Ирээдүйн банк

Aдмин / Эдийн засаг

Нэг алхмын өмнө

Банкны салбар дэлхий нийтэд асар хурдтай хөгжиж байна. Мэдээллийн технологийн ололт, амжилтыг хамгийн ихээр шингээж, тусгаж авч буйгаараа банк, санхүүгийн салбар толгой цохино. Сүүлийн жилүүдэд энэ нь улам тод мэдрэгдэж байгаа бол ойрын ирээдүйд бүр тодорхой болно. Товчхондоо банкны салбарт асар том өөрчлөлтүүд гарна. Банкууд үйл ажиллагаагаа улам цомхон бөгөөд ухаалаг болгоно. Тэр хэрээр мэдээллийн технологийн компаниуд санхүүгийн үйлчилгээнд хүч түрэн орж ирэх болно. Дэлхийд ч, Монголд ч энэ үйл явц эрчимтэй явагдана. Банкууд инновацийг хамгийн таатай хүлээн авч, маш хурдан хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгдөх болно гэдгийг энэ зах зээл дээрх тоглогчид бүгд хүлээн зөвшөөрч буй.

Банкны засаглал, удирдлага, маркетинг, менежмент, үйлчилгээний стандарт ямагт бусад салбараас түрүүлж, нэг алхмын өмнө явсан шиг эдүгээ цахим хувьсгалын эринд ч тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа юм. Тиймээс ч банкууд тун удахгүй IT компани л болж хувирна гэж ажиглагчид, шинжээчид онцолж байна.

Тухайлбал, банкууд үүлэн технологи (cloud technology) руу эрчимтэй шилжиж байгаа бөгөөд Нидерландын DNB банк зургаан жилийн өмнө Amazon Web Services-ыг бүх банкны үйлчилгээ, вэб сайт, мобайл аппликэшн, онлайн худалдаа, жижиглэнгийн сүлжээ, зээлийн эрсдэлийн тооцоололдоо ашиглах болжээ. Үүний дараа Нидерландын 8 тэрбумын хөрөнгөтэй Robeco, Испанийн зургаа дахь том банк Bankinter, Австралийн Suncor зэрэг банкууд үүлэн технологи руу шилжсэн байна. Ирээдүйд банкны бүх тооцоолол ийм “үүлэн” дээр явагдана. Тэгснээр банкны үйл ажиллагаа эрс өөр болно. Бүх гүйлгээ онлайн хэлбэрт шилжсэнээр банкны салбарууд хэрэггүй болно. Эдүгээ өргөн хэрэглэгдэж буй төлбөрийн картууд ч жагсаалаас гарна. Оронд нь гар утас, цаг, таб, тэр бүү хэл хувцас эд зүйлд суулгасан чип байхад л банкны бүх үйлчилгээ таны гарт атгаастай гэсэн үг.

Ирээдүйн банк ийм болно. Ирээдүй гэдгийг бид их холоор төсөөлж тооцоолдог байсан бол одоо тийм биш. Энэ ч бас технологийн дэвшилтэй холбоотой. Тэгэхээр банкны салбарын хувьд ирээдүй гэдэг бол маргааш. Эсвэл өнөөдөр ч байж мэднэ. Тэгвэл өнөөдрийн банк бол ирээдүйн банк юм. Нийгэм, эдийн засгийн түүчээ, зүтгүүр нь болж бусад салбаруудынхаа урд “цаг үеэсээ түрүүлчихсэн” яваа учир банкны салбарыг ингэж хэлж болох билээ.

