Брюссель хотноо гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулав

Д.Тулга / Гадаад мэдээ

Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны төв байранд Монгол Улс, Европын холбооны хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Уг арга хэмжээг монголын талаас Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Гуннар Виганд нар тус тус ахалж, Европын Комисс, Европын Зөвлөл, Европын Парламент, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нар, ДТГ-уудын тэргүүн, Монгол Улсын Иргэний нийгмийн төлөөлөл тус тус оролцов.

Элчин сайд О.Оч Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Европын Холбоо нь Монгол Улсын Гадаад бодлогын чухал ач холбогдолтой “гуравдагч хөрш”-ийн нэг болохыг тэмдэглэж, цаашид Европын Холбоо болон түүний гишүүн улсуудтай бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байсан. Европын Холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо байгуулагдсан, мөн Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн зэрэг нь үүний тод илрэл юм. Эдүгээ Европын Холбоо нь Монгол Улсын гадаад худалдааны гурав дахь том түнш, хоёр дахь гол хөрөнгө оруулагч болжээ. Монгол Улсад Европын Холбооны гишүүн улсуудаас 1990 оноос хойш нийт 3.2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 13 орчим хувийг эзэлж байна. Мөн Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээн дэх хөгжлийн санхүүжилтийн хэмжээ 163.6 сая еврод хүрсэн билээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини нар баярын захидал харилцан солилцсон. Уг үзэсгэлэнд монголын уран бүтээлчид үндэсний ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс, Европын Холбоо хоорондын түүхэн харилцаа, Монгол Улсын онгон дагшин байгаль, ан амьтан, ёс заншил, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа зэрэг сэдвийн дор нийт 35 гэрэл зургийг толилуулж, ойн баярын арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Уг гэрэл зургийн үзэсгэлэн нь энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Европын Холбооны Гадаад харилцааны албаны төв байранд нээлттэй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.