Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа

Н.Саранчимэг / Спорт

Монголын спортын өнөр гэр бүлийн их өргөөнд самбо бөх дээгүүр сэнтийд залардаг бөлгөө. 50-иад жилийн өмнө Монгол нутагт анх хөл тавьсан самбо /Самоборона без оружия/ буюу зэвсэггүй бие хамгаалах спортоор олон залуус хичээллэн, хагас зууны хугацаанд тив, дэлхийн аваргууд мэндэлж, эх орныхоо нэрийг мандуулсан. Өмнө нь хуучин ЗХУ болоод социалист системийн цөөн орны явцуу спорт гэгддэг байсан самбо өдгөө дэлхий дахинд далайцтай хөгжиж байна.

Олон улсын олимпын хорооны хүлээн зөвшөөрсөн спортын холбооны эрхэм ховор статусыг гардсан тул гурван жилийн “Орлогч гишүүн”-ий албаа амжилттай хааж, цаашдаа дараагийн олимпын наадмын албан хөтөлбөрт багтахын төлөө самбо бөх нэрээ дэвшүүлэн, ач тач өрсөлдөх алтан боломж бүрдлээ гэсэн үг. Тэгвэл Монголын спортын ахмад холбоодын нэг самбо бөхийн холбооны амжилт үсрэлтийн алтан түлхүүр өдгөө юунд оршном бэ?

Одоогоос 30 жилийн тэртээ ОХУ-ын Москва хотод зохиосон ДАШТ-д гавьяат тамирчин О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ нар түрүүлж, эмэгтэйчүүдээс Л.Бадамсүрэн хамгийн анхны дэлхийн аваргаар тодрон, Монгол Улс багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч байсан түүхтэй. Тэгвэл саяхан БНСУ-ын Чёнжү хотод өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээнд зодоглосон Монголын баг тамирчид 80 орны 600 гаруй самбочидтай уран мэхийг уралдуулан барилдсаар 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл медалиар энгэрээ мялаан, багийн дүнгээр “Баавгай Орос”-ын дараа хоёрдугаар байрт жагссан амжилт дахин үзүүлж, өргөн түмнээ баярлуулав.

image

Гуулин улсын дэвжээнд ОУХМ Д.Алтансүх-68 кг-ын жинд, ОУХМ, "Сод Монгол Групп" ХХК-ийн "Сод" бөхийн дэвжээний бөх Д.Пүрэвдорж +100 кг-ын жинд тус тус түрүүлж, дэлхийн аварга цол хүртэн өдгөө бөмбөрцгийн алтан медальтны тоо дөрвөн аравтыг давлаа. Холбооны анхны ерөнхийлөгч Л.Энэбишийн суурийг нь тавьсан амжилтын буухиа үргэлжилж, түүний төрсөн хүү Э.Мөнх-Очир аавынхаа ажил үйлсийг амжилттай залгамжлан, самбо бөхийн медалийн цуглуулгыг аривжуулсаар 2013 онд Таэквондогийн босс Д.Гэрэл энэхүү спортын хамт олныг тэргүүлэх болов. Улмаар 2017 онд самбо бөхөөр “Цээж дүүрэн амьсгалсан” дэлхийн аварга цолтой, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ хайртай спортынхоо төлөө хамаг бүхнээ зориулахаар зориг шулуудаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар тохоон томилогдон шинэ баг, шинэлэг менежмент өрнүүлж эхэлвэй. Ажилдаа ханцуй шамлан орсон удирдлагууд хамгийн түрүүнд Спортын төв ордонд өөрийн гэсэн “Эдлэн газар” самбо бөхийн танхимаа 15 жилийн дараа эргүүлэн өмчилж, сэргээн засварлан бэлтгэл байнга хийх таатай нөхцөл бүрдүүлэв. Мөн түм түжигнэж, бум бужигнасан халуун цэг болох Спортын төв ордонд холбооны төв штабаа нээж, самбо бөхийн гал тогоо хоногт “25 цаг” хөдөлмөрлөх бололцоотой болох нь тэр.

Москвад төвтэй Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ны удирдлагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “барьцаа лавшруулсаар” Улаанбаатар хотод олон улсын тэмцээнийг урин залах эрх удаа дараалан хүртэж, Монголын үзэгчид мэлмий мялаах нь олширлоо.