Монголын нөхцөлд үүнийг Төрийн банкаар жишээлж үзье. Юуны өмнө тодруулахад тус банкны онцлог гэвэл мэдээж 100 хувь төрийн өмчит банк. Төрийн өмчит арилжааны банк байгуулан ажиллуулдаг олон улсын жишгээр тус банкийг 2009 онд байгуулсан түүхтэй. Төрийн банк ийн үүд хаалгаа нээхдээ хамгийн сайн үйлчилгээтэй, хамгийн сайн харилцаатай, хамгийн эрсдэлгүй бөгөөд үр ашигтай банк байх зорилго тавьж байсан аж. Банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлэхэд Төрийн банк шийдвэрлэх бөгөөд гол үүрэг гүйцэтгэсэн. Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэнэ гэдэг зорилго, үйл ажиллагааны чиглэлийг нь энд онцгойлж тодруулъя.

Шинэ бас анхдагч

Нэвтрүүлсэн үйлчилгээнүүд нь бүгд Монголдоо анхдагч болж байсан нь Төрийн банкны нэг онцлог гэж болохоор ажээ.

Тухайлбал, Төрийн банк 2010 онд интернэт болон утсаар данс нээх үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн анхдагч банк болж байжээ. 2013 онд тус банк интернэт банк, смарт банк, ТВ банк, мобайл банк (гялс), мессеж банк, мессеж мэдээ, автомат биллинг, И-биллинг, АТМ-биллинг, И-коммерс, цахим төгрөг, онлайн зээл, онлайн данс нээх зэрэг цахим банкны төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, банкны үйлчилгээг нэг дороос шуурхай авах боломжийг бүрдүүлсэн аж. Энэ бол өмнө өгүүлсэн үүлэн тооцооллын тогтолцоо руу дорвитой шийдмэг алхам хийсэн хэрэг байв. Төрийн банкны зургаан жилийн өмнөх ажлын товч тайланг шүүрдэхэд,

  • И-биллингийн төлбөрийн үйл ажиллагааг дэмжиж, цахим төгрөг, АТМ биллинг, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтарсан нийгмийн даатгалын үйлчилгээний ко-брэнд карт, Монголын оюутны холбоотой
  • хамтарсан оюутны смарт карт зэрэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж шинээр 35 интернэт картаар үйлчлэгч байгууллагыг элсүүлснээс гадна CUP, JCB, зэрэг олон улсын картыг төлбөрт хүлээн авч байна.
  • Карт эзэмшигчийн тоогоор дэлхийд нэгдүгээрт, картаар хийгдэх гүйлгээний тоогоор дэлхийд хоёрт ордог, дэлхийн хэмжээний брэнд төлбөрийн картын байгууллага болох Юнионпэй интернэшнэл (UPI) байгууллагын үндсэн гишүүнээр элссэн.
  • АТМ-аас картгүйгээр бэлэн мөнгө авах боломжтой “цахим төгрөг” үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүллээ.
  • Төрийн банк, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран нийгмийн даатгалын үйлчилгээний Кобрэнд картыг банк санхүүгийн зах зээлд шинээр анх удаа нэвтрүүллээ.
  • Юнивишн компанитай хамтран ТВ банк үйлчилгээг банк санхүүгийн зах зээлд анх удаа цогц хэлбэрээр нэвтрүүллээ.
  • Харилцагчийнхаа цаг завыг хэмнэсэн Телефон банкны шинэ үйлчилгээг санал болгож байна.
  • Монгол Улсын хамгийн өргөн сүлжээтэй, цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Төрийн банк, Монголын оюутны холбоотой хамтран оюутны смарт картыг нийт оюутнуудад зориулан зах зээлд шинээр нэвтрүүллээ.
  • Банкуудаас анх удаа Төрийн банк харилцагч нартаа Интернэт банк, Смарт банк, Мобайл банк, Мессеж банк, ТВ банк үйлчилгээг ашиглан утасны дугаараар мөнгө шилжүүлэх, мөнгө хүлээн авах боломжтой “Гялс”
  • үйлчилгээг санал болгосон гэсэн мэдээллүүд байна.

