Цуврал-5-Үндсэн хуулийн өөрчлөлтүүд

Д.Тулга / Хууль

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Иргэд, олон нийт чухам ямар өөрчлөлт орж буйг сайн мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа учир medee.mn сайтын хамт олон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуучин зүйл заалттай хамт харьцуулан цуврал болгон хүргэж байна.

V. НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ

Нэг.Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох:

57.2.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно.

ХУУЧИН ЗААЛТ

57.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Хоёр.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох:

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ

59.2.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.

ХУУЧИН ЗААЛТ

59.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ

59.3.Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

ХУУЧИН ЗААЛТ

59.3.Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.

image

ШИНЭ ЗААЛТ

59.4.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана.

Гурав.Бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах журмыг тодорхойлох:

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ

60.2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.

ХУУЧИН ЗААЛТ

60.2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ

60.3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

ХУУЧИН ЗААЛТ

60.3.Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.

ШИНЭ ЗААЛТ

60.4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.


Сэтгэгдэл

zochin [64.119.22.112] 2019-07-02 12:39:46

ingej davhar davhar tuvshin burt songuuli bii bolgoj, bie daaj tatvar avdag bolgoj suuld n yu boloh ve? bga 76 n uchraa olohgui bhad odoo soum duureg deer songuulitatvar yaridag boloh u? negdsen bodlogo chiglel n haanaa yavah um be?

Зочин [59.153.85.138] 2019-07-02 09:23:54

сум дүүргийн засаг даргын иргэд сонгож аймаг нийслэлийн засаг дарга баталаад 1 жил ажилуулаад огцоруулчихвал дахин сонгууль болохгүй шууд аймаг нийслэлийн засаг дарга өөрийн хүнээ томилно гэсэн шг банйа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.