Д.Дуламсүрэн: Огт шийдвэрлээгүй өргөдөл гомдлын цаана авлигын эрсдэл байж байдаг

Н.Алтанцэцэг / Хууль

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс иргэдийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн хяналт ямар байдаг талаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Иргэдээс ямар төрлийн гомдол их ирж байна. Ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Авлигатай тэмцэх газарт жилдээ 1500 өргөдөл гомдол ирдэг. Энэ жил 110 гэсэн тусгай дугаарын утас ажиллуулж эхэлсэн байгаа. Утас шинэчилсэнтэй холбогдож, иргэдийн хандах хандлага мэдээллийн урсгал илт нэмэгдсэн. Энэ оны эхний арван сарын байдлаар 1800 өргөдөл гомдлыг хүлээж авсан. Үүний 53 хувь нь гэмт хэргийн шинжтэй. Үлдсэн хувь нь сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдол эзэлж байна. Гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлын хувьд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийнхаа дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтад оруулж, шүүх шилжүүлэх гэх зэрэг процессын дагуу явдаг. Харин сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлыг захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд заасны журмын дагуу шийдвэрлээд явдаг. Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх ажлыг явуулдаг. Энэ арван сарын байдлаар авч үзэхийн бол албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон бусад давуу байдал олгосон. Мөн албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалд нь тавигдаж байгаа хориглолт хязгаарлалтыг зөрчиж байна. Хууль бус томилгоо, хууль бус үйлдэл гаргаж байна гэсэн өргөдөл гомдол зонхилж байна. Шийдвэрлэлтийн хувьд эхний арван сарын байдлаар авч үзэхэд хууль бус томилгоотой холбоотой өргөдөл гомдлыг түлхүү шийдвэрлэсэн байгаа.

-Иргэдийн гаргасан өргөдөл гомдлыг хэдий хугацаанд шийдвэрлэх ёстой вэ?

-Өргөдлийг хугацаанаас гадна бүхэл агуулгын хувьд шийдвэрлэж чадаж байна уу гэдэг асуудал байгаа юм. АТГ бүх яам, агентлагт ажиллахдаа тухайн байгууллагад ирсэн өргөдөл гомдлыг шалгаж явсан. Иргэдээс төрийн байгууллага болон албан тушаалтад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуульд заасны дагуу өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллээ иргэд тогтмол хүргэж байх ёстой. Гэтэл энэ мэдээллийг хангалтгүй биелүүлсэн байна гэж үзэж байгаа. Нөгөө талдаа төрийн байгууллага өөрийнхөө эрх асуудлын хүрээнд чиг үүрэг хамааралтай ажил үйлчилгээг явуулж байгаа бодлогоо тогтмол мэдээлж байх ёстой. Гэвч энэ асуудал хангалттай төвшинд зохих төвшинд хийгдэхгүй байна. Энэ асуудлаас болж иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэгдэхгүй байх сөрөг үр дагавар дагуулж байна. Тухайлбал, 1111 төвд ирсэн өргөдөл гомдлын 18 хувь нь огт шийдвэрлэгдээгүй гэсэн судалгаа байгаа. Огт шийдвэрлэгдэхгүй байгаа өргөдлийн цаана авлигын эрсдэл байж байдаг. Яагаад тэр өргөдлийг шийдвэрлээгүй байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй иргэдэд чирэгдэл учруулж, нааш цааш явуулж хүнд суртал үүсгэснээр авлигын эрсдэлийг үүсгэж байдаг.

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх бие даасан хуулийн зохицуулалт байдаг уу?

-Иргэдээс төрийн байгууллага болон албан тушаалтай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль 25 жилийн өмнө батлагдсан. Энэ хугацаанд цаг үе, нийгмээ дагаж төр, иргэний харилцаа ч мөн адил хувьсан өөрчлөгдөж байгаа тул хуулийн зохицуулалт өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдгийг анхаарч үзэх шаардлагатай. Тухайлбал, энэ хуульд төрийн байгууллагууд хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг тасралтгүй хийх ажил хангалтгүй байгаагаас хамааран иргэд тухайн нэг асуудлаар хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх тохиолдол гардаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг, мөн иргэдээс төрийн эрх бүхий дээд шатны байгууллагад хандсан асуудлыг доод шатны байгууллагад шилжүүлэх явдал хэвшмэл болсон нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулах хүчин зүйл болж байна. Мөн иргэдээс гаргаж байгаа өргөдөл гомдлыг шийдвэрлэлтийн асуудал дээр хуулийн хэрэгжилтийг хангалттай гэж хэл боломж байхгүй байна. Үүнийг хангалттай төвшинд хэрэгжүүлэхийн тулд эрхзүйн орчноо өөрчлөх хэрэгтэй. -Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаа нэлээд урт юм байна. Шийдвэрлэх хугацаа нь олон хоног байхад яагаад иргэдэд чирэгдэл учруулаад байдаг юм бол?

-Иргэдийн өргөдөл гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гээд тодорхой хугацаа заачихсан байгаа. Бүр шаардлагатай тохиолдол 30 хоногоор суулгадаг. Үүнээс илүү хугацаа хэтрэх ёсгүй. Заасан хугацаанд шийдвэрлэж чадахгүй байгаа бол эрхзүйн зөрчил гэж үздэг.

-Иргэдийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй гээд буцаасан тохиолдолд хаана хандах ёстой вэ?

-Иргэд мэдээлэл дутмаг, хаана хандахаа мэдэхгүй байгаа гэсэн ч нөгөө талдаа маш их мэдээлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг асуудлаар маш олон газарт ханддаг. Тухайлбал, хууль бус томилгоотой холбоотой асуудал байлаа гэхэд төрийн албаны зөвлөл, АТГ, яам агентлаг,Засгийн газар, Ерөнхийлөгч гээд бүх газарт нэг өргөдлөө өгдөг. Иймээс харьяа байгууллагад өргөдөл гомдлоо өгөх шаардлагатай. Иргэд харьяа байгуулалт хандаад шийдвэрлээгүй бол дараагийн шатанд хандаж болох газартаа хандах хэрэгтэй

-Төрийн албан хаагчийн томилгоотой гомдол нэлээд ирдэг гэж байна. Энэ өргөдөл гомдол ямар үед их ирдэг бэ?

-Засгийн газар шинээр байгуулагдах цаг үед хууль бус томилгоотой холбоотой өргөдөл гомдол ихэсдэг. Хууль бус томилгооны асуудал цаг үеийн шинжтэй гэсэн бусад үед тодорхой төвшинд байдаг. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт холбоотой өргөдөл гомдол нэлээд ирдэг.Төрийн албаны тухай хууль үйлчилж эхлээд явж байгаа учраас нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдгийг олон нийт хүлээж байгаа.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.116] 2019-11-20 23:51:24

"Номтыг ам"ХХК байрандаа 30 аад хүний давхар захиалга авч иргэдийг залилан хийчээд байхад. Хууль хяналтын байгууллага нь юу ч хийж чадахгүй байна. Ард нь бас л авилгал байдаг байх даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.