсөн хугацаанд хайгуулын ажил ч явсангүй, бодлого уялдаагүйгээс болж салбарын нэр хүнд унасан. Хайгуулын ажилд ажлын туршлага түүхтэй, хариуцлагатай олборлолт явуулж ирсэн, нийгмийн хариуцлагатай, үүрэг хариуцлагаа биелүүлсэн компаниудыг олон улсын жишгээр урьж оруулдаг болгоё. Тэгэхгүй бол баахан лиценз олголоо ч хөрөнгө оруулалт мөнгөгүйгээс хөдөлгөж ч чадахгүй. Хайгуулиа ч хийдэггүй, лиценз “дарж хэвтсэн”, хөрөнгийн биржид үнэ хүргэж зарчих сонирхолтой хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Ж.Ганбаатар сайдын үед нэг хэсэг лиценз олгосон. Өнгөрсөн хавар ч бас олгогдсон. Гэхдээ хайгуулын үйл ажиллагаа бодит байдал дээр нэг ч хийгдээгүй. Тэгэхээр магадлал өндөр бүхий газруудаа тендэрээр өгдөг. Магадлал багатай газрууддаа хөрөнгө мөнгөний үүсвэртэй, тодорхой хариуцлагатай, ажлын түүхтэй, эрсдэлээ даах дотоодын хөрөнгө оруулагчдаа нээлттэй урьж оролцуулах ажлыг эхлүүлмээр байгаа юм.

Манай улсын эдийн засаг уул уурхай дээр тогтдог гэдэг. Шигшээд аваад үзэхээр 20,30-хан компаний нуруун дээр явж байна. Жижиг төслүүд их, эдийн засагт оруулж байгаа нөлөөлөл нь маш бага. Уул уурхай нийт төсвийн 30 хувь гэж ярьдаг ч 80 хувийг нь ердөө тавхан компани бүрдүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Таван толгой”, “Оюу толгой”, “Энержи ресурс”, “МАК” гэсэн таван компаниуд.

-Нэг үе Монголын уул уурхай өсөлттэй сэргэлттэй байсан мэт. Гэтэл одоо харин салбарынхны зүгээс өөдрөг бус мэдээлэл, хандлага сонсогдож. Энд хамгийн гол эмзэглэл нь юу байна вэ, та нарын хувьд?

-Эхнээсээ маш олон төсөл зогсож байна. Орон нутгийн эсэргүүцэл тэмцэлтэй тулгардаг. Хуулийн хүрээнд лиценз олгочихсон хэрнээ хуулийн хүрээндээ үйл ажиллагаагаа цаашаа явуулах боломжийг төрийн бодлого олгохгүй байна. Олоогүй, орлогод нь татвар ногдуулах зэргээр яаж ийж байгаад үйл ажиллагаа, орон зайг нь улам хумих бодлого хэрэгжүүлдэг нь харамсалтай. Засгийн газрууд бүгд л уул уурхайг дэмжинэ, хөрөнгө оруулалт татна гэж аман дээрээ ярьдаг ч яг бодитоор дэмжих үйлдэл шийдвэр ерөөсөө гаргадаггүй. Лацдах хураах, орон нутгаас нь дарамтлах, давхардсан маш олон хяналт шалгалт явуулах, байсхийгээд л сонсгол хийж компаниудыг улстөржүүлэн мушгих, олон нийтэд муухайгаар харуулж, орон нутгийн иргэдийн эсрэг тавих зэрэг ажлуудыг л байнга хийлээ дээ. Олон улсад нэр нүүрээ барж, шинэ хөрөнгө оруулалт татах нь хэдийнэ худлаа болсон. Харин одоо байгаа эдийн засгаа улам муутгахгүйн төлөө Засгийн газар хичээх хэрэгтэй байна.

-Улсын эдийн засгийг авч явж байгаа уул уурхайн хэдэн гол компаниудын 34-51 хувийг төр авна гэсэн бодлогоос хойш Монголыг гадныхан Венесуэл гэж харж байна?

-Баялгийн санг бүрдүүлэхгүй гэж эсэргүүцсэн нэг ч компани байхгүй. Гэтэл өнгөрсөн хавраас хойш төр уул уурхайн салбараа өөрөө бужигнуулангаа улам унагачихүйн тулд салбарын хөгжлийн бодлогоо тодорхой болгож ажиллаж, баахан улстөржүүллээ. Албан хэлцэл хийх гэж буй бол хийсэн шиг хий. Нэг ч компанид албан ёсоор хэлэлцээр хийе гэдэг албан хүсэлт ирүүлээгүй. Тэгсэн хэрнээ нийгэмд болохоор ашиг орлогоо аваад зугтаж байгаа мэт маш буруу ташаа ойлголт төрүүлсэн. БЭТ гэсэн нэг хүн гарч ирж хашгирсаар энэ салбарын урт хугацааны уналт ухралтыг бүр нэрмэчихлээ. Одоо байгаа хэдэн аж ахуйн нэгжүүд нь цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш хүнд болчихлоо. Нүүрсний үнэ унаж, маш олон компани зардлаа дийлэхгүй үүд хаалгаа барьж байна. Эдийн засагт уналт нь шууд илрэн гарч ирж байна. Яг одоо эдийн засгийн ийм хүнд нөхцөлд Засгийн газар маш тодорхой хэдэн ажлыг урт хугацаааны алсыг харж хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, АМНАТ-ыг тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, “Стратегийн орд” гэдэг ойлголтыг бүр авч хаяж, болих хэрэгтэй. Үүнийг болихгүй бол олон улсаас, гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь тодорхой болсон. Давхар хайгуулынхаа хөрөнгө оруулалтыг хүртэл хааж байна.