Ирээдүйн банк

Анх удаа, шинээр гэсэн үгс дээрх айлан танилцуулгад байнга шахуу дурдагдаж байгааг анзаарсан биз ээ. Энэ бол Төрийн банкны зөвхөн мэдээллийн технологид суурилсан шинэ бөгөөд анхдагч үйлчилгээнүүдийн зах зух нь. Ганцхан жилийнх нь, тэр тусмаа зургаан жилийн өмнөх ажлын тайлан гэдгийг онцлох ёстой. 2014 онд олон улсын картын нууцлалыг хангасан EMV Visa, UnionPay олон улсын картуудыг зах зээлд анх удаа нэвтрүүлсэн, АТМ-аас картгүйгээр бэлэн мөнгө авах боломжтой “Цахим төгрөг” үйлчилгээг зах зээлд анх удаа нэвтрүүлсэн, дэлхийн 16 орны 84 сая харилцагч ашигладаг JCB картыг Монголын зах зээлд анхлан гаргах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн НДЕГ-тай хамтран “Гялс” банкны вэб сувгаар сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлээ онлайнаар төлөх програмчлалыг нэвтрүүлсэн гээд дээрх цахим шинэчлэл, анхдагч үйлчилгээний жагсаалт хөвөрнө. UnionPay олон улсын картын талаар онцлоход дэлхийн 50 гаруй улс гүйлгээнд гаргаж, 178 улсад төлбөр хүлээн авдаг, карт эзэмшигчийн тоогоор дэлхийд тэргүүлдэг олон улсын брэнд. Ийм брэндийг анх удаа монгол хүний гарт атгуулахдаа нууцлал, аюулгүй байдлын олон улсын EMV стандартад нийцүүлэн Энгийн, Алтан, Платинум гэсэн гурван төрөл, сонголттойгоор зах зээлд нэвтрүүлж байсан юм. Тухайлбал, давын өмнө UnionPay картаар БНХАУ-ын Өвөр монголын банкны салбараас бэлэн мөнгө авах боломжтой болсон нь өмнөд хөршийн компани, аж ахуйн нэгжүүдтэй худалдаа, наймаа хийж хамтран ажилладаг бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд шинэ боломж нээсэн юм. Тэрчлэн Япон улсад өргөнөөр хэрэглэгддэг JCB картыг Монголд анх удаа гаргаснаар Монгол, Япон хоёр улсын хооронд зорчиж буй бизнес эрхлэгчид, аялагчид мөн Япон улсад сурч, ажиллаж амьдарч буй оюутан залуус, иргэд санхүүгийн хэрэгцээгээ хялбар хангах боломжийг бүрдүүлсэн.

Гуравдагч хөрш гэгддэг Японыг банк, санхүүгийн гүүрээр, мэдээллийн технологийн дэвшлээр ийн ойртуулсан нь Төрийн банкны цахим шинэчлэлийн нэг үр дүн.

Төрийн банк нь Дата төв, Төрийн сан байгууллагуудтай, мөн Дата төв, УБЦТС байгууллагуудтай тус тус гурвалсан гэрээ байгуулснаар Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг ашиглан бэлэн бус төлбөр тооцоог дэмжсэн, харилцагчдад хялбар, шуурхай төлбөр тооцоо хийх шинэ боломжийг олгосон байдаг. Улсын хэмжээнд ТҮЦ машинаар үзүүлж буй төлбөрт үйлчилгээнд карт ашиглах боломжийг Төрийн банкнаас анхлан хэрэгжүүлж, картын төлбөр тооцоог дангаар гүйцэтгэж байна. Энэ бол Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр болон 100 гаруй төрлийн нийгмийн халамжийн мөнгө олгох ажлын 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэдгийн хувьд Төрийн банкны зайлшгүй хийх нэг ажил байсан гэж болно.

Сүүлийн гурван жилд Төрийн банкны IT улам боловсронгуй, нарийн болж байгааг хоёрхон жишээгээр л хэлэхэд хангалттай.

