Улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ
Цагдаагийн ерөнхий газар татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын дунд олон жил бугшсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн томоохон хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Урьдчилсан мэдээллээр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг хуурамчаар бүртгэж, өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр 70 орчим тэрбум төгрөгийн зээл гаргуулан авсан, мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн болон хууль бусаар хорьсон зэрэг ноцтой үйлдэл илэрсэн байна.
Эдгээр хэргүүдтэй холбогдуулан 3 бүлгийн 50 орчим этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн З, М, У нарын хэд хэдэн этгээдийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.
Мөрдөн байцаалтын явцад 32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний НДШ-ийг хуурамчаар нөхөн шивж, арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас нийт 70 орчим тэрбум төгрөгийн зээл авсан үйлдэл тогтоогдоод байгаа аж.
Энэ төрлийн хэргийг цаашид системтэйгээр шалгах зорилгоор ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Мөн татварын байгууллагын зарим удирдах болон байцаагч албан тушаалтнууд бусадтай бүлэглэн Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) хуурамч падаан шивж, өөртөө болон бусдад давуу байдал олгон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэг илэрсэн байна.
Тодруулбал, Г, С нарын 7 этгээдээс бүрдсэн хоёр бүлэг өөрсдийн хамаарал бүхий, үйл ажиллагаа явуулдаггүй 16 компанийн нэр дээр 248.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1877 ширхэг НӨАТ-ын хуурамч падаан шивсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 24.6 тэрбум төгрөгийн татварын орлого буурч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Мөн шалгалтын хүрээнд татварын байгууллагын нэр бүхий удирдах ажилтнууд болон дүүргийн татварын улсын байцаагчид нь холбогдогч этгээдүүдийн компанид хийгдэж байсан татварын хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлж, зөрчлийн дүнг бууруулан давуу байдал олгосон нь тогтоогджээ.
Одоогоор дээрх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


























.jpeg)





































Сэтгэгдэл