Ардчилалын түүхэн замналыг өгүүлсэн цуврал номын тэргүүн боть гарлаа

Б.Мөнхцацрал / Улстөр

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын санаачлагаар Монголд анх удаа "Олон улсын ардчиллын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд "Ардчиллын замнал-алдаа, оноо-сургамж-сорилт" таван боть номны нэгдүгээр боть номын нээлт өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрбээр "Ардчилсан нам нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний улстөрийн хүчин болон төлөвшсөн түүхэн үйл явцыг бүхэлд нь тэмдэглэн үлдээж, ардчилсан шинэ Монгол орныг цогцлоох амаргүй үйл явц, их өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд Ардчилсан намын оруулсан хувь нэмэр байр суурь, намын үүсэл хөгжил төлөвшлийн тухай түүхэн товчоог Ардчилсан Хувьсгалын түүхт 30 жилийн ойд бэлэг болгон олон түмэндээ өргөн толилуулж байна.

Ардчилсан Монгол орныг цогцлоох, төвхнүүлэхийн төлөөх тэмцэлийн эхлэл өрнөл, тухайн цаг үеийн онцлог, болж өнгөрсөн үйл явдлууд хэн, хэрхэн оролцов, оройлон манлайлагчид хэн байв, бэрхшээл саадыг хэрхэн туулав, ямар үр дүнд хүрэв зэрэг олон түүхэн үйл хэрэг, оруулсан хувь нэмрийг тэмдэглэн үлдээж түмэн олонд түгээх нь зүйтэй гэж журмын нөхөд минь үзсэн юм.

Он жилүүд холдон одоход түүхийн ховор нандин агшнууд хүний ой ухаанаас бүдгэрч балардаг жамтай. Харин түүх үнэнээрээ үлдэж, түүхэн үйл явдлын үнэ цэнэ бодитойгоор үнэлэгдэх ёстой. Өнөөдрийн эрх чөлөөт амьдралыг бид тэмцэж олсон. Энэхүү тэмцэл 1989 оны Цагаан морин жилийн тэсгим өвлийн хүйтнээр Хонхны дууг эгшиглүүлэн хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө жагссан залуусын дуу хоолойгоор эхэлж, ардчиллын үзэл санаа орон даяар түгэн дэлгэрсэн билээ.

Түүхэнд анхны гэсэн олон ололт, бас анхны гэх тодотголтой алдаанууд ч ардчилсан намын нэр дээр бичигдэж ардчиллын төлөөх амаргүй тэмцэл, бэрхшээл, сорилт үйл хэргийг ард түмэнтэйгээ намын жирийн гишүүд дэмжигчидтэйгээ хамт нуруун дээрээ үүрч ирсэн. Энэ амаргүй замыг бид ном болгон үлдээж байна. Энэ бол бодит түүх юм.

Номыг туурвин бүтээхэд хүчин зүтгэсэн зохиогчид, судалгааны баг, журмын нөхөддөө талархал илэрхийлье. Ардчилсан Хувьсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх нөр их ажлын хүрээнд Ардчилсан Нам, ард түмэн залуу хойч үедээ оюуны их бэлэг барих санаа өгсөн намынхаа хамт олонд баярлалаа. Ирээдүйдээ итгэлтэй байгаа, эрх чөлөөний үнэ цэнийг үнэлдэг залуус та нартаа түүхэн баримт үлдээж байгаадаа баяртай байна" гэлээ.

Номын зохиогчоор Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Тогоочийн ЛХАГВАА ажиллажээ. Ардчиллын бодит түүхийг номын хуудаснаа үлдээх ажлын хэсгийг Ардчилсан намын дэд дарга, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа ахлан ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл

9 [64.119.23.69] 2019-09-15 08:59:58

30 jil mongol ulcig conoocnoo l ene nomondoo bichcen baihdaa

Зочин [122.201.21.18] 2019-09-14 13:45:00

Улс орноо, ард түмнээ тонон дээрэмддэг АНус намаар одоо яах вэ?! Тэгээд бас дарга нь гэмт хэрэгтэн.... ээ лам гончиг сүм минь...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.