Уул уурхайнхан баялгийн сан бүрдүүлэхийг бүгд дэмжиж байгаа. Гагцхүү зөв хуваарилахыг шаардана. Түүнээс биш ямар ч компаниас үзэмжээрээ 34-51 хувь гэх хуулийн хүрээний бус хандлага тулгаж болохгүй л дээ.

-Газрын ховор элементтэй холбоотой “Халзан Бүрэгтэй” төслийг гацаачихлаа…

-“Орана” группийн захирал руу яаж дайрцгаасныг санаж байна уу. Бид ороод ирсэн хөрөнгө оруулагчдаа хамгаалах нь битгий хөөж тууж байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж огт чадахгүй байна. Хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэвийн явуулах эрхзүйн нөхцлөөр хангахгүй байж яаж хөрөнгө оруулалт татах тухай ярих вэ. Уул уурхайн компаниуд бодит байдал дээр татвараа бүгдийг нь хуулийн хүрээнд яг төлж байгаа. Тодруулж хэлбэл, нийт орлогын 70-аас дээш хувийг төр татварт авдаг. Стратегийн 34 хувийг төр эзэмших дээр Оюу толгой төсөл дээр бид ямар алдаа гаргаснаа харах хэрэгтэй. Төр 34-51 хувийн хөрөнгө оруулалт хийх тухай асуудал яригдана. Эргээд тэндээс орж ирэх үр өгөөж нь маш урт хугацаандаа бага, АМНАТ-өөс хэд дахин бага болсон. Төр уул уурхайн компаниудын 34 хувийг авлаа гэж бодоход ашигтай ажиллуулж угаасаа чадахгүй. Төрийн өмчит хичнээн ч компани үр ашиггүй байгааг бүгд мэднэ. Харин үүний оронд Баялгийн сангийн бүрдүүлэлтээ зөв хийх, татварыг зөв тооцож авах, орж ирсэн хөрөнгийг бүтээн байгуулалтад зөв зориулах нь чухал. Ер нь уул уурхайн төсөл хөрөнгө оруулалтын 10-15 хувь нь арайхийн хөрөнгө оруулагчдад очдог хувь, үлдсэн 80-90 хувь нь худалдан авалт, ханган нийүүлэлт, татвар хураамжид зарцуулагддаг. Төр тэртэй тэргүй татвар хураамж хэлбэрээр 70 ба түүнээс дээш хувийг нь авчихдаг байж нэмээд 34 хувь ярих нь эдийн засгийн ойлголтоор нийцэхгүй.

Үе, үеийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа үйл ажиллагааг үгүйсгэдэг. Хөрөнгө оруулагчид бол Монгол Улс л гэж харна. Өмнөх засгийн үед гаргаж байсан шийдвэрийг одоо үйл ажиллагаа явуулж буй компаниуд руу хүчээр бурууг нь аваачиж нааж болохгүй. Засгийн газар өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх хэрэгтэй. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална гэдэг худлаа уриа лоозон тавих биш, хуулийн хүрээнд бодитой, шийдэлд хүрч хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна.

-Салбарын хувьд цаашилбал, Монголын эдийн засагт ч нөлөөлөхүйц хүнд нөхцөл үүсээд байна гэж та хэлэх гэж байна уу?

-Тийм ээ. Баялгийн санг бид эсэргүүцээгүй гэж дээр хэлсэн. Сан, татварыг бүрдүүлэх асуудлаа хуулийн дагуу шийдэж чадахгүй байсаар харин салбараа татаж унагамааргүй байна. Уул уурхайн салбарыг татаж унагаавал нийт улсынхаа эдийн засгаа татан унагааж байна гэсэн үг. УИХ-ын гишүүд, намууд бүгдээрээ улс орныг хөгжүүлнэ гэсэн амлалтдаа хүрч хариулцлагатай ажилламаар байна. Хууль байгаа цагт хуулиа дагах хэрэгтэй. Уул уурхайн салбар төсөв бүрдүүлж буй голлох салбар. Үнэндээ одоо Хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллаж буруутан болгодог байдал хэрээс хэтэрч байна. Шинэ Засгийн газар бодлого гаргахгүй бол эдийн засаг улам хүндэрнэ. Компаниудыг олоогүй орлогод нь татвар ногдуулахаа боль. Нүүрсний үнэ уналттай байгаа энэ үед олоогүй орлогод нь тавтар ногдуулаад байвал компаниуд дийлэхгүй маш олон компаниуд хумигдаж үйл ажиллагаагаа зогсооно.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
М.МӨНХЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [67.171.160.15] 2025-07-29 22:01:21

энэ гичии энииг далимдуулж ашиг олж ард түмний өмч луйвардах санаатай аан муу хүн чөлөөнд чоно борооноор гэж


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.