Нэгт, Грэйп банк системийн дараагийн хувилбар болох илүү баталгаажсан аюулгүй орчинд ажиллах NES системийг шат дараатайгаар нэвтрүүлж байгаагаас NES суурь системийн аж ахуйн нэгжийн бүртгэл, үнэт цаас мөнгөний зах зээлийн модулиудыг туршин нэвтрүүлээд байгаа аж.

Хоёрт, хамгийн хялбар, хамгийн шуурхай цахим банкны цогц үйлчилгээ болох “Гялсбанк” үйлчилгээгээ хөгжүүлж, “Гялсбанк”-ны аппликейшныг шинэчлэн хурууны хээ болон царай таних технологи буюу face id-гаар нэвтрэх, 5 сая төгрөг хүртэл дүнтэй гүйлгээг хийх, QPay цэс, QR код унших зэрэг функцийг нэмж, 51 салбартаа өөртөө үйлчлэх цахим үйлчилгээний буланг нэвтрүүлээд хоёр жил болжээ.

Манлайлал, хариуцлага

Дээрх бүхэн бол нэг талаар Төрийн банкны IT технологид суурилсан банк болох чиглэлд хийж байгаа алхмууд. Нөгөө талаар харилцагчид, үйлчлүүлэгчдэдээ үзүүлж буй дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээнүүд. Бүр өргөн утгаар нь хэлбэл банк санхүүгийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр манлайлал нь. Нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаа хэлбэр ч гэж болно.

Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 290 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа, 100 хувь төрийн өмчит арилжааны банкны хувьд ийм манлайлал нь улс орны нийгэм, эдийн засаг, банк санхүү, худалдаа, бизнес гээд бүхий л салбарын хөгжилд хөтөч, чиглүүлэгч болдог ажээ. Төр өөрийн мэдлийн арилжааны банкаараа дамжуулан иргэдийн цалин тэтгэмж, халамжийн мөнгийг ямар ч шимтгэлгүйгээр олгохоос эхлээд эдийн засгаа дэмжих, тэлэх, хөгжлийн бүх бодлогуудыг мөнгөжүүлэхэд Төрийн банкны давуу талууд олон. Төрийн банк дөнгөж байгуулагдаад л Монголбанкаар дамжуулан банк хоорондын төлбөр тооцооны шуурхай байдлыг хангах үүднээс бага дүнтэй гүйлгээний ISO 8583 стандартыг нэвтрүүлсэн анхны банк болж байсан нь анхдагч бас шинэ гэсэн тодотголуудынх нь анхных. Бас банкуудын үйлчилгээнд хурдан шуурхай, уян хатан байдлыг бий болгох чиглэлд хийсэн зоригтой шийдэл байв. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран нийгмийн даатгалын үйлчилгээний Кобрэнд картыг банк санхүүгийн зах зээлд шинээр анх удаа нэвтрүүлсэн нь нийгмийн даатгал, цалин, тэтгэмж, тэтгэвэр зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэхэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн гаргасан хэрэг байлаа.

Мөн Төрийн банк Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөрийг дэмжин ажиллаж, зээлийн хүүг бууруулан, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож байв. Гадаадын 11 улсын 20 банктай хамтран гадаад төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа нь харилцагчдаа энэ хэмжээгээр дэлхийн банк, санхүүгийн зах зээлтэй шууд харилцан үйлчилгээ авах боломжийг олгож буй хэрэг юм. Мөн банкинд гадаад эх үүсвэр татан төвлөрүүлж, харилцагчдад бага хүүтэй зээл олгох зорилгоор Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийн валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлж чадсан нь том амжилт байсан билээ. Улаанбаатар хот дахь 10 салбар, нэгжээрээ дамжуулан “БНСУ-ын Визний хадгаламж”-ийг нээн үйлчилж байгаа нь л гэхэд тус улсад ажиллах, сурах, аялах гээд олон зорилгоор зорчих иргэдийн хувьд жинхэнэ нүдээ олсон үйлчилгээ болсон.