Өнгөрсөн жилийн турш олон хэлбэрээр ёслол төгөлдөр тэмдэглэсэн “Самбо 50” ойн хүрээнд азийн АШТ-ийг гурав дахь удаагаа эх орондоо зохиож, 2019 оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Мазаалай” холимог багуудын дэлхийн цомын анхдугаар тэмцээн нь шандас шөрмөс сорьсон, шагналын сан /70,000 ам доллар/-тайгаараа олон улсын түвшинд овоо шуугиулаад авсан. Саяхан БНСУ-д болсон олон улсын самбо бөхийн холбооны их хурлын үеэр тус байгууллагын тэргүүн В.Шестаков ““Мазаалай” дэлхийн цом нь үлгэр жишээ зохион байгуулсан тэмцээн” хэмээн онцлон тэмдэглэсэн бөгөөд анхдагч брэнд энэхүү тэмцээнийг ирэх жил Улаанбаатарт урин залах эрх олгосон нь нэр төрийн хэрэг.

Мөн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн ч манай хөрсөнд буух магадлал өндөр буй. Монголын самбо бөхийн холбоо, дэлхийн самбо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж, БНХАУ-д уг спортыг хөгжүүлэх эх суурийг тавилцан Нахиад улсын анхны дасгалжуулагчдын үндэсний семинарыг /FIAS/-тай хамтран удирдаж, ӨМӨЗО-ны Шилийн хотын багийг “Хөл дээр нь босоход” нь чин сэтгэлийн туслалцаа үзүүлэн, өндөр зэрэглэлийн дасгалжуулагчаа тэнд ажиллуулж буй. Цаашдаа олон улсын солилцоог улам өргөтгөхөөр төлөвлөж байна. Аливаа спортын хөгжих нэг үндэс нь санхүүгийн ивээн тэтгэгч түнш билээ. Холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл нь дэлхийд зартай, Беларусийн “Белаз” компанитай түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж, Монголын тамирчдыг Минск хотод хамтарсан бэлтгэлд урьж, тэмцээнд оролцох хувцас хэрэглэлээр хангах, зардлыг нь ивээн тэтгэсэн. Самбо бөхийн дэлхийн аварга Н.Багиров манай шигшээ багийг дасгалжуулж, үнэтэй зөвөлгөөгөө хуваалцах бололцоог “Белаз” л бидэнд олгосон.

Шилдгүүдийн шилдэгт олгодог МОҮХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” цомыг өндөрт өргөж, бүх дэлхийн тэмцээнд далбаагаа өндөрт мандуулж, хүчтэй баг, хүчирхэг хамт олныг цогцлоож бүрдүүлсэн Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ болон гүйцэтгэх зөвлөлийн “гавшгай отрядынхан”, олон жилийн түүх намтартай, онцлон дурсах гавьяа, алдартай самбо бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр шинэ оргил өөд тэмүүлнэм.

Ирэх жил олон сорил шалгуур биднийг хүлээвч “Асаалттай танк” шиг энэ холбоо алдаа оноогоо цэгнэж, амжилт ялалт өөд зүтгэх зориг эрмэлзэл төгс байна.

Монголын Самбо бөхийн холбооны хэвлэл мэдээллийн алба


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:59

OB [119.40.103.3] 2019-11-28 05:33:57

yag unen, sambo delkhiin sport bish olon ulsad khuleen zovshoorogdoodui, zarim ulsyn khiikh yum, khogshorson esvel busad torliin bokhiin shighseegees khasgdsan nokhod zarim neg ulsaas irdeg yum gesen, manaikhan bolokhoor khamag baidgaa shavkhaad judo, choleetiin shighsheegees niiluuleed yavuulad baidag,

зочин [66.181.166.196] 2019-11-21 02:29:56

Энэ самбо дэлхийн спорт биш ээ, оросуудын гаргаж ирсэн эд, дэлхийсээд байх юм байхгүй ээ, хуучин соц үед ЗХУ, монгол, болгар 3л барилддаг байсан одоо орос монгол 2л үлдэх шив дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.