Ийн Төрийн банкны үйл ажиллагааны манлайлал, нийгмийн хариуцлага, үр өгөөж олныг дурдаж болно. Банкны өөрийнх нь хөрөнгийг аваад үзэхэд л банк, санхүүгийн салбар дахь ТОП банк гэдгийнх нь нотолгоо бэлэн харагдана. Төрийн банк анх байгуулагдсан 2009 ондоо 27.4 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 137.9 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр ажиллаж байсан бол өдгөө 10 дахь жилийнхээ ойн босгон дээр
буюу 2019 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 3 их наяд 93 тэрбум төгрөгийн актив хөрөнгө, 14.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар ажиллаж байгаа ажээ.

Монголбанкнаас нийт харилцагчдын эрх ашгийг хамгаалахаар арилжааны банкуудад тогтоодог шалгуур үзүүлэлтүүд болох Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 25 хувиас дээш байх ёстойгоос Төрийн банк 41.23 хувь, өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 12 хувиас их байх ёстойгоос 15.94 хувь байгаа нь харилцагчиддаа банкны үйлчилгээг эрсдэлгүй хүргэж байгааг илтгэж байна.

Сэтгүүл зүйн хамгийн чухал бөгөөд онцгой төрөл жанр болох мэдээ news гэдэг үгийн үндэс нь герег, латин, герман, англи гээд аль ч хэлэнд шинэ гэсэн утгатай. Шинэ байж чадахгүй бол мэдээ биш. Яг түүн шиг банк гэдэг үг эдүгээ цагт шинэ гэдэг утгаар хүн бүрийн ой санамжид буух болжээ. Үүнийг нотлох гэж холоос жишээ, баримт хайх хэрэггүй. Монголын арилжааны банкуудын түүчээ болж буй Төрийн банкны төрөл бүрийн үйлчилгээ, төгөлдөршиж буй үйл ажиллагаанаас үүнийг харах боломжтой. Банкны засаглал, удирдлага, маркетинг, менежмент, үйл ажиллагаа хийгээд үйлчилгээний стандарт ямагт бусад салбараас түрүүлж, нэг алхмын өмнө явдаг гэдгийг өмнө дурдсан. Үүний нотолгоо болгож Төрийн банкны жишээг дээр өгүүлсэн тул энэ өгүүлбэртэй уншигч та одоо санал нэгдэх байх.

Банкинд ороод очихоор ирээдүйд хөл тавьсан мэт болно. Үйлчилгээний стандарт, соёл гэдгийг тэндээс л мэдэрдэг. Энэ бол нэг талаар нийгэмдээ түгээж буй бодит бус хөрөнгө оруулалт. Зах зээлд хөлөө олсон, олоогүй олон компани, аж ахуйн нэгжүүд банкуудын жишгээр шинэ дэвшилтэт стандартыг үйл ажиллагаа, үйлчилгээндээ нэвтрүүлэх аваас хөгжил дэвшил ойрхон. Ийм хөрөнгө оруулалт Монголд мөнгө, валютаас
дутахгүй чухал.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.114] 2019-11-23 12:24:08

Ядаж гэрээний хугацаа дуусч байгааг харицагчиддээ мэдээлэл өгч чадахгүй банк

Zochin [202.179.26.190] 2019-11-22 11:05:20

Hamgiin zolbin bank. Haa baigaa salbar ni ineedmiin yumnuud

capital bank... [103.212.117.159] 2019-11-22 09:52:37

turiin hamag mungiig turiin bankandaa hadgaluulahgui yahaaraa haa hamaagui sensersen kapital bankind avaachaad hiichihdeg bnaa?...

Зочин [59.153.87.48] 2019-11-21 16:03:26

зоос банкыг дампууруулж хадгаламж банк болгож хадгаламж банкаа дампууруулж төрийн банк нэр өгсөн, бүгд УИХ-ын сонгуулиар шийдэгдсэн байдаг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.